"Өглөөний гудамжинд төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах боломжтой"

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамж  байгуулагдаад буй. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготой. Тэгвэл тус гудамжинд street food зарим нэгэн урлагийн үйл ажиллагаа хэрхэн явуулж болох талаар Өглөөний Улаанбаатар /Morning Street/-д Менежментийн багийн удирдагч Ш.Гантулгатай ярилцлаа.

Өглөөний гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл "Street food" буюу гудамжны хоолыг тус гудамжинд явуулах боломжтой юу? 

-Хотын даргын захирамжаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүйгээр "Street food" буюу гудамжны хоол зэрэг зарим нэгэн үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой. Гэхдээ анхаарах зүйл нь шорлог, сэндвич гэх мэт зөвхөн тус газартаа иргэдэд шууд хийж өгөх боломжтой үйлчилгээг явуулахад анхаарч байгаа. Гэртээ бэлдсэн ямар нэгэн шаардлага хангаагүй хоол хүнсийг борлуулах, тамхи, согтууруулах ундаа зэргийг зарахыг хориглож байгаа.

Өглөөний гудамжинд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах боломжтой вэ?

-Мэдээж өглөөний гудамж учир өглөө 6 нь цагаас эхэлж үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Харин оршин суугчид төвтэй бүсэд байршилтай учир шөнийн 10 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй.

“Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдсанаар ямар давуу тал боломж бий болж байгаа вэ?

-Тус гудамжийг ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс санаачлан НЗДТГ-аас байгуулсан. Улаанбаатар хотын ихэнх иргэд өглөө эрт ажиллаа амжуулах гэхээр онгорхой газар байдаггүй. Иймд үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа уулзалт зохион байгуулж, ажиллаа амжуулах боломж бүрдэж байгаа нь давуу тал болж байна. Боломж гэвэл мэдээж бусад улсын жишгээр өглөө эрт ажилтай хүмүүст өглөөний цай, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэж байгаа.

Өнгөрсөн жил тус гудамжинд долоо хоног бүр нэг хөтөлбөр хэрэгжүүлээд байсан. Тэгвэл энэ жил ямар нэгэн арга хэмжээ өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөө байгаа юу? 

-Өнгөрсөн жилийн тухайд өглөөний гудамж дөнгөж нээгдэж байсан учир нээлтийн долоо хоног гэж иргэдэд танилцуулах зорилгоор арга хэмжээ тогтмол зохион байгуулж байсан. Харин энэ жилээс бид сардаа нэг, хоёр өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Иргэдэд санал болгоход өглөөний гудамжинд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад нээлттэй. Урлагийн, спорт, загвар гэх мэт төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж болно.

Өглөөний гудамж цар хүрээгээ тэлэх үү цаашдаа хаана дахин өглөөний гудамж төсөл байгуулагдах төлөвлөгөөтэй байна?

-Төлөвлөж байгаа ч тохиромжтой байршлын судалгаа хийх шатанд явж байгаа. Бидний төлөвлөж байгаагаар өглөөний гудамжийг нийслэлд цаашдаа гурван байршилд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хотын төвд бгаа хүмүүс л хожих юм даа

    0 0 Хариу бичих
  2. за тэр шорлогооо болио, нуль утаа май болоод муухайшд

    0 0 Хариу бичих