Гарааны бизнес- ирээдүйн корпорац

Дэлхий ертөнц даяарчлагдаж буй энэ цаг үед инстаграм, юутүүб, линкид ин зэрэг стартап компаниуд зах зээлд түрэн гарч ирж, эрчимтэй хөгжиж байна. Энэ урсгал ч манайд нэвтрэн орж “Sendly” стартап 10 минутын дотор улс хооронд мөнгө шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн бол Zochil.shop, Shoppy.mn зэрэг онлайн худалдааны стартапууд хэрэглэгчдийнхээ тоог нэмж, хөрөнгө оруулалтуудаа босгож, үнэлгээгээ өндөрсгөв. 

Харин медиа салбарын стартап гэж хэлж болох “Lemon Press” нь үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд зогсохгүй Coinhub, Complex зэрэг стартапуудыг гарган ирж технологиор дамжуулан шийдлээ нэвтрүүлж хөрөнгө санхүүгийн салбарт салхи орууллаа. Ийнхүү стартап компаниуд Монголд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өдгөө нийт 100 орчим стартап компани үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна гэх дүн мэдээ л бий. Тэгвэл эдгээр компаниудын жилийн орлого, нийт хэдэн тэрбум төгрөг хөрөнгө оруулагчдаас татаж талаар нэгэн судалгаа хийгджээ. Судалгаанд нийт 80 стартап, 10 инкубатор, хурдасгуур компани, инновацийн төв, бүлгэм, есөн их, дээд сургууль, технологийн коллеж, судалгааны институтүүд болон төрийн, олон улсын байгууллагын төлөөлөл хамрагдсан юм. Улмаар Монголын стартап компаниудын дундаж үнэлгээ 452 тэрбум төгрөг гэж үнэлэгдсэн бөгөөд тэд нийт 96 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож 60 тэрбумын орлого олжээ.  

Стартап компаниуд 1318 ажлын байр бий болгожээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  стартап компанийн 63 хувь нь сүүлийн гурван жилд байгуулагджээ. Ялангуяа, судалгаанд оролцсон стартапуудын 32 хувь нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэгвэл Монголын нийт старт-ап компаниуд 1318 ажлын байрыг бий болгосноос 717 нь бүтэн цагийн ажил байгаа юм.

Старт-ап компанийн зах зээлийг аялал жуулчлалын салбартай харьцуулахад, 2021 онд аялал жуулчлалын салбар ДНБ-ий 0.5 хувь буюу 54 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн бол эдгээр компаниуд 60 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Үүнээс дүгнэхэд өнгөрсөн онд тус компаниуд аялал жуулчлалын салбараас даруй зургаан тэрбум төгрөгийн илүү орлоготой ажилласан бөгөөд шинээр ажлын байрыг бий болгож байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.

Стартап компанийг тодорхойлсон нарийн тодорхойлолт байхгүй

Стартап компаниудыг бизнесийн бусад хэлбэрээс юугаараа ялгаатай гэдэг талаар нарийн зааг ялгаа байдаггүй аж. Чухам эдгээр компаниудыг технологиор өрсөлдөн, интернетийн зах зээлд нэвтрэн үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэн олон тэрбум долларын ашиг олох зорилготой нэгдмэл багаас гаралтай гэдгээр нь ялгаж болно. Старт-ап компанийн талаар олон судлаач өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг ч нэгэн судлаач эрхэм хамгийн оновчтой тайлбарлажээ.  Түүнийг Steve Blank гэдэг бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн бизнесмен, судлаач юм. Тэрээр “ Стартап компани гэдэг нь тасралтгүй үргэлжлэх, цаашид өргөжин тэлэх боломжтой бизнес моделийг хайхаар загварчлагдсан түр хугацааны байгууллага юм. Өсөж хөгжих стартап компанийн бизнес модел нь тасралтгүй үргэлжлэх буюу дахин дахин давтагдахуйц байх шаардлагатай. Ингэж байж цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлнэ. Компаниуд хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өсгөж өгөхийн тулд өсөн дэвжих боломжтой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, стартап компанийн зорилго нь том компани болоход чиглэсэн байдаг. Ийм учраас стартап гэдэг бол байгууллагын хөгжлийн түвшний нэгэн хэлбэр, түр хугацааны байгууллага юм” гэж хэлжээ. 

                                   Спартап компанийг хэн байгуулж болох вэ?

Монгол Улсад хэн ч стартап компани байгуулж болох бүрэн эрхтэй юм. Гэхдээ компани үүсгэн байгуулж байгаа иргэн дахин давтагдахгүй “галзуу” санаа, эргэлтийн хөрөнгө, мэдлэг, чадвартай шилдэг баг бүрэлдэхүүнтэй байхыг судлаачид зөвлөдөг. Энэ нь үйл ажиллагаагаа бүрэн явуулахад үндсэн тулгуур зарчим болдог аж. Үүнийг ч Монголдоо стартап компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй  “Nubisoft” технологийн компанийн хамтран үүсгэн байгуулагч Э.Пүрэвдорж хэллээ. Тэрээр” Анх 2019 онд Монголд технологийн салбар урт хугацаандаа хурдацтай хөгжих чиг хандлага тодорхой харагдсан юм. Энэ нь зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхийд ойлгомжтой болж буй өөрчлөлт байсан. Яг үүн дээр үндэслээд банкны салбарт ажиллаж байсан хоёр найзтайгаа нийлээд “Nubisoft” хэмээх технологийн компанийг анх байгуулсан. Одоо бол 15 хүний бүрэлдэхүүнтэй анхны төсөл болох “Tibi” аппликейшн дээрээ ажиллаад явж байна. Стартап компанийг хүмүүсийн сайн мэддэг томоохон корпорацын үйл ажиллагаатай харьцуулахад тэс ондоо. Корпорацын хэрэглэгч нь бэлэн төсөл хөтөлбөрүүд дээр өөрчлөлт оруулах зарчмаар явдаг. Гэтэл старт-ап компанийн хувьд зөвхөн бодит болоогүй санаа буюу бүх зүйлийг тэгээс нь эхэлдэг болохоор хүний нөөц, хэрэглэгчээ олж ирэх, бэлтгэх, хэвшүүлэх гээд хүнд сорилтуудтай үргэлж нүүр тулдаг” гэлээ.

Стартап компанийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин, төрийн дэмжлэг хэрэгтэй

Олон улсын хөгжлийн байгууллагуудын хувьд стартапыг хөгжүүлэхэд төрөөс тууштай дэмжих нь хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг байна. Монголд ч гэсэн стартап экосистемийг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд хууль эрхзүйн орчныг өөрчлөх, төрөөс тогтвортой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэж чадвал эдгээр компаниуд эрчээ алдахгүйгээр өсөж хөгжих боломж бүрдэж таатай бодлогын орчин бий болох юм. Мөн стартап экосистемийг өргөжүүлэхэд олон улсын стартапын экосистем, зах зээлтэй холбоотой байх нь чухал байдаг гэнэ. Тиймээс манай улс Япон, Сингапур зэрэг бусад улстай хамтран ажиллах нь өсөлтөд бодит түлхэц болж, дэлхий дахинд өөрсдийн боломжоо харуулахад тусална гэдгийг судлаачид онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)