Боингийг “сүйрүүлсэн” түүх

2018 оны аравдугаар сарын 29. Жакартагаас хөөрсөн “Lion Air” 610 дугаарт нислэг ердөө 13 минутын дараа Ява тэнгист унаж, 189 хүн амь үрэгдэв. Радарт тэмдэглэснээр онгоц далайд унахаас өмнө өндрөө нэг аван нэг уруудаж 24 удаа тодорхой бус хөдөлгөөн хийжээ. Аймшигт сүйрлийн дараа Индонезийн агаарын тээврийн аюулгүй байдал, нисгэгчдийн ур чадварын талаар маргаан дэгдлээ. Харин тун цөөхөн хүн бүрэн бус техникээс шалтгаалсан осол байх магадлалтайг хэлж байсан ч дэвшилтэт технологиор өвч тоноглогдсон Вoeing 737-8МАХ цоо шинэ загвар алдаатай болсон гэхэд итгэхэд бэрх байлаа. Тухайн үед “Боинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Деннис Муленбург “737-8MAX загварын аюулгүй байдал нь компанийн гол үнэ цэнэ. Ослын шалтгааныг өөр нөхцөл байдлаас хайх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.

2019 оны гуравдугаар сарын 10. Этиопын агаарын тээврийн Boeing 737-8MAX онгоц Аддис-Абеба хотоос хөөрснөөс хойш зургаан минутын дараа дээд хурдаараа газар мөргөж сүйрэн 157 хүний амийг цаг бусаар авч одлоо. Онгоцны хар хайрцгийн мэдээллийг сэргээх явцад осолд гаднын хүчин зүйл нөлөөлөөгүй, харин шинэ загварыг тоноглосон МСАS буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем” доголдсон гэж үзжээ. Мөрдөн шалгалтын явцад таван сарын өмнө осолдсон Индонезийн онгоц ч дээрх шалтгааны улмаас сүйрсэн нь тодорхой болсон юм.

Боинг л биш бол

Өнгөрсөн зууны эхээр байгуулагдсан Боинг компанийг “аюулгүй байдал” гэсэн нэрийн хуудас дагалдсаар ирсэн. 1957 онд 707 загвараар тийрэлтэт онгоцны эрин үеийг эхлүүлснээс хойш “Хэрэв Боинг биш бол би нисэхгүй!” гэж хэлэх зорчигчдын тоо жилээс жилд өссөн. Хамгийн сүүлд 2017 оноос үйлдвэрлэж эхэлсэн 737-8МАХ загвар гэхэд л өмнөх загвартай харьцуулахад түлшний зарцуулалт нь 14 хувиар, дуу чимээ 40 хувиар бага, агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ мэдэгдэхүйц бага зэрэг үзүүлэлтээрээ агаарын тээвэрлэгч компаниудыг хошууруулж 5000 онгоц угсрах захиалга авчээ. Шинэ загварын доголдлыг илрүүлж, нислэгийг хориглох хүртэл дэлхий даяар ийм төрлийн 387 онгоц зорчигч тээвэрлэдэг байсны нэг нь Монголын “Тулуй хаан”. Системийн алдааг засварлаж, 2020 оны арваннэгдүгээр сард нислэгийн хориг цуцлагдсан ч улс орнууд аюулгүй байдал талаасаа 737-8МАХыг нисгэхийг төдийлөн яарахгүй байна. Цар тахлын нөхцөл байдал ч үүнд нөлөөлж буй.

Одоо аялалд гарахын өмнө “Боинг бол нисэх үү” гэх эргэлзээ эрхгүй төрнө. Өнгөрсөн сард гэхэд л “China Eastern Airlines” компанийн Boeing 737-800 уул мөргөж сүйрсний дараа Хятад даяар энэ загварын онгоцны нислэгийг түр хугацаагаар хориглоод буй.

Учир нь энэ төрлийн онгоц дуулиант 737-8МАХ онгоцны өмнөх загвар бөгөөд өнгөрсөн хугацаанд тус загварын 22 нисэх онгоц осолдож, 612 хүн амь үрэгдсэн тухай Нисэхийн аюулгүй байдлын сүлжээнээс гаргасан тайланд өгүүлжээ.

Нисгэгчдээс нуусан алдаа

Агаарын тээвэрлэгчдийн найдвартай ажиллагаатай, эдийн засгийн үр өгөөжтэй, тохь тухтай хөлгөөр паркаа шинэчлэх эрмэлзэлд төгс зохицсон онгоцоор 737-8МАХ нэрлэгдэж, эхний нислэгээс л хамгийн өндөр борлуулалттай дундын зайн агаарын хөлгөөр тодорсон. Энэ төрлийн онгоцонд өмнөх 737-800 NG-ийн загварын онгоцны хөдөлгүүрээс арай илүү голчтой, илүү хүчин чадалтай CFM LEAP-1B хөдөлгүүрийг үл ялиг өндөрт, арай урагшлуулж байрлуулсан аж. Гэтэл хөдөлгүүр агаарт онгоцны хөдөлгөөнд нөлөөлж, нислэгийн явцад онгоцны хошуу өргөгдөх байдал ажиглагджээ. Хэрвээ эл байдал хяналтаас гарвал хурд саарч, онгоц унах эрсдэлтэй. Ийм эрсдэлээс зайлсхийхийн тулд МСАS (Maneuvering Charac-teristics Augmentation System) буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем”-ийг шинэ загварт суурилуулжээ. Дайралтын өнцөг нэмэгдсэн үед ажиллаж эхэлдэг уг систем нь агаарт онгоцны байрлалыг тохируулах, өндрийг хасах жолоодлого гүйцэтгэх үед нисгэгчдэд туслах учиртай. Дээрх хоёр ослын үед МСАS бүрэн ажиллаагүй гэж үздэг. Шинэ загварын онгоцны дутуу дулимаг, алдаатай мэдрэгчүүд MCAS системд буруу анхааруулга өгч, онгоцны хамар доошоо чиглэн нисгэгчид шумбалтыг зогсоох хүчгүй болсноор аймшигт сүйрэл дагуулжээ. Этиопын онгоцонд л гэхэд дайралтын өнцгийг тодорхойлдог мэдрэгч 4 удаа алдаатай мэдээлэл өгч байсан бөгөөд осол болохын өмнөхөн мэдрэгчийг нь сольсон аж.

Индонезийн нисгэгчид автомат удирдлагаас гар удирдлага руу шилжиж, онгоцны хошууг дээш нь өргөх гэж 20 гаруй удаа оролдсон боловч МСАS тухай бүр үүний эсрэг үйлдэл хийж байсан нь хар хайрцийн мэдээллээс тодорхой уншигджээ.

Нисгэгчдийн ур чадвар, самбаа дутсаныг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ хамгийн харамсалтай нь Боинг шинэ системийнхээ доголдлыг гадарлаж байсан ч эрсдэлээ нуун дарагдуулж, шинэ загварын онгоцоо үйлчилгээнд нэвтрүүлэхийг урьтал болгожээ. МСАS-ийн талаар нэг ч нисгэгчид сургалт явуулаагүйн дээр сайн дураараа сургалт авах хүсэлтэд ч тайвшруулсан, татгалзсан хариулт өгч байв. Тэр бүү хэл MCASийн талаар туршилтын гарын авлагадаа ч дурдаагүй нь хожим нотлогдсон юм. Шалтгаан нь ердөө л орлого буурахаас зайлсхийсэн хэрэг. Навигацийн шинэ системд нисгэгчдийг сургахад нэмэлт зардал шаардах тул агаарын тээврийн компаниуд худалдаж авах магадлал бага гэж үзэн ор тас нуухыг илүүд үзжээ.

Ял завшив

Хоёр жил шахам үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дараа Боинг АНУ-ын Хууль зүйн яамтай ял хойшлуулах тохиролцоо хийж 2.5 тэрбум долларын торгууль төлөөд асуудлаас мултарч дөнгөсөн билээ. Гэтэл 2021 онд тус компани 76.6 тэрбум долларын борлуулалт хийжээ. Боингийн доод түвшний нэг ажилтан буюу туршин нисгэгч Марк Форкнерт MCAS системийн талаар дутуу мэдээлэл өгсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, төслийг удирдаж байсан Деннис Муленбург 2019 оны арванхоёрдугаар сард чимээгүйхэн захирлын суудлаа өгөхдөө 60 сая долларын тэтгэмж халааслаад оджээ.

Цар тахлын хөл хорионы үеэр ял хойшлуулах гэрээгээр халхавчлан компанийн ахлах удирдлага болон ТУЗ ямар нэгэн хариуцлага хүлээгээгүйд ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэн гомдолтой байгаа юм. Трампын засаг захиргааны үеийн Хууль зүйн яам халаагаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Боингтой тохиролцоо хийж хэргийг хаахдаа хохирогсдын гэр бүлийнхэнд мэдэгдээгүй нь холбооны хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Одоо хохирогчид нэгдэн хэргийн мөрдөн байцаалтыг сэргээн, Боинг компанийг эрүүгийн хариуцлагад татахыг АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарландаас шаардаж буй. Дээрх 2.5 тэрбумын торгуулиас 1.8 тэрбум долларыг нь онгоцоо сул зогсоож алдагдал хүлээсэн агаарын тээврийн компаниудад зориулсан бол 500 саяыг хохирогчдын төрөл төрөгсдийн санд төвлөрүүлжээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл