Хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжих эрхтэй

Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдгээрийн, 

  • 2422 нь хөдөлгөөний бэрхшээлтэй
  • 1087 нь харааны бэрхшээлтэй
  • 825 нь хэл ярианы бэрхшээлтэй
  • 644 нь сонсголын бэрхшээлтэй
  • 2263 нь сэтгэц хөгжлийн бэрхшээлтэй
  • 1152 нь хавсарсан бэрхшээлтэй
  • 3442 нь бусад бэрхшээлтэй юм. 

Эдгээр хүүхдүүдийн 2,500 гаруй нь бүх шатны боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тоо дурдвал, сургуулийн өмнөх боловсролын насны 1,629 хүүхдээс 1,023 нь буюу 63 хувь нь, сургуулийн насны 8,873 хүүхдээс 6,208 буюу 70.7 хувь нь боловсрол эзэмшиж байгаа бол үлдсэн хэсэг нь сурах, хөгжих эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр "Сурах эрх" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Улмаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай холбогдох салбарынхан ярилцав. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах эрхийн талаар мэдээлэл өглөө. 

Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж байна

Үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангахаар тогтоол, шийдвэр гаргаж ирсэн. Гэвч эдгээр хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадаагүй. Тиймээс энэ асуудлыг бид өөр өнцгөөс харах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийн өөрсдийн дуу хоолойг сонсох нь чухал. Асуудал, бэрхшээлийг энэ хүмүүс өөрсдөө тодорхойлох юм бол амьдралд илүү ойр шийдвэр, шийдэл байна гэж бодож байна. 10 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тутмын хоёр нь боловсролын үйлчилгээний гадна үлдэж байгаа гэх статистик байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд яаж чанартай боловсрол олгох вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаж байна. Түүнчлэн бусад улс орнын туршлагыг судалж үзэх нь зүй. Түүнчлэн хүний нөөцийн асуудлыг ч анхаарах шаардлагатай. Би сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл нь бодлого гаргах түвшинд оролцож, зөвлөх нь зөв хэлбэр гэж үзэж байгаа. Асуудлыг оновчтой харж, шийдвэр чадвар хүн бүхэнд сурах эрхийг олгох бүрэн боломжтой гэж харж байгаа.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар ярилцсан юм. Тусгай хэрэгцээт хүүхдийг ангид нь зөвхөн багшид даатгаж орхилгүй эцэг эх, эрхлэгч, арга зүйч хамтран санаа тавьж, аргачлалаа боловсруулан ажилладаг байна. Мөн тусгай хэрэгцээт хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар сургалтуудад эцэг, эхчүүдийнх нь саналыг үндэслэн суралцуулдаг аж. Энэ талаар цэцэрлэгийн болон эцэг, эхийн төлөөлөл мэдээлэл өгөв. 

Цэцэрлэгт явуулснаар хүүхдийнхээ аутизмыг эрт илрүүлсэн

Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн сурагч н.Жаргалбаярын эмээ

Миний хүү Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт суралцдаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулаад удаагүй байтал дуу хөгжмийн багш нь намайг дуудаж уулзсан. Багш хүүхдээ эмнэлэгт үзүүлэхийг зөвлөөд “Аутизмтай байж болзошгүй” гэж хэлсэн. Сонсоод эмзэг хүлээж авсан. Дэлгэцийн хамаарлаас л шалтгаалсан байх гэж боддог байлаа . Гэхдээ багшийн үгэнд ороод эмчид үзүүлсэн. Тэгсэн манай хүүхэд өгсөн дүрсийг нь өрөөд эхэлсэн. Тэгээд аутизмтай гэдгийг нь мэдсэн. Азаар эрт илрүүлсэн. Манай хүүхэд эхэндээ гараа савчаад л гүйдэг байсан. Тэр үед нь бага бүлгийн багш нь сандал дээр нь суулгаж сургасан. Одоо манай хүүхэд босож гүйдэггүй, дуулгавартай болсон. Өчигдрөөс хоолоо халбагадаж идэж сурсан. Хүүхэд цэцэрлэгт хамрагдах маш чухал юм билээ.

Бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварладаггүй

279 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Алтанцэцэг

Манай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй таван хүүхэд хамрагддаг. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, тархины саажилттай, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд бий. Цэцэрлэгээс гадуур таван хүүхэд бий. Эдгээр хүүхэдтэй хэрхэн харилцах тухай төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Ингэхдээ өрхийн эмч, нийгмийн ажилтантай хамтарч ажилладаг. Хүүхдүүд бие биеэ хөгжлийн бэрхшээлтэй гэж элдэв ааш гаргадаггүй. Найзалж, тоглодог юм билээ

Хүүгээ хөгжүүлж, суралцуулмаар байна

Баянгол дүүргийн иргэн н.Солонго

Намайг н.Солонго гэдэг. Миний хүү оюуны хүндэвтэр бэрхшээлтэй. Одоо Баянгол дүүргийн 70 дугаар сургуульд суралцдаг. Энд би өөртөө тулгардаг бэрхшээлийн талаар ярихыг хүслээ. Миний хүү төрөхийн хүндрэлийн улмаас тархины усжилттай болоод, хэл яриа, оюуны хувьд хоцрогдолтой болсон. Хүүгээ таван настай байхад нь сувилалын цэцэрлэгт сургасан. Зургаан нас хүрэхэд нь сургуульд оруулах болсон. Энгийн хүүхдүүдтэй хамт суралцах юм бол хүүхэд илүү хөгжинө гэж бодсон болохоор улсын сургуульд өгөхөөр шийдсэн. Тухайн үед сургуулийн захиралтай уулзахад “Танай хүүхдийг хүлээж авч болно. Гэхдээ 35-40 хүүхэдтэй ангид танай хүүхэд суралцаж чадах уу. Багш тэр бүх анзаарч чадах болов уу” гэж хэлсэн. Тэгээд хувийн сургуульд өгөхөөр судалсан ч бас л аваагүй. Тэгээд тусгай сургуульд өгөхөөр Баянгол дүүргийн 70 дугаар сургуульд өгсөн.Одоо манай хүүхэд есдүгээр ангиа төгсөнө. ЕБС-ээ төгсөөд хаачих вэ. Цаашид гэрт нь хэнтэй ч харилцахгүй, гэрт нь байлгамааргүй байна. Судлаад үзэхэд Баянзүрх 52 дүүргийн дугаар сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг 12 жил сургадаг юм байна. Гэхдээ Баянгол дүүргээс Баянзүрх дүүрэг рүү хүүхдээ зөөгөөд явахад миний хүүхдийн биеийн байдал дийлэхгүй. 

Тусгай анги нэрээр тусгайлан ялгаварлаж байна

Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн асуудлыг талууд хэлэлцсэн юм. Харин хоёрдугаар хэсэгт ерөнхий боловсролын асуудлыг хөндлөө. Мөн үеэр Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ мэдээлэл өгсөн юм.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны захирал С.Сэлэнгэ

Бүх нийтийн боловсролын үйлчилгээг зарим сургуулийн захирал ялгаатай байдлаар хүргэж байна. Захирал бүх хүүхдээ элсүүлж, хуваарилахдаа нас харгалзахгүй байна. Хөгжлийн бэрхшээлийн зэргийг ч үл хамааран нэг бүлэг байгуулж байгаа. Үүнийгээ тусгай анги гэж нэрлэдэг. Ийм анги улсын хэмжээнд их байгааг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Хүүхдүүдийн сургуульд байх бүх цаг хугацаа нь зөвхөн тэр тусгай ангидаа дуусах бөгөөд ирэх, явах, ариун цэврийн өрөө гэх мэтчилэн хэсэгхэн хугацаанд нь л энгийн хүүхдүүдтэй харилцаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бусадтай харилцах, найзлах нөхөрлөх сонголтыг авч хаяж байна. Иймд ерөнхий боловсролын сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай ангид тусгаарлаж байгааг эрс эсэргүүцэж байна. Мөн сургууль завсардалт тулгамдсан асуудал. Зарим хүүхэд сургуульдаа нэг сар, зарим нь хэдхэн хоног яваад гардаг. Сургууль завсардалт дунд ангид хамгийн их бий. Тэгш хамруулан сургахад сургууль дээрх үйл ажиллагаа дутагдсаар байгаа. Ихэнх сургуульд Дэмжлэгийн баг байгуулагдсан ч ажиллагаа сул. Энэ багаараа хүүхдийг хөгжүүлэх, багшид дэмжлэг үзүүлэх учиртай. Тун чухал тогтолцоо учир сайн ажиллуулах хэрэгтэй" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)