Хулгайлагдсан хүүхэд нас

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр эрхлэн наадаж, сурч боловсрох насандаа хүчээр богтлогдож, хүсээгүй амьдралд хөл тавьсан 650 сая гаруй охин бий. Насанд хүрээгүй охидын гэрлэлтээр Өмнөд Азийн бүс нутаг оройлдогийг тэндэхийн 20- 24 насны эмэгтэйчүүдийн 45 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэдэг мэдээллээс харж болно. Цаашлаад Өмнөд Азийн таван охин тутмын нэг нь буюу 17 хувь нь 15 нас хүрэхээсээ ч өмнө албан шаардлагаар гэрлэжээ.

Эрт гэрлэлтийн урьтал шалтгаан болсон шашин шүтлэгийн хүлээсийг тайлж, бүс нутгийн хэмжээнд ядуурлын түвшинг бууруулж чадаагүй цагт 2030 он гэхэд хүүхэд насаа хулгайлуулсан охидын тоо даруй тэрбум давах төлөвтэй. Бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд эхнэр, ээж болох бүрэн бэлтгэлгүй насандаа бэр болсон охид наад зах нь сурч боловсрох эрхээ зөрчүүлж, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөн төрөх үеийн хүндрэлээр нас барах магадлал туйлын өндөр. Хүүхдийн гэрлэлтийг өөхшүүлэн дэмжих нь улс орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж үе дамжсан ядуурлын мөчлөгт хүргэдэг.

Нэг ойтой сүйт бүсгүй

Энэтхэг улсад “Хүүхдийн гэрлэлтийг хязгаарлах хууль”-ийг 1929 онд баталж, охидыг хүүхэд насанд нь гэрлүүлэх гэм нүглийг ор үндэсгүй устгах алхам тавигджээ. Хууль батлагдсанаас хойш зуу шахам жил өнгөрч буй ч насанд хүрээгүй энэтхэг охидын 1/3 нь сүйт бүсгүйн хувцас өмссөн хэвээр л байна. “Хүүхдийн гэрлэлтийг хязгаарлах хууль” нь эрт гэрлэлтийг арилгаж чадаагүйгээр барахгүй хэдийнэ хэн нэгний эхнэр/нөхөр болсон насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хууль эрхзүйн орчинд бүрдүүлж чадаагүй тул уг хуулийг хүчингүй болгож, “Хүүхдийн гэрлэлтийг хориглох хууль”-ийг 2007 онд шинэчлэн батлав. Уг хуульд хүүхдийн гэрлэлтийг хүчингүй болгох заалт багтжээ. Гэвч энэ нь залуу эмэгтэйчүүдэд хэрхэн хүрч, үр дүнгээ өгснийг олж мэдэхэд маш хэцүү. Хууль батлагдсанаас хойш ердөө 43 хүүхэд гэрлэлтээ хүчингүй болгуулсан албан мэдээ байна. Тэднийг хүүхдийн эрхийг хамгаалагч Крити Бхарти гэдэг бүсгүй хүсээгүй амьдралын хүлээсээс ангижруулсан юм. Бхарти нь Энэтхэг дэх хүүхдийн гэрлэлтийг хүчингүй болгох талаар дорвитой алхам хийж, тэдэнд тусалж байгаа цорын ганц хүн. Тэр 2012 оны гуравдугаар сард 18 настай Лаксми Саргара бүсгүйн түүхийг сонссоноос хойш “Саарти Итгэл” нэртэй төрийн бус байгууллагаа байгуулж “Хүүхдийн гэрлэлтийг хориглох хууль”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Лаксми Саргара охины амьдардаг Ражастан муж уран барилгын түүх дурсгалаараа дэлхийд алдартай ч хүүхэд байхдаа гэрлэсэн 15 сая эмэгтэй тэнд амьдардаг. Саргараг нэг ойтой байхад нь өөр тосгонд амьдардаг гурван настай хүүтэй гэрлүүлжээ. Олон жилийн дараа хадмууд нь ирж, балчир ахуйд нь тавьсан сүйгээ задлахад насанд хүрээгүй Саргара тэдэнтэй хамт амьдрахаар төрсөн гэрээ орхих ёстой болов. Айж балмагдсан охин золоор Жодпур хотод амьдардаг ууган ах дээрээ зугтаж очсоноор өмгөөлөгч Бхартитай уулзаж гэрлэлтээ хүчингүй болгож чаджээ. Гэтэл Ражастан мужид балчир хүүхдийг ухаан суугаагүй байхад нь гэрлүүлэх явдал ховор үзэгдэл биш. Тэнд нэг ойтой бэр буулгах нь эртнээс тогтсон уламжлал ажээ.

Уламжлалыг сөрсөн нь

Саргарад тусалснаас хойш гурван жилийн дараа Бхарти өөр нэгэн охинтой уулзсан нь 11 сартайдаа айлын бэрд тооцогдох болсон Санта Дэви байсан юм. Жодпур хотоос холгүй Рохича Каллан тосгоныхон 11 сартай охиныг нагац ах нь насан өөд болсны дараа 10 настай хүүтэй гэрлүүлчихсэн байжээ. Харин Дэви 15 нас хүрсэн хойноо л хэдийнэ 25 настай эрийн хууль ёсны эхнэр болохоо олж мэдсэн хэрэг. Гэнэт үл таних эрэгтэй түүнийг сургуульд явах замд отож, гадуур гарах тоолонд нь хаа сайгүй дагахыг анзаараад эцэгтээ хэлэх үед өөрийн хувь тавилангийн тухай сонсжээ. Уламжлалаас салах арга замыг хайсан охин найзынхаа тусламжтайгаар тосгоноосоо зугтаж Бхартитай уулзан хүсээгүй гэрлэлтээ хүчингүй болгуулахаар эцгийгээ ч ятгаж чаджээ. Гэвч энэ тухай сонссон тосгоны кастын зөвлөл Дэвийн эцгийг гэр бүл салгасан хэрэгт буруутган 16 лах рупи буюу 21 521 ам.доллараар торгожээ. Өндөр торгуульд унаж, тосгоноосоо хөөгдөх дээрээ тулсан эцэг аргагүйн эрхэнд охиноо дэмжихээс татгалзан, гэрлэлт хүчингүй болгох өргөдөл дээр “миний охин биш” гэж бичсэн байна. Хэрэг явдал үүгээр төгссөнгүй. Эрчүүдээр удирдуулдаг кастын зөвлөл охины амь насанд илтэд заналхийлэх болсон тул төрсөн гэрээ эгнэгт орхин мөр буруулах ёстой болжээ. Хэрвээ Бхарти өмгөөлөгч авраагүй бол хэдийнэ бусдын гарт амиа алдах байсан тухайгаа Дэви өдгөө ярьж сууна. Харин Бхарти хүүхдийн гэрлэлтийг хүчингүй болгох хуулийн орчин бүрэн хангагдаагүйгээс кастын зөвлөл гэр бүл цуцлах, гэр бүлийг хүчингүй болгох гэсэн хоёр ойлголтын ялгааг мэддэггүй тухай өгүүлсэн юм.

Үл цуцах зориг

Энэтхэгт уг нь хүүхдийн гэрлэлт буурч буйг судалгаа харуулна. 1970 онд охидын 74 хувь нь 18 насны төрсөн өдрөөсөө өмнө, 42 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг байжээ. 2015 онд эдгээр тоон үзүүлэлт 27 болон 7 хувь болж буурсан. Энэ нь боловсролын хүртээмж нэмэгдэн, хүүхдийн гэрлэлтийг хууль бус болохыг олон нийтэд таниулан мэдээлсний үр дүн. Тоон үзүүлэлт буурсан ч олон сая охид насанд хүрэхээсээ өмнө айлын бэр болдог бурангуй ёс амь бөхтэй оршиж буйг мартаж болохгүй. Өнөөдөр Бхартиг түшин, хамт ажилладаг охидод өөрсдийн амьдралаа босгоход нь чиглүүлэх хүчин зүйл хэрэгтэй. Залуу охидыг өөрөө ч мэдээгүй гэрлэлтээ хүчингүй болгосны дараа өөрийнхөөрөө амьдрахад нь тусалдаг ч энэ нь бас эрсдэл дагуулна. Гэр бүл ойр дотныхноосоо хараат бус амьдрахад амьжиргааны зардлаас эхлээд олон бэрхшээл тохиолдоно. Өлмөн зүлмүүн өдөр хоногуудын зэрэгцээ алхам тутамдаа өш хонзон заналхийлэлтэй нүүр тулгарах нь охидод дааж давшгүй ачаа болдог. Тиймээс зарим нь өөрийнхөөрөө амьдрахаасаа өмнө дахин гэрлэх замыг сонгодог ажээ.

“Боловсролдоо үргэлжлүүлэн анхаарна гэж амласан тохиолдолд би охидод тусална гэдгээ хэлдэг. Тэдгээр охидыг өөрсдийнхөө төлөө дуугарч чаддаг газар аваачих гэж, тэдэнд хүсээгүй гэрлэлт тулгавал эсэргүүцэж чаддаг байгаасай гэж хүсдэг. Хүсээгүй гэрлэлтийн золиос болсон охидод бидний тусламж хамгийн их хэрэгтэй. Юу ч мөнх биш. Хэрэв би 10 охинд тусалж чадвал эрсдэлд орохдоо баяртай байх болно” хэмээн Бхарти өгүүлсэн юм. Олон зуун дамжсан уламжлалын эсрэг хуулийн “багахан” заалтыг ашиглан охидод туслахаар тэмцэх нь амь насанд эрсдэлтэй гэдгийг мэддэг ч Бхарти бүсгүй энэ ажлаа орхихыг төвдөхгүй, Энэтхэгийн нийгэм дэх буруу үзэл хандлагын хүлээс нэгэн цагт тайлагдана гэдэгт итгэдэг юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)