Валют “даллахуй”

Валют олж болох салбаруудаа дэмжье

Эрх баригчид ард иргэдээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалав. Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, төсвийн алдагдлыг багасгаж тодотгохоор ажиллаж байна. Төрийн байгууллагууд том оврын автомашин ашиглахгүй болж, дуудлага худалдаагаар зарах шийдвэрүүдийг хэлэлцэж буй. Өөрөөр хэлбэл, яг одоо тулсан асуудал болох хэмнэлтийн талаар түлхүү ярьж байна. Тэгвэл яваандаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, валют олдог салбаруудыг өсгөх боломжтой юу. Энэ асуултад хамтдаа хариулт хайцгаая.

Баялгаа гаргахаас өөр аргаар валют олох боломж бий юу?

Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг гадагш гаргахаас өөр аргаар валют олох бүрэн боломжтой. Учир нь байгалийн өвөрмөц шийдэл бүхий тогтоц газар, эрс тэс цаг уурын нөхцөл байдал, хэдэн зууны үеэс өв дамжиж уламжлагдан ирсэн аж ахуй зэрэг бусад орноос ялгарах зүйлсээрээ валют олж болно. Өөрөөр хэлбэл, ноолуур, аялал жуучлал, мал аж ахуй, түүнээс гарах арьс шир, газар тариалангийн салбараас мөнгө олох боломжтой. Эдгээр салбаруудад төрийн бодлогын томоохон дэмжлэг, туслалцаа л дутагдаад байгаа юм.

Хэзээ ч зогсошгүй ноолуурын бизнес

Дэлхийн хэмжээнд жилд 20 гаруйхан мянган тонн бэлтгэгддэг ноолуурын зах зээлд 3.2 тэрбум ам.доллар эргэлдэж байна. Энэ мөнгөний 1.6 тэрбум ам.долларыг нь БНХАУ, 740 саяыг нь Итали улс авдаг. Манай улс дэлхийн бүх ноолуурын бараг 50 хувь буюу жилд 9500 орчим тонн ноолуур бэлтгэдэг ч 80 хувийг нь түүхийгээр гаргадгаасаа болж ердөө 330 саятай хоцорч байна. Давуу талаа ашиглаж, жилд бэлтгэдэг 9 500 тонн ноолуураа бүгдийг нь боловсруулж чадвал хамгийн багадаа жилд тэрбум ам.долларын ашиг олох боломж бий. Манай улсад ноос, ноолуурыг дахин боловсруулдаг том, жижиг нийлсэн нийт 300-аад үйлдвэр байдаг. Гэтэл эдгээрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иж бүрэн технологийн дамжлагатай нь 10, 20-иос хэтрэхгүй. Бэлтгэж буй нийт ноос, ноолуурынхаа 80 хувийг түүхийгээр нь гаргаж байгаагийн нэг шалтгаан энэ. Гэхдээ боловсруулж буй ноос, ноолуурын хэмжээг нэмэгдүүлэхэд ахиад нэг асуудал бий. Энэ нь ноос, ноолуурын зохиомол үнэ аж. Өөрөөр хэлбэл, бидний сонгож авсан чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн зарчим ноолуурын салбарын хөгжлийг “дөнгөлж” иржээ. Хятадууд ноолуурын зах зээлд зохиомол буюу өндөр үнэ тогтоосноор үйлдвэрүүд төлөвлөсөн хэмжээгээрээ ноолуур нөөцөлж чаддаггүй, улмаар түүхий эдийн хомсдолд ордог аж.

Ачаа үүрэлцэх аялал жуучлалын салбар

Аялал жуучлалын салбар бол эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй бүх үйлчилгээний байгууллагуудад үр өгөөж өгдөг өндөр ач холбогдолтой салбар мөн. Аялал жуучлалын салбар дэлхийн ДНБ-ий 10.3 хувийг бүрдүүлж 330 сая хүнийг ажлын байраар хангадаг юм. Харин Монгол Улсын хувьд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын дараа орох томоохон салбар бөгөөд ДНБ-ий 14.4 хувийг бүрдүүлдэг аж. Гэтэл цар тахлын нөлөөгөөр тус салбар уналтад орж 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байрын 95 хувь нь орлогогүй болсон гэдэг тоог Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Энэ бол аялал жуучлалын салбар үлэмж хохирол амссаны нотолгоо. Ийнхүү аялал жуучлалын салбар уналтад орсон ч дэлхий нийтэд цар тахал намжиж буй энэ үед эргэн хэвийн үйл ажиллагаандаа орох хэрэгтэй байна. Ийм ч утгаар аялал жуучлалын салбарын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамтран “Аялал жуучлалын салбарын тухай хуулийг өөрчлөх, хямралын дараах сэргэлтийг хэрхэн хийх” нэртэй хэлэлцүүлэг гурвантай хийжээ. Тус зөвлөгөөнөөс аялал жуучлалын салбарын төлөөлөл хамтран салбарын үйл ажиллагаа жигдрэхэд шаардлагатай таван саналыг боловсруулсан байна.

Нэг Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах. Өөрөөр хэлбэл, иргэний агаарын тээвэр дээр хувийн хэвшлийг Засгийн газар дэмжих хэрэгтэй. Ингэснээр Монголд ирж буй жуулчдын орох, гарах урсгал илүү чөлөөтэй, ямар нэгэн саад бэрхшээлгүй болно.

Хоёр Зарим орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх. Мөнавтомашинтай хилээр нэвтрэн орохыг зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь олон мянган аялагчдыг татах болно.

Гурав Аялал жуучлалын салбарт бизнес эрхлэгчийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх. Ингэснээр аялал жуучлалын салбарууд өөрсдийгөө чадавхжуулж, орчин нөхцөл, жуулчдад үзүүлэх үйлчилгээгээ сайжруулна. Мөн гадаад орноос жуулчин хүлээн авах үйл ажиллагаа буюу “Inbound”-д хөнгөлөлттэй зээл шаардлагатай байна. Энэхүү хоёр хөтөлбөрт нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хэрэгтэй.

Дөрөв Аялал жуучлалын салбарт бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэл болон газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компаниуд жуулчин хүлээж аваагүй учир орлоггүй, өр төлбөрийн асуудал хамгийн түрүүнд тулгарлаа. Үүнээс болж зарим компани, төлөөлөгч нарын дансыг нь ч хаасан байна.

Тавд 2023 оныг “Монголд зочлох” аялал жуучлалын жил болгон зарлан сурталчлах. Монгол Улс уул уурхайтай дүйцэхүйц хэмжээний ашиг, орлого ДНБ-д эзлэх хувийг аялал жуучлалын салбарт ихэсгэхийн тулд Монголын төр бодлого явуулж, төр, хувийн хэвшил иргэн бүр хичээн ажиллах шаардлагатай.

Зангидсан бодлого үгүйлэгдсэн газар тариалангийн салбар

Монголд тариалсан ногоо нь эрүүл хөрсөн дээр ургасан, химийн хорт бордоогүй гэдгээрээ импортын хүнсний бүтээгдэхүүнээс давуу талтайн зэрэгцээ эдийн засагт үр өгөөжтэй.

Өнгөрсөн жил бид 30 жилийн өмнөх ургац хураалттай тэнцэхүйц хэмжээний ургац хураан авлаа.

Энэ бол тус салбарт гарч буй томоохон амжилт, шат ахисан явдал юм. Тухайлбал, манай улс 420 мянган га талбайд үр тариа тариалав. Үүнээс 389 га-д улаан буудай, 19.8 га-д төмс, 9.9 га хүнсний ногоо, 100.4 га тосны ургамал, 100.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан юм. Түүнчлэн 4.7 мянган га талбайд жимс, жимсгэнэ тарьж, нийтдээ 655 мянган га талбайд тариалалт хийжээ. Ийнхүү тариалсан нь улаанбуудай, төмсөөр дотооддоо бүрэн хангах, хүнсний ногооны 60 хувийн хэрэгцээг бүрдүүлэх болсон. Тариалсан үр тариа, ногоо, жимс дунд улаанбуудайг хамгийн их тариалж мөн ургац арвин авдаг билээ. Манай улсын хувьд улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 мянган тонн байдаг ч өнгөрсөн онд дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад 261.1 мянган тонн улаанбуудай илүү гарсан юм. Илүү гарсан улаанбуудайн стандарт нийцсэнийг нь Засгийн газар худалдаж авсан.

Харин стандарт нийцээгүй улаанбуудай нь үтрэм дээрэээ хураалттай байгаа талаар тариаланчид ярьж байлаа. Түүнчлэн улаанбуудай нь үтрэм дээр хураалттай байх, Засгийн газарт өгөх хоёр адилхан гэдэг яриа ч гарсан юм. Ийм яриа гарах болсон шалтгаан нь Засгийн газар худалдан авсан улаан буудайн мөнгөө өгөөгүйтэй холбоотой аж. Мөн Засгийн газар тариаланчдад мөнгө өгөөгүй нь тэд нарыг дахин тариалалт эрхлэхэд хэрэгтэй эргэлтийн хөрөнгөгүй болгож байгаа юм. Тухайлбал, шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх бордооны үнэ өссөн, шаардлагатай шинэ техник технологийн нийлүүлэлт муу, үнэ нь нэмэгдсэн зэрэг асуудалтай тариаланчид нүүр тулжээ. Иймээс зарим тариаланч энэ жил ургац тариалахгүй гэдгээ ч мэдэгдээд байгаа. Гэсэн ч ихэнх тариаланчид БНХАУ-ын гурилын 13 үйлдвэрт буудайгаа экспортлох болсон таатай мэдээгээр ханцуйгаа “шамлан” ажилдаа оржээ. Тариаланчид өмнө нь дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр тариалалт эрхэлдэг байсан бол одоо экспортлох гэж ургац авдаг боллоо. Энэ нь тариалангийн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хэдий чинээ их ургац авна төдий чинээгээр борлуулж болох зах зээл нээлттэй болсон гэсэн үг.

Архангай аймгийн Батцэнгэл сумын тариаланч А.Санжаажигдэл

Өнгөрсөн жил ОХУаас нэг тонн үрийг 1.5 сая төгрөгөөр худалдан авж тариалсан. Гэвч тариалсан овьёосоо одоо ч бүрэн борлуулж чадаагүй. Зөвхөн нийт овьёосны 50 хувийг нь борлуулсан. Ингэснээр энэ хавар тариалалт эхлүүлэхэд эргэлтийн хөрөнгө дутахад хүргээд байна. Мөн хилийн хязгаарлалтаас болоод Монголд техник тоног төхөөрөмж ховор байна. Үүнээс болоод зарим газарт тариалалт зогсохыг үгүйсгэхгүй.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан

Өмнө нь зөвхөн дотооддоо 310 мянган тонн улаан буудай үйлдвэрлэдэг байсан бол энэ тоо хэмжээг нэмэгдүүлэх, тээрэмдээд экспортлох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, тээрэмдэх боломж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хангалттай байна. Монгол Улсад өнөөдөр сая тонн гурил тээрэмдэх хүчин чадал бүхий үйлдвэрүүд байна л даа. Эдгээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаагаас цаана нь 70 хувийн нөөц үлдэж байна. Үлдэж байгаа энэ хэмжээгээр улаан буудайн тариалалтаа нэмэгдүүлэх боломж нь гарсан. Энэ бол бид хүнс экспортлогч улс болох эхлэлээ тавьж байна гэсэн үг.

Арьс ширний үйлдвэрлэл бидний ирээдүй

Манай улсад 100 гаруй жилийн өмнө анх Хиагтын Булигаарын завод байгуулагдсан нь Монголын арьс ширний анхны машинт үйлдвэр байлаа. Энэ цаг үеэс эхлэн арьс шир дахин боловсруулах, эд материал хийж эхлэв. Үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 1930 онд 100 мянга гаруй ажиллагсадтай Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг болов. Гэтэл 1991 онд хувьчлагдаж 2001 он хүртэл эл салбар уналтад орсон бөгөөд 2002 оноос аж үйлдвэр нь сэргэж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар арьс шир боловсруулах 34 томоохон үйлдвэр байгаа бөгөөд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл эдгээр үйлдвэрүүдээс арьс шир гүн боловсруулах цех болон жижиг, том үйлдвэр нийтдээ 26 ширхэг л байгаа юм. Үүнээс харахад арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гүн боловсруулах нь 10 хүрэхгүй хувьтай байна.

Арьс ширний салбарын нийт борлуулалт улсын дүнгээр 2015 онд есөн тэрбум 998 сая төгрөг байсан бол 2017 онд 15 тэрбум 160 сая, 2019 онд 20 тэрбум 101 сая төгрөг болжээ.

Ийнхүү тус салбарын ашиг орлого нэмэгдсэн нь үйлдвэрүүд сайн ажиллаж байгаагаас хамааралтай юм. Гэсэн ч түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр хангалтгүй байна. Үүнийг таван хошуу малын ямаанаас бусад түүхий арьс, ширийн нэгж үнэ огцом буурсан явдал нотолж байгаа юм. Тиймээс арьс, ширний үйлдвэрийг олноор бий болгох, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хэрэгтэй байна. Хэрэв тэгж чадвал түүхий эдийн нэгж үнэ нэмэгдэж малчдад ч ашигтай. Нөгөө талаараа экспортыг нэмэгдүүлж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сууна. Эл салбарт өөр нэг тулгамдаж буй асуудал нь арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн иргэд дутагдалтай байгаа нь юм. Тухайлбал, 1997 оноос 2019 он хүртэл арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр ердөө 238 иргэн суралцжээ. Ийнхүү тус салбарт дээд боловсролтой иргэд цөөн байгаа нь салбарын бодлогыг зангидах, сүүлийн үеийн техник технологитой ажиллаж чадах боловсон хүчин дутагдуулж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)