Амины үнэтэй мөрий

Мөрийтэй тоглоомд донтох эмгэг, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэсэн сэдвийг онцолж байна. Онцлохдоо нөхцөл байдал, сөрөг үр дагаврын талаар биш, шалтгаан, зохицуулах арга замын талаар илүүтэй хөндөхийг хичээлээ.

Саяхан 24 настай залуу нийслэлийн Төв талбай дээр өөрийгөө шатаан амиа хорлохыг завдсан, удаа ч үгүй УИХ-ын нэр бүхий гишүүний туслах гэртээ амиа хорлосон байдалтайгаар олдсон хэргүүд энэ сэдвийг сонгох шалтгаан болов. Дээрх хоёр хэрэг гарсны дараа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг, мөрийтэй тоглоомд донтох эмгэгийн талаар судалж үзээд нэн яаралтай, машид дэвшилтэт аргаар тэмцэхээс өөр аргагүй болжээ, эс тэгвэл оройтох нь гэсэн дүгнэлтэд хүрснээ уншигчидтайгаа хуваалцаж байна.

Амиа хорлолт “статистик” болоход мөрийтэй тоглоом нөлөөлж байна

“Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик” гэдэг үг бий.

Монголд өнөөдөр амиа хорлолт статситик болжээ.

Манай улсад нэг жилд 300-400 хүн янз бүрийн шалтгаанаар амиа хорлодог гэсэн судалгаа бий. Тэгвэл шалтгаануудын дотор “Мөрийтэй тоглоомд донтож бүхнээ тавьж туусан” гэсэн шалтгаан хүч түрэн орж ирж байгааг ойрмогхон дараалан гарч, олон нийтийг цочроосон хоёр ч хэрэг баталлаа. Дээрх хэргүүд мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Манай улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Эрх баригчид үүнийг “Энэ төрлийн гэмт хэргийг 2017 онд Зөрчлийн хуульд хамруулсантай холбоотой” гэж тайлбарлаад 2020 онд Эрүүгийн хуульд шилжүүлсэн ч дорвитой нөлөө үзүүлсэнгүй.

Тодруулбал, хуулийн байгууллага

-2017 онд 42

-2018 онд 150

-2019 онд 171

гомдол, мэдээлэлд тус тус зөрчлийн хэрэг нээн шалгасан бол 2021 оны эхний есөн сард л гэхэд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 326 хэрэг бүртгэсэн гэж мэдээлж байв. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Учир нь, гэмт хэрэгтнүүдэд хил хязгаар гэж үгүй болсон. Хил хязгааргүй мөрийтэй тоглоомын хамгийн том хохирогчид нь ядуу буурай улсын иргэд байдаг бөгөөд манай улс үүнд яг тохирч байгаа юм.

Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа

2012-2016 онд амиа хорлосон 2055 хүний 58.5 хувь нь амьжиргааны доод түвшнээс дөнгөж дээгүүр орлоготой, 41.4 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой байсан. Амиа хорлосон нөхцөл байдал, үхэлд хүргэсэн шууд бус нөлөөллийг нэгтгэн дүгнэвэл, ажилгүйдэл, амьдралын боломжгүй байдал, санхүүгийн хямрал буюу өртэй байсан, түүнийгээ дарах боломжгүй болсон, сэтгэл санааны зовлон шаналал, амьдралын бэрхшээл...зэрэг шалтгаантай байв.

Ажилгүйдэл, ядуурлын сүүдэр-Мөрийтэй тоглоом

Монголд дундаж давхарга хоёр захаасаа “мэрэгдэн” нимгэрч байгаа нь мөрийтэй тоглолт зохион байгуулах гэмт хэрэг, иргэд мөрийтэй тоглоомд донтох, улмаар хохирч, амиа хорлоход нөлөөлж байж болно. Прокурорын байгууллагаас 2012-2016 онд амиа хорлосон 2055 тохиолдлын шалтгааныг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахад ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй шалтгаан бараг 100 хувь байсан. Энэ нь “Хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэлзүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг” гэсэн судлаачдын дүгнэлтийг баталж байна.

Судлаачид мөн тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолт буурдаг нь бусад улсад батлагдсан ч манайд хараахан амжаагүй байгаа нь амьдралын чанар бодитоор сайжраагүйтэй холбоотой болов уу. Монгол хүн жилд дунджаар гар дээрээ 9.5 сая төгрөгийн цалин авч байгаа нь 3000 орчим ам.доллар гэсэн үг. 10 жилийн өмнө 5.0 сая төгрөг авдаг байсан, мөн л 3000 орчим ам.доллартой дүйж байв. Монголд 2005 онд 449, 2010 онд 459, 2015 онд 479, 2018 онд 445 хүн амиа хорложээ. Үндэсний статистикийн хорооноос танилцуулдаг Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын тойм судалгаанууд нийгэм баян, ядуу гэсэн хоёр хэсэг л хуваагдахаар эрчимтэй тэмүүлж байгааг жилээс жилд батлах болов.

Байгаа, байхгүйн хооронд урд хормойгоороо хойдохоо нөхөн, нийгмийг нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхны эгнээ сарнин замхарсаар, харин эсрэгээрээ ядуучуудын тоо хурдацтай өсч байна.

Статистикийн мэдээллийг бодитой буюу үнэн, хийсвэр буюу худал гэсэн хоёр ангилалд хувааж болно. Судалгаа хийж, тогтоосон өрхийн тоо, өрхийн орлого, амьжиргааны баталгаажих доод түвшин бол бодит мэдээлэл. Харин нэг хүнд ногдох дундаж цалин, нэг хүнд ногдох ДНБ гэх мэт нь баячуудын орлогыг хүн амын тоонд хуваагаад гаргачихдаг учраас хийсвэр. Амиа хорлолт, мөрийтэй тоглоом зэрэг нь улс орны эдийн засгийн барометр гэж үзвэл Монголд амьдрал сайжраагүй байна.

Шинэ нөхцөл байдал, шинэ хандлага

Технологийн дэвшил хүн төрөлхтөнд асар их боломж бололцоо нээж өгснийг бид бүгд мэдэж байгаа. Хүн төрөлхтөн гэдэгт сайнтай муутайгаа багтах тул гэмт хэрэгтнүүд, муу хүмүүсийн өмнө ч мөн хязгааргүй боломж нээгдсэн нь мэдээж хэрэг. Тэд цахим орон зай, боломжийг ашиглах болсноор гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэж, нуун далдлах арга нь нарийсан хуулийнхны өмнө нэгэн шинэ сорилтыг бий болгов. Бидний хөндөж буй мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг сүүлийн 10 гаруй жилд дэлхий дахинаа огцом нэмэгдсэн бөгөөд өртсөн улсууд нь тэмцэж хүчрэхгүй байдлаараа адил байх юм. Улс орнуудын хууль хүчний байгууллагын эрх мэдэлтнүүд мөрийтэй тоглолт зохион байгуулах гэмт хэрэг, тэр дундаа цахимаар мөрийтэй тоглуулах гэмт хэрэгтэй чадлынхаа хэрээр тэмцэж байгаа ч хүчрэхгүй байна гэдгээ учирлан ярьсан нь интернэтээр дүүрэн байна. Гэхдээ мэдээж, бүх улсад биш. Зарим улсад мөрийтэй тоглолт зохион байгуулах гэмт хэрэг гардаггүйдээ биш, харин тэд оновчтой арга хэрэглэн хяналтдаа авч чадсаных аж.

Мөрийтэй тоглоомтой тэмцэх шинэ чиг хандлага

Дэлхий дээр мөрийтэй тоглох нь асуудал байхаа больсон, өөрөөр хэлбэл хяналтдаа авч чадсан улс орнууд байгаа бөгөөд тэд иргэдийн ухамсар, хууль эрх зүйн орчин гэсэн хоёр үндсэн чиглэлд амжилттай ажиллан дээрх үр дүнд хүрчээ.

Мөрийтэй тоглох нь хүний төрөлх чанарт суурилсан нэгэн төрлийн дон, сэтгэцийн эмгэг гэдгийг ДЭМБ тогтоосон.

Хүн бүрт шунал бий бөгөөд энэ бол хүнд угаас байдаг чанар юм. Хүний угийн чанарыг өөрчлөх боломж маш бага гэдгийг батлах олон жишээ бий. Нэг ийм яриа байдаг. Коммунизмд хүрэхээр зориглосон В.И.Ленинээс капиталист ертөнцийн нэг эрхэм “Таны байгуулах улс ямар улс байх вэ” гэж асуужээ. В.Ленин тэгэхэд “Тэнд эд баялаг хүн болгонд хүрэлцэхээр байх болно. Харин тэр баялгаас хүн бүр хэрэгцээний хэрээр авах ёстой” гэж хариулсан байдаг. Нөгөө эрхэм “Хүн хүссэнээрээ л авахыг хүсдэг биз дээ. Шуналтаад ихээр нь аваад эхэлбэл яах болж байна” гэхэд “Үүний тулд ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Шуналыг үгүй болгох ёстой” гэсэн тухай.

Мөрийтэй тоглоомыг хяналтдаа авч эвтэйхэн зохицуулаад байгаа улсууд юуны түрүүнд “Шуналыг үгүй болгох боломжгүй тул мөрийтэй тоглоомыг огт үгүй болгох боломжгүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд мөрийтэй тоглох хэрэгцээг нь хангах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулсан байна.

Энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бооцооны төвүүд, үндэсний хамжээний сугалаанууд юм. Эдгээрийн байгуулахдаа шударга байх, нэг хүн нэг удаад хэт их бооцоо тавихгүй байх зэрэг хязгаарлалтыг хуулиар чангалан бүрдүүлж, өөр, өөрсдийн улс орны соёл, онцлогтой нийцүүлснээр иргэдийнхээ хэрэгцээг хангажээ. Энэ арга нь АНУ-ын зарим муж сул үйлчилгээтэй мансууруулах бодисны хэрэглээг хүлээн зөвшөөрснөөрөө энэ хар зах зээлийнхээ багагүй хувийг хяналтдаа авч чадсантай төстэй юм. Энэ мэт ажлаа бодлогын түвшинд сайтар зохион байгуулсан улсуудад мөрий нь эргээд эдийн засгийн хөшүүрэг болж хувирсан нь ч байна. Тухайлбал, Их Британи улсад мөрий, бооцооны зах зээлд хэдэн тэрбум ам.доллар эргэлдэж эхэлсэн тул тоглогчийн оршин суугаа газар дээр үндэслэн онлайн мөрийтэй тоглоомд татвар ногдуулах хууль тогтоомжийг 2014 оны арванхоёрдугаар сард нэвтрүүлж байжээ. Түүнчлэн, Дани, Франц улс төрийн байгууллагын онцгой хяналт дор онлайн казиногийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийг 2010 онд баталсан. Нидерланд онлайн мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар зөвшөөрдөггүй ч 2015 онд анхны зохицуулалттай онлайн казиногоо нээсэн. Итали, Бельгид зөвхөн улсын комиссоос зөвшөөрөл авсан тоглоомын сайтуудыг зөвшөөрдөг. Италид бооцоот тоглоомоос жил бүр 100 тэрбум еврогийн орлого олдог ба 15 орчим хувь нь онлайн тоглоомуудаас бүрддэг байна. Энд дурдаад буй арга хэмжээ нь манайд 800 хятад нэг компьютерт дөрвөн утас холбочихоод “Таван гар”-ын өрөө үүсгэн дөрвөн гарын модоор тоглон бусдыг шулж байснаас огт өөр зүйл юм. Гол нь олон давхар бодолцсон зохицуулалт, хязгаарлалтын дор иргэдэдээ боломж олгосоноор гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нь хаах зорилготой. Хоёрдугаарт, мөрийтэй тоглоомд донтох нь нэгэнт эмгэг өвчин тул эмчлэх арга боловсруулахад анхаарсан аж. Мөрийтэй тоглоомд донтох эмгэг буюу людоманиа гэгч нь хэнд ч тохиолдож болдог. Казинод орж, нэг ч болтугай читон тавьж үзсэн ихэнх хүнд дахиад тоглох хүсэл төрдөг, тэр нь даамжирсаар хяналтаас гарч, мөрийтэй тоглох асар их хэрэгцээтэй болдог өвчин юм билээ. Сэтгэцтэй холбоотой учир шууд өргөс авсан мэт эдгээх боломжгүй, гэсэн ч муу зуршлаасаа салахад нь туслах сэтгэлзүйн эмчилгээний арга, ийм эмгэгтэй хүнд хэрхэн туслах зөвлөмжийг боловсруулж гаргачихсан л байна.

Гэмт хэргийг соёл болгож болох уу

Бид мөрийг амьдралынхаа нэг хэсэг, соёл болгосон энэ мэт гаднын туршлагаас суралцаж, өөрийн улсад тохирох бодлого хэрэгжүүлэхгүй бол тас хориод ямар ч нэмэргүйг Казахстан зэрэг олон улсын жишээ харуулж байна. Бид ч өөрсдөө жишээ болчихсон явна.

Залууст мөрий тавих хэрэгцээ бий. Мөрий тавих нь гэмт хэрэг биш.

Тийм ч учраас хуульд зохион байгуулсан этгээдэд л хариуцлага тооцдог. Тиймээс уян хатан байхад болохгүй юмгүй. ЦЕГ-аас өнгөрсөн оны есдүгээр сард цахим гэмт хэрэг нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийхдээ “Өдөрт 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглаж мөрийтэй тоглоомтой холбоотой 2000 гаруй гүйлгээ хийгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Мөрийтэй тоглоом тоглуулсан иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, харин тоглож байсан иргэдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөрийтэй тоглоом тоглуулдаг сайт руу мөнгөө хийсэн бол таны мөнгө эргээд олдохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэсэн байсан. Одоо байгаа хууль нь л ийм юм. Хуулийг өөрчилж болно. Эцсийн эцэст хуулийн үүрэг нь хорих цагдах бус зохицуулах. Авлига авсан, өгсөн хоёуланг нь шийтгэдэг хуулиар яваад манайх авлигад л идэгдсэн.

Мөрий тавьсныг Зөрчлийн, мөрийтэй тоглуулсныг нь Эрүүгийн хуулиар шийтгээд сайн үр дүнд хүрэхгүй л болов уу. Тиймээс асуудлаа өргөн агуулгаар нь хараад, “Хууль ёсны сайтыг нь нээгээд өгчихвөл иргэдийн хийсэн мөнгө нь олдож л таарна” гэдэг агуулгаар хандмаар байна.

Монголд үндэсний спорт нь байна, бооцоо тавих боломж алга. Үндэсний хэмжээнд ажилладаг, аз, эзээр ч гэсэн олон хүний амьдралыг шийдээд өгчих сугалаа алга. Гэтэл амьдрал ядуу байна. Энэ байдал залуусыг луйварчдын үүр уурхай руу зүглэж, улмаар амиа хорлоход хүргэж байгаа ч юм бил үү.

Мөрий хэзээ ч амины үнэд хүрч боломгүй юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)