Г.Амартүвшин: Банкуудын IPO хийх процессыг зогсоож, хойшлуулж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Системд нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Банкны реформ хийх хуулийн төслийг олон жил дараад, хэлэлцэхгүй байсан. Хэл ам болж, арай гэж баталсан хуулийг хойшлуулъя гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ. Бид үүнийг заавал хийх ёстой. 2021 оны эцсийн байдлаар банкуудын өөрийн хөрөнгө хангалттай байгаа 15 хувь, хөрвөх чадвар нь 41 хувь. Таван том банк 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Эдийн засаг хүнд байгаа үед ийм ашигтай ажилласан. IPO хийх процессыг зогсоож, хойшлуулж болохгүй. Банкны холбооноос санал авсан уу. Банкууд өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байгаа. Яагаад үүнийг бүтэн жилээр хойшлуулах гэж байгааг ойлгохгүй байна. Бэлтгэл нь хангагдаагүй нэг, хоёр банкны лобби орсон байж магадгүй гэж хардаж байна. Банкны реформын амин сүнс алдагдах нь. Банкууд бэлэн байгаа. Анх баталсан тэр зарчмаа баримтлаад реформоо хийх ёстой. Богд банк IPO амжилттай хийсэн. Мөнгө төгрөг босохгүй байна гэдэг худлаа шүү дээ. IPO-г койн шиг болно гэж ярих нь зохимжгүй. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хойшлуулаагүй, зөвхөн хугацааг нь сунгаж байгаа юм. Банкуудыг олон нийтэд нээлттэй, хувьцаат компанид шилжүүлэх процесс зургаадугаар сарын 30-нд дуусна. Ийм богино хугацаанд таван том банк хувьцаагаа зэрэг олон нийтэд санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлнө. Тиймээс хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30 болгож, нэг жилээр сунгаж байна. Бэлэн болсон банк одоо IPO гаргаж болно" гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)