Ганц хүний “муушиг”

Манай төр засаг буруу замаар будаа тээсээр тэргээ эвдэж, эцэстээ зөв замаа олох найдвараа хүртэл гээхэд тулаад байна. Хамгийн гол нь алдаад байгаагаа мэдсээр байж алдаагаа засахыг хүсдэггүй тэнэг хархүү шиг аашилсаар л байна.

Аль эсвэл алдаагаа алдаа гэж ч ойлгож ухаараагүй яваа эрхээрээ хатсан 32-той жаалхүү шиг харагдана. 1990 онд сонгосон ардчилал маань буруу байгаагүй ч гэлээ түүнийг бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлсэн төрийн тогтолцоо, сонгуулийн систем минь тийм ч оновчтой байж чадсангүй. Улс төрийн тогтолцооны алдаа дутагдал, өө сэв эрт илэрсэн ч гэлээ харамсалтай нь үе үеийн эрх баригчид өөрчлөлт хийхээс үргэлж хойш сууж, өнөөдрөө харсан шийдвэр гаргасаар иржээ. Эвдэрхий тэрэгнийхээ эрэг шургаар оролдмор болоод л мөнөөх буруу замаараа будаагаа тээхээр муйхарлан зүтгэнэ.

Тэгвэл өдгөө дахиад л мөнөөх хуучин уулзвар дээрээ мунгинан хүрч ирэв. Эргэлзээ төрүүлээд буй тоглоомын дүрмээ өөрчлөх эсэхээ эрх баригчид шийдэх болно. УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө сонгуулийн тогтолцоогоо хэлэлцэн баталдаг жишиг энэ удаа ч хэрэгжиж таарна. Тэгвэл энэ удаа сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийн тулд Үндсэн хуульдаа ч нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хөндөгдөх магадлал тун өндөр байна. Зөвхөн сонгуулийн хуулийг өөрчилснөөр өнөөгийн бидний нэрлээд буй тогтолцооны гажуудлаа засах боломжгүй учраас тэр юм. Үүнийг ч улс төрийн намууд ойлгож эхэлжээ. Одоогоор эрх баригч МАНаас бусад улс төрийн хүчин Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоотой холбоотой өөрчлөлтийг заавал хийх ёстой гэдэг дээр санал нэгдээд байна. Ийм шаардлагыг АН, ХҮН, ИЗНН, Үнэн ба Зөв нам, МҮАН-ын удирдлагууд Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч тэдний хүсэл сонирхол юуг ч илэрхийлэхгүй. Тэр тусмаа шийдвэр гаргахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Шийдвэрийг зөвхөн парламентын олонхийг бүрдүүлж буй МАН гаргана. Тэд хүсвэл өөрчлөлт хийгдэнэ. Хүссэн ч, хүсээгүй ч ирэх 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын тогтоосон тоглоомын дүрмээр тоглоно гэсэн үг. Гэвч эрх баригчид энэ удаа намаа бус, улс орноо бодсон зоригтой өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бол бий.

Монгол Улсад үүсээд буй улс төр, эдийн засгийн хямралын суурь нь сонгуулийн можаритар тогтолцоо гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болсон.

Тэр ч байтугай аль 2012 онд л үүнийг бүх улс төрийн хүчин ухаарчихаад байлаа. Тийм ч учраас 2012 оны УИХ-ын сонгууль пропорциональ болон мажоритар системийг хослуулсан хэлбэрээр явагдсан. Үүний дагуу 28 гишүүн намын жагсаалтаар, 48 гишүүн сонгуулийн тойргоос сонгогдож байлаа. Гэвч 2016 оны сонгууль болохоос өмнөхөн Үндсэн хуулийн Цэцээс намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг гэж тогтоосон бөгөөд тус тогтолцоо нь өөрсдийн төлөөлөгчдөө шууд сонгох иргэдийн эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн. Ийм учраас ээлжит сонгууль болохоос хоёрхон сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилж, мажоритар тогтолцоон дээрээ буусан юм. Ингэснээр өмнөх сонгуулийн ололтоосоо татгалзаж, пропорциональ тогтолцоо гэгч нь зөвхөн Үндсэн хуульдаа гар хүрэх замаар л ирж болох өөрчлөлт юм гэдгийг ойлгосон.

Тэгвэл одоо бидэнд нэг асуулт гарч ирнэ. УИХ-д үнэмлэхүй олонх буюу 76 суудлын 62-ыг нь эзэмшиж буй МАН ийм өөрчлөлтийг хийхийг хүсч байгаа юу? Олон нийтийн шахалт, нийгмийн хэрэгцээ, бусад намуудын шаардлага зэрэг нь тэдний хүсэлд төдий л жин дарахгүй. Хэрвээ өөрчлөлтийг хүсэхгүй л бол тэдэнд ямар нэгэн тайлбар яаж ийгээд л олдох болно. Тэр тусмаа 2019 онд Үндсэн хуульдаа гар хүрчихсэн тул одоо дахин хөндөх нь сайн жишиг биш гэж үзэж ч болно.

Учир нь мажоритар тогтолцооны үр шимийг хамгийн ихээр хүртэж байгаа улс төрийн хүчин бол МАН. 2016 болон 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь шулуухандаа энэ тогтолцооны л ашиг тус. Нийт сонгогчдын 40 гаруйхан хувийн саналыг авсан атлаа УИХ-ын 76 суудлын 60-аас илүүг нь эзэгнэх нь тэдэнд ашигтай.

Мажоритар тогтолцооны сул тал нь улс орныг жижиг тойргуудад хуваахын зэрэгцээ улс төрийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөнийг хязгаарлаж, нэр дэвшигч зөвхөн тойрогтоо чиглэсэн амлалтууд өгөх нөхцөлийг өөгшүүлдэг.

Энэ нь ч өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдав. Улстөрчид ирээдүйд улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох алсын хараатай кампанит ажил явуулахаас илүүтэй, тухайн цагт тойргийнхоо сонгогчдын л таалалд нийцэх богино хугацааны амлалтад суурилсан мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж ирэв.

МАН-ыг үнэмлэхүй олонх болгосон мөрийн хөтөлбөрүүдийг нэхэн санавал, “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриан дор нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, цалин тэтгэвэр нэмэх амлалтууд зонхилж байв. Эхчүүдэд сар бүр тогтмол цалин олгоно, ахмадуудад зориулсан халамжийн шинэ бодлого хэрэгжүүлнэ, оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгоно гэсэн бодлого нь ард түмнийг төр засгаас улам хамааралтай болгож, цаг хугацааны явцад нийгмийн томоохон бэрхшээлүүд үүсэх аюултай. Үүсээд эхэлснийг ч бид харж байна.

Нэг намын хэт давамгайлал улс орны хөгжилд сөрөг нөлөө авчирч байгаа гэх дүгнэлтээс өмнө цаашид улс орны урагшлах замд мажоритар тогтолцоо чөдөр тушаа болж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг ядаж 5 жил болгох гэх мэт өөрчлөлт хүчтэй яригдах болов. Тиймээс эрх баригч МАН-ын зүгээс Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй “булан” руу улам шаргуу шахагдах болов уу гэж анзаарагдаж байна. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнө 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон тул хэрвээ дээрх өөрчлөлтүүдийг хийх хамгийн тохиромжтой цагийн тоолуур яг одоо гүйж буй юм.

Арга саам хийж, шалтаг тоочих байдлаар энэ цаг хугацааг өнгөрөөж, 2024 оны УИХ-ын сонгуулийг хуучин тоглоомын дүрмээрээ зохион байгуулах эрх нь МАН-д байгаа хэдий ч олон нийт тийм боломжийг олгохгүй төлөвтэй.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээрх агуулгыг шингээхийг хүссэн ч эрх баригч МАН 2020 оны сонгуулийн үр дүнгээ бодоод хойш суусан гэж хэлж болно. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тодорхой саналууд гаргаж байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. МАН-ын бүлэг гурван өдөр хуралдаж, зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзаж, тэр байтугай Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон ч гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог намын жагсаалт, тойрог гэсэн холимог системтэй болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг саналууд дэмжигдээгүй билээ.

Тэгвэл өдгөө энэ агуулгын өөрчлөлт улс оронд туйлын чухаг, тулж ирсэн хэрэгцээ болсон гэдгийг хэн хүнгүй мэдэрч байна. 1992 онд хоёр сая 200 мянган хүн амтай байхад УИХ нь 76 гишүүнтэй байна гэж баталсан. Гэтэл одоо Монголын хүн ам хэдийнэ гурван сая 500 мянгад хүрчихээд байна. Хүн ам өсөхийн хэрээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэдэг логик төдийлөн оновчтой биш л дээ. Гагцхүү 76 гишүүнтэй парламент нөлөөлөлд автах магадлал, дөнгөж 20 гишүүний саналаар хууль батлагдах боломж, цөөн байхын хэрээр эрх дархаа хэтрүүлж, данхайж байгаа зовлон зэрэг нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх бодит хэрэгцээг үүсгэж байна. Өнгөрсөн жилүүдэд сул, болхи, додомдсон хуулиуд батлагдаж байгаа нь ч гишүүдийн тоо, чанартай холбоотой. Монгол төрийн дархлаа хүртэл суларч байгааг анзаарч болно. Олуулаа тусмаа шийдвэр зөв гарах магадлал өснө.

Тиймд МАН олонх байгаа энэ завшаанаа ашиглаж, Монгол төрийн тогтолцоог зөв замд залуурдан оруулах том эрхийг атгаж байна. Энэхүү эрхийг яг энэ тохиолдолд үүрэг гэж орчуулан хэрэглэж ч болох юм. МАН-ын зүгээс гагцхүү хүсэх үү, эс хүсэх үү гэдэг л байна. Одоогийн мөрдөгдөж буй мажоритар тогтолцоо нь ганцхан хүний муушиг шиг ямар ч тохиолдолд нэг л хүн хожиход зориулагдсан тогтолцоо гэж хэлж болохоор байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 76 дархлагдсан хулгайч байгааг яаж болиулах вэ? Ганц л арга байна. 330 болгох хэрэгтэй. Тэгвэл дархлагдаж ч чадахаа байна хулгайч ч байж чадахаа байна.

    0 0 Хариу бичих
  2. 76 darhlagdsan hulgaich deer nemeed 32 dahlagdsan hulgaichtai bolchihvol bur hetsuuhen l yum boloh baih. Manaid darga nar ihdsen uu gehees bagadaagui

    0 0 Хариу бичих
    • Балиар шүү

      0 0