Кремлийн охид

Дэлхийн улс орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг тавьж буй эдийн засаг, улс төрийн хориг Кремлийн өндөр албан тушаалтнуудын эрх танхи охидыг тойрсонгүй. Сайд, Думын гишүүн эсвэл Кремльд томоохон алба хашдаг эцэгтэй орос бүсгүйчүүдийн тансаг амьдралын хэв маяг, олон сая ам.долларын бизнес Украины дайнаас ч өмнө олон нийтийн анхаарлыг татах болсон.

Эрчүүд давамгайлсан Оросын бизнес, улс төрийн пирамидын оргил өөд эгэл жирийн айлаас гаралтай бүсгүйчүүд тэмүүлэх нь бүтэшгүй мөрөөдөл. Эцэг, эх нь барууныхныг илт эсэргүүцэж байхад хүүхдүүд нь Оросын нийгмийг эрс үгүйсгэдэг улс оронд боловсрол эзэмшиж Лондон, Парисаар суурин амьдардаг өв залгамжлагчид эх орондоо бага хүүтэй банкны зээл хүртэж, тэргүүлэх компаниудын хяналтын багц атгана.

Путины нууцлаг гэр бүл

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд эхнэр Людмилагаас гэрлэлтээ цуцлуулсанаас хойш хувийн амьдралынхаа талаар ам нээгээгүй. Албан ёсны гэрлэлтээс хоёр охинтой гэдэг ч хамгийн сүүлд 20 жилийн өмнө тэдний зураг хэвлэлд гарч байсан болохоор Путины охид өдгөө ямархуу дүр төрхтэй болж овог нэр нь өөрчлөгдсөнийг баттай нотлох мэдээлэл хомс. Саяхан АНУ-аас Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй нэмэлт хоригоо зарласны дотор Катерина Владимировна Тихонова болон Мария Владимировна Воронцова гэх нэрс багтсан нь Путины насанд хүрсэн охид гэж Цагаан ордны зүгээс мэдэгдэж буй. Дотоод шүүрлийн булчирхайн эмч мэргэжилтэй Мария Воронцова нь Путины том охин болохыг хэдэн жилийн өмнө The New Times сонинд мэдээлж байв. Москвагийн их сургуулийг 2015 онд төгссөн Мария бизнес эрхлэгч Йоррит Йоост Фаассентэй гэрлэж Нидерландад 3.3 сая долларын үнэтэй харшид амьдардаг тухай мэдээлэл гарч байсан ч Фаассен дээрх гэрлэлтийг эрс үгүйсгэсэн юм. Анагаахын шинжлэх ухааны эрдмийн зэрэгтэй Воронцова одоо Оросын эрүүл мэндийн салбарт хувийн хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхэд оролцдог “Номеко” компанийн хамтран эзэмшигч. Воронцовагийн компани генетикийн судалгаанд зориулж Кремлээс олон тэрбум долларын төсөв авдаг бөгөөд тэдгээр хөтөлбөрүүдэд нь Путин биечлэн хяналт тавьдаг аж. 35 настай бага охин Катерина Тихонова Оросын Засгийн газар болон батлан хамгаалах салбарт тусалдаг технологийн компанийг удирддаг. Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх стартап инкубатораас хэрэгжүүлж буй 1.6 тэрбум ам.долларын төсөлд ч өөрийн оролцоотой. К.Тихонова мөн тус сургуулийн хиймэл оюун ухааны судалгааны төвийг ахалдаг бол эгч М.Воронцова нь Үндэсний оюуны хөгжлийн санг үүсгэн байгуулжээ. Эдгээр сан болон судалгааны төвүүдийн үйл ажиллагааг “Иннопрактика” гэх сан эрхлэн хариуцдаг бөгөөд тус сангийн удирдах зөвлөлд “Роснефть”-ийн захирал И.Сечин, Газпромбанкны захирал А.Акимов нар багтана. 2015 онд “Ройтерс” агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлчид Катерина Тихонова болон түүний нөхрийн эзэмшдэг корпорацын хувьцааг 2 тэрбум доллараар үнэлж байв. Нефть, химийн бүтээгдэхүүний “Сибур Холдингс” компанийн өв залгамжлагч Крилл Шамалов 2013 онд Путины бага охинтой гэрлэсэн ч хосууд 2018 оноос тус тусын мөрийг хөөх болжээ.

Катерина Тихонова Мария Воронцова

Елизавета

Оросын зарим хэвлэл Путиныг гурван охинтой гэж үздэг. Ерөнхийлөгчийн “дотнын” найзуудын нэг нууцлаг саятан Светлана Кривоногихны охин Елизавета 2003 онд төрсөн. Гадаад төрхөөрөө Оросын тэргүүнтэй үйлийн үргүй адилхан Лиза бүсгүй ээжийнхээ хамт Лондонд суурин амьдардаг. 1990-ээд онд нийтийн байранд толгой хорогдож байсан Светлана Кривоногих одоо Оросын Ерөнхийлөгчийн найзуудаас үнэтэй тансаг бэлэг хүртэж Москва, Сочи, Санкт-Петербург хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Светлана 2000 оны эхээр “Россия” банкинд ажиллаж эхэлсэн бөгөөд охиноо төрөх үеэр тус банкны голлох хувьцаа эзэмшигч болжээ. 100 гаруй сая долларын хөрөнгөтэй Кривоногих саяхан Лондонгоос Санкт-Петербург руу нүүдэллэж, Каменный арал дээр сарын 700 мянган рублиэр харш түрээслэсэн нь нийтэд ил болсон юм.

Клептократи охид Ерөнхийлөгчийн охидоос гадна Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын гэр бүлийн тансаг амьдралын хэв маяг барууны хэвлэлийн анхаарлыг татах болсон. Өнгөрсөн сард Их Британийн хоригт орсон Лавровын дагавар охин Полина Ковалева гэхэд л Лондонгийн Кенсингтонд 4 сая фунт стерлингийн үнэтэй тансаг байртай. Их Британийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс харахад Полина дээрх харшийг 21 настайдаа ямар нэгэн барьцаагүйгээр бэлэн мөнгөөр худалдан авчээ. “Лавровын найз бүсгүй” хэмээн хэвлэлүүд хочилдог Полина нийгмийн сүлжээнд олигархиудын дарвуулт завиар зугаалж, Австрийн цанын бааз, далайн эрэг дээрх тансаг харшид тухалж буй зургаа нийтлэх дуртай.

Полина Ковалева

Харин Лавровын төрсөн охин Екатерина Винокурова өдгөө 39 настай бөгөөд Нью-Йорк дахь Колумбын их сургуульд элсэн суралцаж, Лондонгийн Эдийн засгийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан аж. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын өмнөх гэрлэлтээс төрсөн охин Лиза Пескова ээжийнхээ хамт Парист төвхнөөд удаж буй. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн удирддаг Авлигатай тэмцэх сангийн мэдээлснээр Пескова хатагтай 2016 онд Парисын хамгийн үнэтэй хороолол болох Виктор Гюгогийн өргөн чөлөөнд 180 ам метр талбайтай хоёр сая ам.долларын байр худалдаж авчээ.

Лиза Пескова

Англид өссөн түүний ах Николай хувийн онгоцоор дэлхийг тойрон аялж, Москвад үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, тансаг зэрэглэлийн автомашинаараа хотын төв замаар уралддаг. Песковын ууган хүүгийн нэр дээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 116 тохиолдол бүртгэгдсэн ч хэрэгсэхгүй болгосон юм. Үнэндээ хорь шахам жил төрийн алба хашиж буй Дмитрий Песковын хөрөнгө хогшил анхаарал татна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч 600 000 долларын үнэтэй цаг зүүж, гурав дахь эхнэртэйгээ гэрлэхдээ бал сарын аялалд 430 000 доллар зарцуулж байв. Өнгөрсөн жил ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын бага охин 30 настай Ксения Шойгу гурван сая гаруй долларын ашигтай мэдээллийн технологийн гарааны компаниа зарсан. Францын дизайнерын даашинзаар гоёсон Ксения нэгэн ярилцлагадаа “Би бүх төслийн ээж” гэж хэлж байжээ.

Ксения Шойгу

Энэ мэтчилэн Оросын элит давхаргын танхи охидын эд баялаг, эрх ямбаны тухай урт жагсаалт хөвөрнө. Путинд ойр гэр бүлүүдийн нууц баялаг нь клептократизм гэсэн ойлголттой холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Жоржтауны их сургуулийн профессор Жоди Виттори “Клептократи бол зүгээр л хулгайч нарын удирддаг Засгийн газар. Гаргасан бодлого, шийдвэрүүд нь тэдгээр тонуулчдын төлөө байдаг” гэжээ. Оросын клептократуудын үр хойчис хуримтлуулсан баялгаа барууны тансаг хэрэглээ, үнэтэй цүнх хувцсанд үрдэг бол тэдний төрөлх эх оронд 20 сая хүн үгээгүй ядууд тооцогдоод удаж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)