Эрүүл ойгоос “ТЭРБУМ МОД” эхэлнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх илтгэл тавьж, монгол үндэстэн 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэж амалсан билээ. Цөлжилтөд эрчимтэй нэрвэгдэж, ойн сан багасч буй манай улсын хувьд энэ бол яах аргагүй зөв зорилт, түүхэн шийдвэр. Тиймээс ч бид энэ дугаартаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний утга агуулга хийгээд үр дүнтэй хэрэгжүүлэх боломжуудыг онцоллоо.

“Нэг сумаар хоёр туулай буудсан нь”

Тэрбум гэдэг бага тоо биш. Асар удаан хугацаа шаардаж ургадаг модны тухайд ярихад бүр ч том тоо. Иймд Ерөнхийлөгч яагаад ийм амлалт өгөх болов гэдгийг юун түрүүнд таамаглах гээд үзье. Түүнийг НҮБ-ын индэр дээрээс амлалт өгөхөд шүүмжлэх хэсэг багагүй байсан. Эдийн засгийн нөхцөл байдал, Ковид19-ын хүндрэлтэй зэрэгцэн өгсөн энэ амлалтыг сонсоод “Юун тэрбум мод вэ” гэхчлэн ярьж байлаа. Тэгвэл үнэндээ бол төрийн тэргүүн олон улсын шахалт дарамтад орох эрсдэлээс маш ухаалаг, овжин байдлаар тойрч гарсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Олон улсын гэрээ конвенц, олон улсыг хамарсан хөдөлгөөний цаана том гүрнүүдийн тодорхой зорилго байсаар ирсэн нь нууц биш. Барууны орнуудад давуу тал олгож байсан техник, технологийн дэвшил ач холбогдлоо алдах үйл явц эхлээд 10 гаруй жил болж байна. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж эхэлсэн. Үүний эсрэг Европын холбоо, АНУ зэрэг дэлхийн эдийн засгийг тодорхойлогч орнууд олон арга хэмжээ зохион байгуулж, тодорхой механизмууд хэрэгжүүлж байгаа нь ерөнхийдөө эрчим хүч дээр төвлөрч байна. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт эрчим хүч дээр тулгуурладаг. Хямд эх сурвалжаас татгалзаж, өндөр өртөгтэй эх үүсвэр рүү оруулах нь зарим орны хувьд “сүйрэл”. Глазгод болсон “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын Бага хурал нь муухайгаар хэлбэл энэ зорилтоо улс орнуудад тулган хүлээлгэх зорилготой байв. Зөрвөл хоригт орж ч магадгүй. Дагавал дэмжинэ, санхүү мөнгөөр тусална. Дэлхийд мод огтлолтоороо тэргүүлдэг, эдийн засгийн чухал эх үүсвэрээ болгосон Бразил 2030 он гэхэд ойн хомсдолыг “Тэг” болгоно гэж амлалт өгч байгаа нь ийм амлалт өгөхөөс өөр аргагүй болсных биз. Манай улс ч ялгаагүй, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах хэрэгтэй болсон. Иймд Ерөнхийлөгч Глазгод мод тарих амлалт өгсөн нь маш ухаалаг шийдвэр болсон юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрлалтай, жилийн бараг есөн сард нь тэсгим хүйтэн, сэрүүн цаг агаартай Монгол Улс бусад улс шиг “Нүүрснээс татгалзана, сэргээгдэх эрчим хүчинд шилжинэ” гэж амлах боломжгүй. Газар зүйн өгөгдөл, эдийн засгийн чадал дорой байдал нь эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болох нүүрснээс татгалзах бололцоо өгөхгүй. Харин цөлжилт эрчимтэй явагдаж, ойн сан устаж байгаа. Тиймээс ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг бууруулах зорилт дэвшүүлж, бүрэн эрхийнхээ хугацаанд анхаарч ажиллана гэсэн нь “Нэг сумаар хоёр туулай буудсан” хэрэг байв. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн нэг том ололт цөлжилт, хүлэмжийн хий ялгаруулалттай тус тусдаа тэмцэж байгаа улс орнуудыг нэгтгэж, “дэлхий” гэсэн том зургаар харан нийтийн хүчээр тэмцэх боломж олгосон. Нил мөрний эхийг хамгаалахад сав газрын бүх улс орнуудын эдийн засагт ашигтай тусна, Монголын цөлжилтийг зогсооход Зүүн өмнөд Ази шар шороон хуйд өртөхгүй гэдэг ч юм уу нөлөөллийн талаас нь тодорхойлж, хүчээ нийлүүлэн тэмцэх болсон. Ерөнхийлөгч амлалт өгснөөрөө Монгол Улсыг энэ сүлжээнд нэгтгэсэн бөгөөд дэлхий нийт Монголын асуудлыг шийдэхийн төлөө ажиллах бодит боломжийг бий болгосон юм.

“Тэрбум мод” хөтөлбөрөөс бид яг юу хүлээх ёстой вэ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зөвхөн мод суулгаж ургуулах буюу хэлбэр талаас нь ойлгох явдал түгээмэл байна. Үнэндээ бол хөдөлгөөний агуулга илүү өргөн бөгөөд гүнзгий, цогц асуудал юм. Аливаа хөдөлгөөний зорилт хэдий чинээ тодорхой байна, хүрэх зам нь төдий чинээ тод, товч байдаг. Нэгэнтээ хөдөлгөөний нэрэнд байгаа учир бид мэдээж тэрбум мод тарьж таарна. Гэхдээ түүнээс чухал нь ойн сангаа аль болох бага зардал гаргаж их хэмжээгээр нэмэгдүүлэх, ойн салбар цаашдаа хөтөлбөртэй, хөтөлбөргүй хөгжих бололцоог бүрдүүлж авах явдал юм. Ой бол тэр чигээрээ том үйлдвэрлэл. Нүүрстөрөгч шингээж, хүчилтөрөгч ялгаруулах (фотосинтез) бол энэ үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг нь. Одоохондоо биш ч гэсэн ойжуулах ажил үр дүнд хүрээд ирэхэд бид дотоодоосоо модны хэрэглээгээ хангана. Хэрэгцээгээ хангалттай хангах хэмжээний мод огтолж, түүнээсээ 10, 20 дахин олныг нэмж тарьдаг болно. Монголчууд модоор гачигдахаа болино. Бүр мод экспортолно. Ойн дагалт баялгаас эдийн засгаа тэлнэ. Ой мод аж үйлдвэрийн нэг том салбар, эдийн засгийн том тулгуур багана болно. Бид энэ чигт л зорьж байгаа. “Тэрбум мод” тарих санаачилга, үндэсний хөдөлгөөний гол зорилго бол дээрх тов тодорхой зорилтуудыг цогцоор нь шийдэх явдал.

ШУТИС-ийн багш Д.Сэрдарам

Газарт биш, иргэдийнхээ тархинд тэрбум мод тарих нь чухал. 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод газарт суулгаж тарьсан байхаасаа илүү хүн бүр мод тарьдаг, модтой холбоотой бизнес эрхэлдэг, модыг хайрлаж хамгаалдаг ухамсартай, өөрөөр хэлбэл модыг зөвхөн түлээ гэж хардаггүй болсон байгаасай.

Ойн салбарын боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийдэж, шинээр ойн зурвас байгуулах газруудыг тусгай хэрэгцээнд авч (Хот доторх газрыг хамааруулж болно), урамшууллын тогтолцоог шинэчилж, сайн дурын ажлын хууль эрх зүйн орчинг бий болгож, иргэдийг соён гэгээрүүлж, татан оролцуулж...

Нэг үгээр 2030 он гэхэд тэрбум модтой биш, цаашдаа тэрбум, тэрбум мод тарих бололцоотой мэргэшсэн, бат суурьтай тогтолцоо, мод тарихыг амьдралынхаа нэг хэсэг болгосон иргэдтэй болсон байх нь бидний зорилго. Ийм том зорилгыг хэрэгжүүлж чадвал ойн салбараас хэдэн ч Оюутолгой, Тавантолгойгоос илүү өгөөж хүртэх боломж бий. Яагаад гэвэл нэгэнт суучихсан зан үйл, хэв маяг, тогтчихсон хандлага цаашид уламжлагдаад л явдаг. Жишээ нь, хотын гэр хорооллын айл өрхүүд хашаандаа заавал мод тарьдаг, бурхан болоочийн хойчийн буянд зориулж суварга босгох бус мод тарьдаг зан заншлыг бий болгож чадвал гарах үр дүн нь асар их байх нь гарцаагүй.

Хүлээлтийг биелүүлэх бололцоо

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт маш өргөн хүрээтэй, зөв бодлогоор явбал асар их ач холбогдолтой. Ерөнхийлөгч НҮБ-д амлалт өгсөн учир хөдөлгөөнөө маш үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага монголчууд бидний өмнө ирсэн. Амжилттай дуусгаж гэмээ нь хамгийн том хожих хүмүүс нь бид учир өөрсдөө л хичээх нь зүй. Хичээл зүтгэлийг оновчтой чиглүүлэх, бодлогоор хангаж зөв зохион байгуулах нь харин салбарын яамтай илүү холбогдох байх. Энэ том ажлыг байгууллага, иргэн болгон тодорхой хэмжээний мод суулгаад шийдэхгүй. Сайтар бодож боловсруулсан бодлого, уялдаа холбоо бүхий нэгдсэн тогтолцоо хэрэг болно. Салбарын яамны зөв, оновчтой бодлого, үр дүнтэй ажиллагаа үүнд их чухал. Мөхөс миний бодлоор, аймаг, сум, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд мод тарих ажилд сайн дураараа нэгдэж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажил, төсвийн зарлагыг ихэд хөнгөвчилж, өмнө нь анхаарал хандуулж чаддаггүй, төсөв мөнгө хүрдэггүй байсан чухал ажлуудад анхаарал хандуулах боломж гарлаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын яам одоо тэрбум мод тарихаас ч илүү байгаа модоо хамгаалах, арчлах талд илүүтэй анхаарах нь хөдөлгөөний үндсэн зорилгыг биелүүлэхэд маш том түлхэц болох юм. Ер нь монголчуудад нэг нийтлэг дутагдалтай тал байдаг. Байгаагаа арчлахын оронд бас нэгийг хийх гээд аль ч үгүй хоцрох нь бий. Бас ажлын давхардал гаргах нь ч бий. Товчхондоо Ерөнхийлөгч нь санаачилга гаргаж, аймгууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сая, саяар нь мод тарих үүрэг, амлалт авч байхад салбарын яам зэрэгцэж мод тарих нь утгагүй хэрэг юм. Харин ой хамгаалах, нөхөн сэргээхэд гол ажлаа төвлөрүүлэх учиртай. Нэг ч гэсэн ажлаа бусдад даатгасан чөлөөгөө ашиглаад илүү үр дүнд хүрэх бусад ажилдаа илүү анхаарч, хөрөнгө хүчээ хаямаар байна гэсэн санаа. Мод тарихаас илүү чухал ажил олон байна. Төсөв нь танагдсан ой хамгаалах ажлаар жишээ авахад, Монгол Улс доройтсон ойгоо гүйцэд нөхөн сэргээж чадахгүй байгаа. Жилд 8-10 мянган га-д нөхөн сэргээлт хийж байгаа гээд бодоход, дор хаяж 5-6 дахин нэмэгдүүлж байж жилд шинээр доройтож байгаа ойтойгоо тэнцэнэ гэсэн судалгаа байдаг юм билээ. Ой доройтож байгаагийн шалтгаан нь үндсэндээ ойн хортон шавжнаас болдог. Тиймээс гарсан боломжийг ашиглаад ойн хортон шавжтай тэмцэх ажлаа эрчимжүүлж, доройтсон ойгоо сэргээх нь тэрбум мод тарихаас ч дутахгүй чухал ач холбогдолтой, хямд төсөр аргаар илүү их үр дүн гаргах ажил юм.

Ой хамгаалах, нөхөн сэргээх ажил яагаад мод шинээр тарихаас илүү чухал вэ

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг зөвхөн тоон талаас нь ойлгож болохгүй гэж дээр хэлсэн. Гэхдээ батлахын тулд тоогоор нь жишээ авч тайлбарлавал илүү ойлгомжтой учир жишээлье. Ой хамгаалах, нөхөн сэргээх ажил яагаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс юм бэ. Нэг га ойд төрлөөсөө шалтгаалаад 2500-3500 мод байдаг. Ерөнхийлөгчийн амлалт, үндэсний хөтөлбөр тоон утгаараа бүрэн хэрэгжиж, монголчууд тэрбум мод тарих зорилгодоо хүрч чадлаа гэхэд хамгийн ихдээ 400 000 га газрыг ойжуулна. 2030 он хүртэл найман жилд хуваавал жилд 50 000 га газрыг ойжуулах хэмжээний мод тарина гэсэн үг. Харин ой мод устах, доройтох үйл явц түүнээс ч хурдтай өрнөж байна. Жишээ нь, 1994-2014 он хүртэлх 20 жилд 1.2 сая га ой устаж үгүй болсон гэсэн баримт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудаст тавигджээ. Салбарын яамны судалгаанд итгэхгүй байх шалтгаан алга. Тэгэхээр нэг жилд дунджаар 60 000 га ой доройтож байгаа юм байна. Ой доройтож, устах нь тодорхой болж байгаа нь үндсэндээ хортон шавж хэт ихээр үржсэнтэй холбоотой байдаг юм билээ. Үүнд нэг учир бий. Ойн хортон шавж нь залуу, зулзаган модны навч найлзууранд илүү дуртай, хөгшин моддоос илүү сүйтгэж, нөхөн сэргэх боломжгүй болгодог. Доройтсон ойд хортон шавж устгал хийхэд хэдхэн хоногийн дотор ногоорч, илт сэргэдэг байна. Иймээс л энэ чиглэлд анхааръя. Үгүй бол энд бид ургах, ургахгүй нь баталгаатай бус тэрбум мод тарьж байхад ууландаа, тодруулбал ойд 10 тэрбум зулзаган мод хортон шавжны хоол болоод дуусч байна.

ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч

Газар нутагт нь харьцуулахаар бага ойтой гэж тооцогддог ч хүн ам цөөтэй учраас нэг хүнд ногдох ойг тооцоод үзвэл тийм ч бага биш юм. Манай улсад ой модны салбар эрчимтэй хөгжсөн Финландтай энэ тэнцүү буюу 18.5 сая га ой байна. Гэхдээ 70 гаруй хувь буюу дийлэнх хэсэг нь нас гүйцсэн, хөгширсөн ой байгаа гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын горим дэглэм илүү шаардсан ийм л ойтой орон доо, Монгол.

Тэгэхээр салбарын яам нь зөвхөн мод тарих ажилд анхаараад хамгаалах ажлаа орхигдуулбал 50 000 га ой бий болгоод 60 000 га ойгоо алдаж, ойн сан жил бүр 10 000 га-гаар багасах нь. Харин хамгаалах ажлаа сайн хийвэл жилд 50 000 га, түүнээс ч ихээр нэмэгдэнэ. Учир нь эрүүл ой өөрөө өсч, талбайгаа тэлэх чадвартай байдаг. Мөн экологийн орчин нь байдаг учир ойд мод тарих нь ургалтын хувь өндөр, илүү үр дүнтэй байдаг нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, ой мод байсан газарт л мод тарих нь илүү хямд өртгөөр илүү үр дүнд хүрдэг нь батлагдчихсан. Тужийн нарс, Баянзүрх хайрханы ойг бид тэгж л сэргээсэн туршлагатай. Түүнээс хаа, хамаагүй газар ой ургуулна гэвэл удаан хугацааны асар өндөр зардалтай нүсэр ажил болох юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа “Ногоон хэрэм” байгуулна гээд бүтээгүйн шалтгаан ердөө л тэр. Ер нь мод байсан газарт л мод тарих аваас сайн ургадгийн жишээ энэ. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэй гэдгийг баталдаг. Маш энгийнээр хаа хамаагүй тэрбум мод тарихаас илүүтэй 10 тэрбум зулзаган модыг хамгаалж ургуулах нь өртөг, зардал хямдтай, үр дүн өндөртэй арга юм даа. Үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим аймаг тус бүртээ 20 сая мод тарих амлалт өгч буй. Үндсэндээ аймгууд хэлсэндээ хүрэхэд л тэрбум мод тарих бололцоо гарчихлаа. Дээр нь төр, хувийн хэвшил нийлнэ. Зөв бодлого зохицуулалтаар хангачих л юм бол үндсэндээ тооны хувьд санаа зовох юм алга. Байгаль орчин, аялал жуулчлалын яам одоо харин байгаа ойгоо хадгалж үлдэх ажилд онцгой анхаарч хөрөнгө хүчээ хаях нь ухаалаг алхам болно. Тэрбум, тэрбумаар тоологдох мод нэмэгдэхэд өмнө нь байсан ой хасагдаагүй байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилга үр дүнд хүрэхгүй. Монгол орны ойн бүтэц, ойн сангийн арчилан хамгаалалт, ашиглалт, хамгаалалтын асуудалд цогцоор нь анхаарч байж бодит үр дүн гарна, ойн салбар эдийн засгийн эргэлтэд орно. Салбартаа нэртэй нэгэн “Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй” гэсэн нь санаанд тодхон байна. Энэ бол хөтөлбөрөөс бидний хүсэн хүлээж буй хамгийн наад захын үр дүн билээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)