Бидний туршлага: ЭЕШ-д хэрхэн 800 оноо авах вэ?

МУИС нийгмийн хариуцлагын хүрээнд төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь туслах зорилгоор "Мэдлэгээ хуваалцъя" төсөл арга хэмжээ хэрэгжүүлээд буй. Төслийн хүрээнд МУИС өөрийн холбогдох хөтөлбөрийн оюутнууд төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ийн хичээлүүдээр хоцрогдол арилгах сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулаад байна.Тус төслийн хүрээнд багшилж буй Д.Номунбилиг, Х. Айдос нар ЭЕШ-д хэрхэн 800 оноо авах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. 

МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Д.Номунбилиг

ЭЕШ бол бидний огт мэдэхгүй сэдвээр биш 12 жил сурсан мэдсэнийг тань шалгах шалгуур. ЭЕШ-д амжилт үзүүлэхийн тулд өөрийн гэсэн арга барил, онцлогоо таньж мэдэх хэрэгтэй. Миний хувьд ойлгохгүй байгаа хичээлээ шууд цээжлэх бус логик, дарааллыг нь ойлгож давтах нь илүү үр дүнтэй байсан. Зарим хичээлийн агуулга, онол нь тайлбарлаж, ойлгоход төвөгтэй. Гэвч ойлгох гэж байна гээд онолын үгээр яг таг цээжлэх нь буруу. Харин шалгалтаа бэлдэх хамгийн үр дүнтэй арга бол хийж байгаа зүйлийнхээ утга учрыг ойлгоход оршиж буй.

"Бид зөвхөн шалгалтад бус мэдлэгээ тэлэх гэж хичээллэдэг гэдгээ санах хэрэгтэй"

ЭЕШ өгөхийн өмнөх сандарлаа хэрхэн дарж төвлөрөх талаар зөвлөөч?

ЭЕШ өгөх хугацаа дөхөхөөр хүүхдүүд сэтгэл санааны дарамтад ороод байгаа юм шиг харагддаг. Өөртөө аль болох дарамт болгохгүй би чадна, болно гэсэн сэтгэлээр бэлдэх хамгийн чухал. Одоо болж буй зүйлдээ төвлөрөхөөс илүүтэй ирээдүйд гарч болох эерэг зүйлсийг бодох хэрэгтэй. Миний хувьд шалгалтаа өгсний дараа хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргасан нь бяцхан шагналд хүрэхэд ойрхон байгаа мэт санагдаж, сандрах нь багассан.

МУИС-аас мэдлэгээ хуваалцъя төсөл арга хэмжээ болж байгаа. Энэхүү төсөл сурагчдад хэр өгөөжтэй болж байна?

Манай төсөл арга хэмжээ 4 сарын 23-с эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд өглөө 10:00 цагаас өдрийн 13 цаг хүртэл ЭЕШ-ын арван хичээлийн хүрээнд явагдаж байна. Сургалт энэ сарын 29 нь хүртэл орно. Сургалтад орон нутаг, нийслэл гээд 300 гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Манай сурагчид маш идэвхтэй, чөлөөтэй, хүсэл тэмүүлэл өндөртэй. Тийм болохоор бид мэддэг зүйлээ хуваалцахад урамтай, үр дүнтэй болж байна.

ЭЕШ-д 800 оноо авсан нь таны хувьд ямар давуу талыг авчирсан вэ?

ЭЕШ-д өндөр оноо авах нь их сургуульд орж хүссэн мэргэжлээрээ суралцах, цаашлаад тэтгэлэг авах гэх мэт маш олон давуу талийг бий болгосон. Мөн сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломж олдсон. 

Цахим орчинд бие даан суралцахад туслах апп, хуудас байвал санал болгооч?

  • Багшийн туслах
  • e-content,
  • eec.mn гэх мэт цахим сайтууд байдаг.

 ЭЕШ-д бэлдэхэд туслах хамгийн чухал гэсэн таван tip-ээсээ хуваалцвал?

  1. Өөрийгөө хүчлэхгүй байх. Заримдаа өөрийгөө хэт хүчилснээс ядаргаанд орох, үр дүнгүй бэлдэх, шалгалтаа өгсөн ч утгагүй санагдаж сэтгэл санааны хямралд унах магадлалтай тул цаашдын зорилгоо харж өөртөө тохирсон цагийн хуваариар бэлдээрэй
  2. Зөвхөн шалгалт өгөх гэж биш, юм сурч мэдэхийн тулд бэлдээрэй
  3. Бэлдэх нэрийдлээр олон тест ажиллаад, алдаад дахиж ажиллаад байлгүй, юу алдаж байна, би яагаад алдсан гэдгээ ойлгож хичээлээ давтаарай
  4. Өөртөө хамгийн тухтай орчинг бүрдүүлэх
  5. Хичээлийнхээ логикийг ойлгоорой.

МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Х. Айдос

ЭЕШ бол амьдралаа эхлүүлэх чухал цаг мөч. Миний хувьд ЭЕШ-д 12-р ангиасаа эхэлж бэлдсэн. Өдөрт чанартай 4 цагийг шалгалтаа бэлдэхэд зарцуулсан. Ойлгохгүй байгаа хичээлээ өөрөө эрж хайх, олох замаар бэлдэх хэрэгтэй. Бүр үнэхээр ойлгохгүй, хариуг нь олж чадахгүй байгаа тохиолдолд багшаасаа асуух нь зүйтэй. Шалгалтад бэлдэж байхдаа хариуг нь шууд харах, эсвэл багшаасаа үргэлж асуугаад байвал залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихдог. Тиймээс өөрсдөө хичээнгүй, оролдлого сайтай, бүтээлч байх хэрэгтэй. Хичээлээ дахин дахин давтаж өөрийн болгох нь хамгийн чухал.

"Зорилгогүй хүн сэлүүргүй завь адил гэдэг. Тиймээс төлөвлөгөөнийхөө дагуу цагийн юмыг цагт нь хийж, зорилгодоо алхам алхмаар хүрэх нь чухал"

ЭЕШ өгөхийн өмнөх сандарлаа хэрхэн дарж төвлөрөх талаар зөвлөөч?

Өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал. Сандрах зүйл огт байдаггүй ердөө л нэг шалгалт шүү дээ. Гол нь маш хариуцлагатай байж хичээл зүтгэлээ батлах чухал цаг мөч гэж бодож орох хэрэгтэй. Сандрах бол чиний хичээл зүтгэл бэлтгэлтэй шууд холбоотой ойлголт. Тиймээс өөрийнхөө чадлаар сайн бэлдсэн бол сандрах хэрэггүй гэж зөвлөж байна.

МУИС-аас мэдлэгээ хуваалцъя төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл сурагчдад хэр өгөөжтэй болж байна?

Маш их үр өгөөжтэй арга хэмжээ болж байгаа. Сурагчид хичээлдээ маш идэвхтэй оролцдог. Орон нутгаас зорьж ирсэн сурагчид ч багагүй хамрагдаж байна. Оюутнууд багшилж байгаа болохоор хүүхдүүд чөлөөтэй, асуух зүйлээ асууж хичээл хөгжилтэй үр дүнтэй болж байна. Миний хувьд сурагчдад багшлах их сонирхолтой, туршлага их хуримтлуулж буй.

ЭЕШ-д 800 оноо авсан нь таны хувьд ямар давуу талыг авчирсан вэ?

Маш олон давуу талыг авчирсан. Аймгийн засгийн газраас, УИХ-ын гишүүнээс, Туркийн, МУИС-ийн нэрэмжит  тэтгэлэг авсан. Үүнээс гадна цаашдаа сурах мэргэжлийнхээ суурийг сайн эзэмшсэн. 

Цахим орчинд бие даан суралцахад туслах апп, хуудас байвал санал болгооч?

  • YESh application
  • Апп гэхээсээ илүү онлайн сургалт 

 ЭЕШ-д бэлдэхэд туслах хамгийн чухал гэсэн таван tip-ээсээ хуваалцвал?

  1. Цагаа зөв хуваарилах 
  2. Эрт унтаж, эрт сэрээд хичээлээ хийх
  3. Утас бага оролдох хэрэгтэй. Хичээл хийж буй орчин тав тухтай, эмх цэгцтэй, анхаарал сарниулах зүйлгүй байх хэрэгтэй.
  4. Номонд мөнгөө бүү харамла. Олон ном уншиж ажиллах хэрэгтэй
  5. Өөртөө хэт их ачааллыг бүү үүрүүл. Өдөр шөнөгүй суугаад хамраас цус гартал бэлдэж байж 800 авна гэсэн юм бол байхгүй. Мэдэхгүй байгаагаа мэддэг чаддаг болтлоо хийх хэрэгтэй. Хамгийн их алддаг, хурдан мартдаг, хүнд хэцүү хичээлүүдээ эхэлж хийх хэрэгтэй. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд боломж үргэлж хаана ч байдаг. Чи санасандаа хүрч чадаагүй ч амьдрал үүгээр дуусахгүй. Тиймээс тууштай байгаарай. Амжилт хүсье #ЭЕШ_2022_800.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)