Бүгд “көүч” болсон цаг

Сурч ханахаа, сургаж дуусахаа больсон монголчуудад сурахгүй юм гэж алга

Цахим технологи өндөр хөгжиж буйн нэг сайхан тал нь бид дэлхийн хаана, юу хийж байхаасаа үл шалтгаалаад хүссэн бүх зүйлээ зайнаас сурч болдогт оршиж байна.

Хэр тусмаа цар тахал дэгдсэн жилүүдэд энэ салбар улам хурдацтай хөгжжээ. 2019 онд боловсролын технологид өндөр өсөлт гарч, салбарын хөрөнгө оруулалт 18.66 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2025 он гэхэд онлайн боловсролын зах зээл 350 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Тухайлбал, хэлний программ, виртуал сургалт, онлайн сургалтын программ хангамжийн хэрэглээ цар тахал дэгдсэнээс хойш улам нэмэгдсэн байна. Түүнчлэн хувь хүмүүс онлайн платформууд дээр юу чаддагаа зааж, бизнес эрхлэх нь олширчээ. Хэдийгээр энэ нь олон боломжийн үүд хаалгыг нээж байгаа боловч сөрөг муу тал ч ажиглагдаж буй. Ингэж хэлэхээр гайхаж магадгүй. Сурч боловсрох, хөгжиж дэвшихийн сөрөг тал нь юу юм бол...

Эрүүл мэндээ золих шаардлагагүй

Борооны дараах мөөг шиг олширсон сургалтын төв, онлайн курс, хувийн дасгалжуулагч нараас өөрт хэрэгтэйгээ, үнэхээр өгөөжтэйг нь онож сонгоход бэрх болжээ. Манайханд онлайн сургалт явуулахгүй салбар бараг үлдсэнгүй. Төрөл бүрийн гадаад хэлний сургалтаас эхлээд сайн аав, ээж байхыг заадаг сургалт ч байна. Үүнээс хамгийн түгээмэл нь элдэв тураах дэглэмд “хөтлөх” сургалтууд. Энэ нь олон төрөлтэй бөгөөд шөлний, өндөгний, алимны, чавганы, гурвалжин будааны, кето, мацаг гээд цааш хөвөрнө. Ийм төрлийн сургалт эрхэлж байгаа хүмүүс ихэвчлэн тав, 10 килограм жин хаясан, эсхүл хэдэн жил фитнессээр хичээллэсэн байх ба өөрийн үзсэн туулсан туршлага дээрээ үндэслээд сургалт явуулъя гэж шийдсэн байдаг. Мэдээж сургалт явуулж болох ч хүн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал өөр гэдгийг умартаж орхидогт асуудал оршино. Урин дулаан цаг ирж байгаа болохоор тураах сургалтуудын эрэлт нэмэгддэг. Үүнийгээ дагаад “нийлүүлэлт” ч улам төрөлжинө. Эрүүл мэнд туршилт хийх зүйл биш учраас үүнд маш няхуур хандах ёстой юм. Жишээлбэл, охид хүүхнүүдийн дунд моданд ороод буй кето дэглэмийг хүссэн болгон нь барьж болдоггүй. Энэ дэглэм таарахгүй хүндээ элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Угаасаа манайх элэгний өвчлөлөөрөө дэлхийд толгой цохидог. Үүн дээр нэрмээс болж тохирохгүй дэглэм барьчихвал эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад амь насанд аюултай. Аливаа зүйлийн эцсийг үзтэлээ урт хугацаанд тууштай байж сураагүй монголчууд амархан бас хурдан үр дүн хайж эхэлдэг сул талтай. Загатнасан газар маажив гэдэг шиг цахим сургалтууд ч ийм үр дүнг амладаг. Үүний нэг жишээ нь мацаг. Хэд хоног өлсөөд л хүссэн жиндээ хүрч, эрүүлжих боломжтой гэнгүүт хүний санаанд багтаж, болмоор ч юм шиг санагдаад эхэлнэ. Гэвч ном журмыг нь ягштал мөрдөөгүй, биеийн онцлогоо ч бүрэн таниагүйн гайгаар эцэст нь эрүүл мэндээрээ хохирох аюултай. 2019 онд Баянзүрх дүүрэгт амьдардаг 40-өөд насны эмэгтэй дөрвөн хоног мацаг барьснаас болж нас барсан тохиолдол гарч хэсэг шуугиж байлаа. Талийгаач эмэгтэй бөөрний дутагдалтай байсан бөгөөд дөрөв хоног хүнсний бүтээгдэхүүн хэрэглээгүй аж. Энэ мэт харамсалтай тохиолдол мэр сэр гардаг. Гэвч мацгийн тухай сургалтад эр, эм, хөгшин, залуугүй хамрагдсаар л байна. Хэдийгээр мэргэжлийн хүмүүсийн заавар тусламж, хяналт дор зөв зүйтэй аргаар мацаг барьж болох ч байгаль цаг уур, улирлын онцлог, биеийн чадлаа харгалзан зохицуулах, тааруулах хэрэгтэй юм. Мэдээлэл элбэг, шинжлэх ухаан хөгжсөн XXI зууны иргэн биеийг хоргүйжүүлж, цэвэршүүлнэ, турааж, галбиржуулна гэх тодотголтой сургалтад зайнаас хамрагдахаар шийдсэн бол юун түрүүнд шинжилгээ өгч эмчид үзүүлээд биеийн эрүүл мэндээ эхлээд тандчих хэрэгтэй юм. Үүний дараа өөрт тохирох хооллолт, дасгал хөдөлгөөн, түүний зохист хэмжээний талаар уншиж судлах шаардлагатай байна. Өөрөө л эрж хайвал мэдээлэл олдохгүйн зовлон орчин үед байхгүй.

Дотрын эмч Т.Цэрэнтогтох

Фэйсбүүкээр бөөнөөр нь ингэж эмчилнэ, тэгэж биеийг хоргүйжүүлнэ гэсэн нийтийн давлагаа явуулдаг энэ зүйлүүд дээр Эрүүл мэндийн яам, нийгмийн Эрүүл мэндийн төв гээд холбогдох газрууд хяналт тавьмаар байна. Эрүүл мэндийн ямар ч суурь боловсролгүй хүмүүс дээр тоглолт хийж байна. Энэ хэвээр үргэлжилсээр байвал монгол хүний генетик, удамшлын хувьд аюул учирлаа. Тиймээс хүмүүс юмсын цаад учрыг нь тунгааж, сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Фэйсбүүкийн цаанаас тэр хүн ямар зовуурьтай, юу нь өвддөг, ямар эрсдэлтэй гэдгийг мэдэх боломжгүй, юу ч тодорхой бус байхад нийтлэг нэг зүйлийг олон хүн дээр ялгаагүй хэрэгжүүлнэ гэж байхгүй. 

Сэтгэл зүйгээрээ тоглуулж болохгүй

Дээр дурдсан сургалтуудаас гадна цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явдал түгээмэл байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг биеийн эрүүл мэндтэй адил өвдөж бас илааршиж болдог учраас анхаарал хандуулж сэтгэл зүйчдэд хандаж байна гэдэг сайн хэрэг, ахиц дэвшил. Гэвч үүнд үр дүн хэрэгтэй. Цахимаар зөвлөгөө өгч буй сэтгэл зүйчид үйлчлүүлэгчдээ үнэхээр тус болох чадвартай эсэх бүр цаашлаад энэ мэргэжлийг эзэмшсэн эсэх нь ч эргэлзээтэй байна.

Сэтгэл засалч эмч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатар энэ талаар хэлэхдээ “Гаднын орнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд ийм хичээлийг тэдэн цаг үзэх ёстой эсэн өндөр шалгууртай. Сэтгэл зүйн зөвлөгөөг тусгай хянагч багш ахлах багшийн хяналтад өгнө. Тэр багш маш туршлагатай байх ёстой. Дэлхийн Сэтгэл засалчдын нийгэмлэгийн дүрэмд дор хаяж 2000 цаг дадлага хийсний дараа л зөвлөгөө өгөх хэрэгтэй болдог. Гэтэл манайд энэ тогтолцоо байхгүй. Тиймээс дөнгөж төгссөн залуус зөвлөгөө өгдөг. Энэ бол ёс зүйн хувьд, хууль эрх зүйн хувьд ч хүлээн зөвшөөрөмгүй зүйл. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал” гэлээ.

Дан ганц сэтгэл зүйн зөвлөгөө гэлтгүй амжилт, аз жаргал, дадал хэвшил, зорилго, үнэт зүйл заах амьдралын көүч нар ч олон сургалт явуулдаг. Гэвч тэд энэ чиглэлд мэргэшсэн жинхэнэ дасгалжуулагч мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Энэ бол тусдаа мэргэжил. Жишээлбэл, АНУ-д амжилтын көүч гэдэг тусдаа мэргэжлийг эзэмших хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж буй юм. Цахим сургалтад хамрагдана гэдэг угтаа цаг бас мөнгийг хэмнэх учиртай. Яг энэ шинжид нь олон хүн татагддаг. Гэтэл онлайнаар сураад ямар ч үр дүн гарахгүй байсан ч үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй. Учир нь, онлайн сургалтууд хяналтаас гадуур. Аль чиглэлд хэчнээн хүн хэдэн сургалт явуулж, ямар хүмүүс хамрагдаж байна гээд албан ёсны тоо, судалгаа хаана ч байхгүй. Ийм сургалтын үр дүн сургалтад хамрагдагчийн хичээл зүтгэл, сахилга бат, авьяас билэгээс шалтгаалах ч гэлээ сургалтын өгөөж багшаас, дасгалжуулагчаас хамаарна. Энэ бүхэн хяналтгүйгээс болж хохирсон хүмүүс ч олон бий. Цахимаар сурах нь буруу зүйл биш, харин ч хөгжил дэвшил. Гагцхүү сурч боловсорч, улам сайжрахыг хичээх зүтгэлээ үргүй зардал болгож хувиргахгүйн тулд сонголтоо зөв хийх хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. дугархорлоогийн хэрэг гэдэг баримтат кино давхар бас нэг баримтат кинотой кинотеатруудаар киноны өмнө нэг хэсэг гаргасан. "гэзэгт бариач". арван хуруундаа 10 төмөр мөмөр бөгж зүүчихсэн, охид хүүхнүүдийг эмчилж байна гэж гэдэс цавинд нь гараа хийгээд кинонд гардаг. нэг хэсэг бас өт гаргадаг архинаас гаргадаг бариач. сэлэмддэг нулимдаг хүн ч гэх шиг.

    0 0 Хариу бичих
    • ман-ы сарангэрэл хатан ээж э/м сайд асан. д витаминаар бас халдвар өвчин эмчилнэ

      0 0
    • сэлэмддэг, нулимдагууд үхэж байж хүмүүсийг амраасан байх

      0 0
    • нөхрийгөө нулимуулах юмсан гэчихсэн авгай нар. ядаж архи руу нулимуулаад уулганаа. уг нь нүцгэн цээж рүү нь нулимах ёстой юм бх. ккк

      0 0
    • онлайнаар бандашигаар бүх өвчин эмчилнэ. шидэт өмд. шидэт дохиур одоо зарж байгаа. экс эм сайд сүлжээний уургаар сүрьеэ халдварт өвчнүүд эмчилнэ гэдэг сүлжээ сурталчлаад байхад даа

      0 0
  2. манайд нэг сэтгэцийн эмч хүмүүсийг их хямралтай байна гэснээ өөрөө аймар муу муухай хямарсан юм яриад, гутранги муухай яриатай. тэр ёстой бүтэхгүй эмч. эмч ч гэж дээ.

    0 0 Хариу бичих
    • эмч нь өөрөө өвчтэй, хямралтай. ерөөсөө л дөнгөн данган анхан шатны мэдлэгтэй. чадвар байхгүй.

      0 0
    • энэ эрдэнэбаатар сэтгэл зүйн триллерт тогломоор царайтай. хаха

      0 0
  3. швейцарын нэг эмч олимпын аврага дээр кето дэглэмийн туршилт хийсэн. зардлыг даана нтр. тэр тамирчин эрүүл мэндээрээ хохирсон. юун дараагийн олимп.

    0 0 Хариу бичих
    • гоё нэр хөөгөөд, гэнэн.

      0 0
  4. хэн хамгийн тэнэг вэ? уралдаан л явж байгаз. нөгөө энэ fb постыг шэйрлээд, хамраа дараад ок гэсэн комент дор нь бич тэгвэл ээжийн чинь зураг гарч ирнэ гэдэг шиг л.

    0 0 Хариу бичих
    • ану-ийн тэнгисийн усан цэрэг өвөлсөн их мөнгөө үрж чадахгүй хувааж үрэх хүн хайж байна. хамтрах хүн шилжүүлэх данс нээлгэх зардал явуулна уу.

      0 0
  5. арьсны йог, нүүрний йогийн сургалт инээдтэй. энэтхэг йогинууд цаашаа зүгээр. савж унамаар.

    0 0 Хариу бичих
  6. аура төв ч гэнэ үү нэг тийм бясалгал шиг гэхдээ шал солиотой юм заадаг төв байдаг юм байна. та өөрийгөө тайвшруул, .... нас барсан хүмүүсээс энерги ав мав гэх маягийн л юм ярих. маш гоё хөтлөгч дуугаар уншиж заавар өгөхөөр хүмүүс дорхноо панаалдуулж бараг ховсдуулах.

    0 0 Хариу бичих
  7. тураана гээд алчих гээд байгаа нь үнэн. ма хөрший мянга мянган долларын үнэтэй тураах хөтөлбөрүүд нь амжилтгүй боллоо, ялагдлаа. яагаад гэсэн таргалалт өөрөө өвчин юм байна гэнэ. бөөрний дутлаар нас барсан тэр хүн өвчнөөсөө болж л тарган.

    0 0 Хариу бичих