Азийн шилдэг холимог тулаанчдын АНУ дахь гэр Jackson Wink MMA

Жүдо бөхийн дэлхийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эдүгээ АНУ-д холимог тулааны бэлтгэл хийж байгаа билээ. Тэрээр Нью Мексико мужийн Альбукерк хотын “Jacksonwink MMA” багт таван сарын турш бэлтгэл хийгээд, тэндээсээ холимог тулааны аль нэг холбоонд орох оролдлого хийх юм. Бид “Спорт” буландаа энэ удаа М.Уранцэцэг болон түүний бэлтгэл хийж буй “Jackson Wink MMA” академийг онцолж байна.

Холимог тулааны оддын уурхай

Хэсэгхэн хугацаанд ч болов “Дэлхийн хамгийн шилдэг нь” гэж хүлээн зөвшөөрөгдөх нь спорттой холбогдсон хүн бүрийн мөрөөдөл байдаг. Тэгвэл манай тамирчны бэлтгэл хийж буй “Jackson Wink MMA” бол холимог тулааны ертөнцдөө “№1” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж үзсэн цөөн клубын нэг юм. Дасгалжуулагч Грег Жексон, Майк Винкельжон нар нь холимог тулааны спортыг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүд бөгөөд энэ алдар гавьяаг нь “Sports Illustrated”, “Showtime”, “ESPN”, “Forbes” зэрэг мэдээллийн “аварга загас”-нууд баримтат кино, нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага тэргүүтнээр үлдээн мөнхжүүлжээ. UFC холбооны амьд домог Жорж Сен Пьер, Жон Жонс, Алистэйр Оверим, хагас хүнд жингийн дэлхийн аварга Рашад Эванс, хагас дунд жингийн дэлхийн аварга Карлос Кондит, кикбоксын дэлхийн 18 удаагийн аварга (WBC, WBA, WBF), UFC холбооны аварга Холли Холм, Invicta FC холбооны аварга Мишель Уотерсон, UFC холбооны аварга асан Фрэнк Мир, Андрей Арловски, сонирхогчийн боксоор олимпын хошой аварга болж байсан Кларесса Шилдс нараас гадна Жина Карано, Дональд Ковбой” Серроне, “Ultimate Fighter”-ын аваргууд Диего Санчес, Жон Додсон, Диего Брандао нарын зэрэг шилдэг тулаанчид эндээс төрж гарчээ. Өдгөө тус клуб Азийн шилдэг тулаанчдыг бэлтгэн урдын нэр төрөө эргүүлж олж авах том амбийц өвөртөлж буй. Бэлтгэлийн заал, тамирчдын амьдрах байрыг нэг дор зохион байгуулсан нь гэр орноосоо хол байгаа ази тамирчдад маш таатай нөхцөлийг бүрдүүлж, улмаар амжилт гаргах боломжийг нь нэмэгдүүлж байгаа аж.

Одоо Jacksonwink MMA-д БНХАУ-аас таван тулаанч бэлтгэл хийж байгаагийн дотор UFC холбооны тулаанч Ву Янан, ONE FC холбооны Менг Бо зэрэг шилдгүүд бий. Тэдэн дээр манай Д.Батгэрэл, М.Уранцэцэг нар нэмэгдэнэ. “Jackson Wink MMA” клуб М.Уранцэцэгийг ирсэнтэй холбогдуулж гаргасан мэдэгдэлдээ “Монголын тулааны урлагийн домог багтайгаа манайд ирсэн нь нэр төрийн хэрэг. Олон улсад үзүүлсэн амжилт нь үнэхээр гайхалтай. Одоо холимог тулаан руу орж байна. Түүнтэй мэдлэг, туршалагаа хуваалцана гэхээс бид догдолж байна” гэж бичсэн нь манай хүнд зохих ёсны хүндэтгэл үзүүлж буйг харуулж байна.

“Jackson Wink MMA”-н шинэ цэрэг М.Уранцэцэг

М.Уранцэцэг бол жүдогийн ертөнцөд нэрээ дуурсгасан шилдэг мастер гэдгийг бүгд мэднэ. Жүдогийн дэвжээнд 15 жил өрсөлдөхдөө тэрээр дэлхийн аваргын иж бүрэн медалийг хүртэж, гурван олимп дараалан медалийн төлөө барилдаж үзсэн. ОУЖБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны цуврал тэмцээнээс хүртсэн медалийн тоогоор дээд амжилт тогтоон Гиннессийн номд бичигдсэн нь түүнийг ямархан шилдэг бөх болохыг баталдаг. М.Уранцэцэг бол жүдогийн спортоор нэгэнт оргилд хүрч, олон шилдгийг араасаа дагуулсан ачтан. Одоо тэр холимог тулааны спортоор дэлхийд нэрээ гаргахаар, бас олон монгол охидын зам мөрийг тэгшлэхээр АНУ-д очоод байна. Бие хамгаалах урлагуудаас аль нь хамгийн шилдэг вэ гэдэг асуултад бокс эсвэл каратэ, жүдо, чөлөөт бөх гэж шууд хариулах боломжгүй, харин энэ бүх ур чадвараас аль болох олныг нэгэн биед цогцлоосон тамирчин л хамгийн шилдэг нь болдог жамтай. Энэ үнэнийг холимог тулааны спорт баталсан. Өөрөөр хэлбэл, цохилт, өшиглөлт, босоо, хэвтээ барилдааны төрлүүдээр тэгш чадвар эзэмшсэн хүн л октагонд ноёлж, нэр алдраа дуурсгах магадлал өндөр. Ийм өндөр шаардлага тамирчнаас асар их авьяас, хөдөлмөр зүтгэл шаардах нь ойлгомжтой. Манай М.Уранцэцэгт энэ чанарууд бий. Хэвтээ барилдааны техникээр жүдогийн бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд баттай ордог. Боксын спортод дур сонирхолтой. Анх боксын спортоор хичээллэхээр спортын ордонд очсон ч хаалттай, харин жүдогийн заал онгорхой байсан учраас жүдог сонгосон гэж ярьдаг. Сая АНУ-д “Koat” агентлагийн сурвалжлагад ороход ч хэлж байна лээ. Бэрхшээлээс шантардаггүй, сэтгэлзүй сайтай. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, тэрээр олимп, дэлхийгээс таван медаль хүртсэн ч дээрх тэмцээнүүдэд түүнээс ч олон удаа медалийн төлөөх барилдаанд ялагдаж үзсэн. Өмнөөс нь шантармаар, болиод, хаяад явмаар санагдах үе зөндөө таарсан ч даваад гарсан. Үнэндээ бол манай Урнаа олимпын аварга болох мөрөөдөлдөө 2012 онд л хүрчих боломжтой байсан юм шүү дээ. 2016 онд ч түрүүлэх боломж байсан ч хоёр олимп дараалаад мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялж яваад ялагдчихсан юм (2012 Алина Думитру, 2016 Жон Бо Кеон). Ялангуяа “Рио”-гийн олимпод түүнээс өөр тамирчин байсан бол зодог тайлахаар нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч тэр дахин зүтгэж, “Токио 2020”-д мөрөөдлөө биелүүлсэн. Мөнгөн медалийн төлөө Дистриа Красникид ялагдахад өмнөх хоёр олимпын шарх нь сэдэрвэл сэдрэхээр байсан. Харин манай хүн тэгж шалчийгаагүй, харин ч улам хурцлагдаж гарч ирээд зорьсондоо хүрсэн. Холимог тулаанд чухам ийм л сэтгэлзүйтэй тамирчид амжилт гаргадаг бичигдээгүй хуультай. Одоогоор холбоо, гэрээний асуудал яригдаагүй байгаа ч түүнд UFC-д орох боломж бий. UFC ашгийн байгууллага тул тамирчин авахдаа нэр алдар, үзэгчдийн сонирхлыг татах чадварыг хардаг нь манай хүнд давуу тал болно.

Jacksonwink MMA-д хичээллэж байсан дэлхийн 5 аварга

Jacksonwink MMA-д олон холбооны аваргууд хичээллэж байсан талаар нийтлэлийн эхэнд дурдсан. Албан ёсны сайт дээрээ ч үүндээ ач холбогдол өгч, үнэхээрийн шилдэг сургалттай учраас орон зай, газар нутгаас үл хамаараад тамирчид ирдэг гэдэг агуулга дээр ач холбогдол өгсөн байдаг юм билээ. Энэхүү агуулгаараа дэлхийн өнцөг булан бүрт нэр алдраа мандуулсан шилдэг таван аваргыг сонгож танилцуулсан материал албан ёсны сайт дээрээ байршуулсныг бид нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэндээ хүргэж байна.

“Оргил” хочит Жорж Сен-Пьер

Холимог тулааны ертөнцөд нэр алдраа дуурсгасан хамгийн амжилттай тулаанч, энэ спортын ноён оргилын нэг гарцаагүй мөн. Замналынхаа турш 28 тулаан хийхдээ 26 ялж, хоёр л ялагдсан. 2013 онд Жон Хенриксийг ялж аварга цолоо хадгалсаар зодог тайлсан тэрээр сүүлд хөгширсөн хойноо эргэн ирж, Майкл Биспингийг ялж аваргалан алдар суугаа дахин мандуулаад мөн л ялагдалгүй зодог тайлсан юм. Ид үедээ Би Жей Пенн, Ник Диас, Карлос Кондит нарыг нухчин дарж явсан тэрээр холимог тулааны өөр домгууд болох Мэтт Серра , Мэтта Хьюз хоёрт л ялагдаж үзсэн. Гэхдээ дараа нь хоёуланг нь ялж байв.

“Яс” хочит Жон Жонс

23-тайдаа UFC холбооны хагас хүнд жингийн аварга болж байсан тэрээр хориотой цохилт хийсний улмаас нэг хасагдсаныг эс тооцвол ялагдаж үзээгүй тулаанч. Жиндээ өрсөлдөгчгүй ноёлж асан ч Дана Уайттай таагүй харилцаатай болсны улмаас UFC-гээс шахагдаад байгаа. Хүнд жинд тулалдахаар жингээ нэмж, хүчний бэлтгэл түлхүү хийх болсон түүнийг октагонд эргэж ирэхийг бүгд хүлээж байна.

“Хөрсний нуралт” хочит Эдуард Фолаянг

ONE FC-д хоёронтаа аваргалж байсан тэрээр АНУ-д төдийлэн танил биш байж мэдэх ч Азидаа бол супер од, эх орондоо баатрын дайтай хүндлэгддэг тулаанч юм. Ушу, грэпплинг буюу хэвтээ барилдааны мастер тэрээр ур чадвараа сайжруулахаар 2018 онд Jacksonwink MMA академид ирж байв.

“Казах” хочит Кайрат Ахметов

Jacksonwink MMA академийн глобал шинж чанарыг харуулах бас нэг тулаанч бол төдийлан алдаршаагүй ч хангалттай амжилттай “Казах” хочтой Кайрат Ахметов юм. ONE FC-тэй гэрээлэхээсээ өмнө 19-0 үзүүлэлттэй байсан тэрээр холбоонд орж ирээд найм тулалдахдаа зургаа ялсан. Өдгөө жингийнхээ чансааны №2-т бичигдэж байна.

“Номлогчийн охин” хочит Холли Холм

Гимнастик, усанд сэлэлт, хөлбөмбөгөөр тамирчны хэмжээнд бэлтгэгдсэн тэрээр кикбоксоор WBC, WBA, WBF холбооны аваргаар 18 удаа тодорсон супер амжилттайгаар холимог тулаанд хөл тавьсан.UFC-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь алдарт Ронда Роузиг “Ялагдашгүй” гэгдэж байх үед нь зогсоосон явдал юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)