Хогоо ангилан ялгахыг амьдралын хэвшил болгоё

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардаг. Тус хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Сүүлийн хэдэн жилд нийслэлээс зарим дүүрэгт хог ангилах савыг байршуулж, иргэдэд хогоо ангилан хаях мэдээллийг чамгүй их түгээсэн билээ. Гэвч иргэдийн хогоо ангилж хаях ухамсар,мэдлэг дутмаг хэвээр байна.

Бидний хаясан хог хаягдал хаачдаг вэ?

  • Бидний хаясан хог төвлөрсөн цэгт 72% нь очдог
  • Хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт 22% нь очдог
  • Нийслэлд төвлөрсөн 3 хогийн цэг байгаа ч 80–90 хувь нь аль хэдийн хогоор дүүрсэн

Хог хаягдлыг дахин боловсруулах арга

Өрх бүр хогоо ангилан хаяхгүй байгаагаас үүдэн ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. “Хог хаягдлыг дахин боловсруулах” гэх гурав дахь арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй эсвэл тоодоггүй. Хэрэв өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу тал үүсэх юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй.

Хог ангилах хогийн савны өнгүүд нь:

  • Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
  • Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлын хог хаягдал
  • Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
  • Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
  • Бор- Хүнсний органик хог хаягдал
  • Шар- Ахуйн аюултай хог хаягдал
  • Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.

Бидний хийж чадах эхний "Алхам"

Эх орноо хөрсний бохирдлоос аврахын тулд хамгийн эхэнд бид хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүлэмжийн хий, метан хийн  зэрэг хорт хийг ялгаруулах үндэс болдог. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг гурав ангилна.

Үүнд:

  • Органик хаягдал буюу хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс зэрэг орно. Үүнийг бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой
  • Энгийн хог хаягдал буюу шил, лааз, хуванцар сав зэргийг ашиглаж байсан зорилгоор нь эргүүлэн боловсруулж, хэрэглээнд оруулах боломжтой
  • Аюултай хог хаягдал буюу тэсрэмтгы, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хор хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах шаардлагатай.

Ийнхүү цаас, хуванцар, органик хаягдлаа ангилан ялгаж дахивар хог тээвэрлэдэг газар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгөх боломжтой.

СБД 19 дүгээр хорооны иргэн М.Оюундарь 

Хүмүүс хогийг ангилан ялгах хэцүү гэж боддог. Анхнаасаа зөв ангилаад сурчихвал маш олон давуу талтай. Орон сууц, гэр хороолол гээд ямар ч нөхцөлд хогоо ангилан ялгах боломжтой. Орон сууцанд амьдардаг хүмүүс тагтан дээрээ ч юм уу, ашиггүй талбай дээрээ хогоо ангилах боломжтой. Цэвэрхэн уут, хайрцагт хийж төрөл төрлөөр нь эхнээсээ цэгцтэй ангилаад байвал дахивар хаягдлууд хоорондоо холилдож халтар болохгүй. Мөн шил, лааз, ундааны сав зэргийг усаар зайлж ялган хадгалж байгаад түүхий эд авдаг цэгүүдэд өгдөг. Ингэж дадсанаар байгаль орчинд ээлтэйгээс гадна, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой.

Нийслэл хотынхоо өнгө үзэмж, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид хогоо хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшиж сурах шаардлагатай. Үүнийг зүгээр л нэг ангилах бус амьдралынхаа хэвшил болтол нь хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Иргэн бүрийн үйлдлээс улс орон, байгаль экологийн асуудал шалтгаалж буй. Иймд хариуцлагатай, санаачлалтай байж хогоо ангилан ялгахыг амьдралынхаа хэвшил болгоё.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. орон сууцны ба гэр хороололд хуванцар, шил, цаас буюу мод, бусад гээд ядаж 4 ангилаад хийчих хогийн савтай бол аштай юу?? ийм хогийн савыг төмөр хийцийн үйлдвэрүүд хийчих боломжтой, эндээс нь дахин боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн машинаар түүхий эдээ цуглуулаад авчих боломжтой юм биш үү. Дахин боловсруулалт хийж бүтээгдхүүн хийдэг үйлдвэрүүдийг эцсийн үр дүнгээс нь хамаарч элдэв татвараас чөлөөлдөг болчихвол сайн сан.

    0 0 Хариу бичих