"Болрын цайлттай нярайг төрснөөс хойш 4-6 долоо хоногийн дотор мэс заслаар эмчилж болно"

ДЭМБ-аас дэлхий даяар хараа алдалттай 2.2 тэрбум хүн амьдардаг гэж судалжээ. Мөн хараагаа алдсан тохиолдлуудын 50 орчим хувь нь хараа алдалтаас сэргийлэх бүрэн боломжтой байсан гэж мэдээлсэн байна. Монгол Улсын хувьд хараагүй болж буй хүмүүсийн үндсэн шалтгааны 39 хувь нь эмчлэгдээгүй болрын цайлт, хоёрдугаарт нүдний даралт ихсэх өвчин, гуравдугаарт, болрын бүдэгшил өвчин орж байна. Тэгвэл нүдний хараа ба өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх  талаар УНТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн их эмч, АУ-ы магистр О.Наранцэцэг зөвлөж байна. Тэрээр "Хүний нүдний тунгалаг болор цайж, бүдэгшиж, хараа алдагддаг. Үүнд харааны бэрхшээлтэй төрөх, нүдэндээ гэмтэл авах, нас өндөр болохоос гадна өөр бусад хүчин зүйлүүд нөлөөлж болно. 

Төрөлхийн гэдэг нь ураг эхийн хэвлийд байхдаа эхийн бодисын солилцооны өөрчлөлт, архаг өвчнүүд, ямар нэг эмийн нөлөөгөөр болор цайсан хүүхэд төрж болно. Ийм хүүхдийг төрснөөс хойш 4-6 долоо хоногийн дотор болрын хагалгаанд оруулбал залхуу нүд буюу мохос хараанаас урьдчилан сэргийлнэ.

Насжилттай холбоотой бодисын солилцооны өөрчлөлтөөс болж болрын цайлт үүсдэг. Тэгэхээр хараа алдагдах үед болрын мэс засалд орвол хараа эргэн сэргэх боломжтой юм.
Нэг зүйл анхааруулахад, хүмүүс хос хараатай учир нэг нүднийхээ хараа муудсаныг анзаарахгүй, тоохгүй явсаар болрын цайлтыг хүндрүүлж хатуурсны дараа эмнэлэгт ханддаг. Хэт хатуурсан бол мэс заслын үед хүндрэл гарах эрсдэлтэй" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)