"Манай улсын гадаад өрийн үзүүлэлт Шри Ланкаас илүү тааруу"

Манай улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан бол одоо энэ тоо 33 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Үүний 8.7 тэрбум ам доллар нь Засгийн газрын зээл байгаа юм. Засгийн газрын зүгээс зээлийн эргэн төлөлтийн зохицуулалт хийх шаардлагатай буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе нь 2021-2024 онд тохиож буй. Тодруулбал 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг энэхүү дөрвөн жилийн хугацаанд төлөх учиртай. Засгийн газраас өрийг дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах бодлого баримталж байгаа юм. Үүнээс өөр аргагүй гэдгээ ч учирлаж буй. Түүнчлэн жилд төсвөөс 200 сая орчим ам.доллар гаргаж гадаад өрөнд өгч байгаа. Энэ стратеги ирэх жил үргэлжилнэ гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. 2021 оны жилийн эцсийн байдлаар гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50.7 хувьтай тэнцэж байсан. Ирэх онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Үүнээс "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн. Харин Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүснэ. Ингэхгүйн тулд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд өндөр ач холбогдол өгч буй. Хэрвээ "Самурай" бондыг төлж чадахгүй нөхцөлд хүрвэл энэ зөвхөн Хөгжлийн банкны дампуурал биш, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ.

"Манай улс Шри Ланка улстай адилхан эрсдэлтэй нөхцөлд байна"

Манай улстай макро эдийн засгийн хувьд төстэй Шри Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр тулж түүхэндээ анх удаа өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдсэн Шри Ланкын эрх баригчид 78 сая долларын өр төлбөрөө барагдуулах хийх эцсийн хугацаа өчигдөр дуусгавар болсон Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри Ланка дефолт зарласан болохыг зарласан юм. Энэ нь манай улсад том сургамж боллоо. Хэрэв өрийн менежментээ зөв хийхгүй бол Шри Ланк шиг болох магадлалтай гэдгийг судлаачид хэлж байна.

Эдийн засагч Г.Батзориг

"Төсөвт мөнгө байхгүй, төлж чадахгүй юм чинь хугацаа хойшлуулахаас өөр аргагүй. Америкт бодлогын хүү өсөж байгаа учраас долларын өгөөж өндөр болж байна. Долларын өгөөж өндөр болонгуут хөрөнгө оруулагчид хөгжиж буй манайх шиг орнуудын эрсдэлтэй бондуудыг болиод эрсдэлгүй зах зээл рүү орно гэсэн үг. Тийм болохоор бид тэдний анхаарлыг татахын тулд илүү өндөр өгөөж амлах хэрэг гарна. Ингэхээр хүүгийн зардал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хугацаа хойшлуулахад хүүгийн зардал нэмэгдэх сул талтай гэсэн үг. Нөгөө талаасаа эераг тал бий. Энэ бүхний сайн тооцоолж өрийн менежментийг зөв хийхгүй бол Шри Ланк шиг болчих вий дээ гэсэн айдас байна".

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй танилцах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүтэгт нь хуваарилж төсвийн алдагдлаа бууруулах замаар эх захгүй өрөнд орж байгаа явдлаа хязгаарлая. Өр тавьж халамж олгоод, үндэсний үйлдвэрлэлээ татаж унагадаг бодлогоосоо хэзээ салах вэ. Энэ бол эх орны эсрэг бодлого” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газар баталгаа гаргаагүй л бол төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэж хууль гаргачихаад түүнд итгээд сууж болохгүй. Олон улсын аргачлалаараа төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд тооцогддог. Өөрсдийгөө хуурсан хууль гаргачихаад Монгол Улс дэлхий дээр ганцаараа юм шиг байж болохгүй. Олон улсын аргачлалаар тооцвол манай улсын өрийн харьцаа замбараагаа алдсан. Дампуурах хэмжээндээ хүрсэн” гээд хэлээд амжив.

Эдийн засагч Н.Энхбаяр

"УИХ-ын даргын үгийг дэмжиж байгаа. Яг ингэж хэлэх ёстой цаг нь мөн. Шри Ланка улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ манайхаас бага байсан. 80 тэрбум долларын эдийн засагтай тус улсын гадаад өр нь 50 тэрбум доллар. Харин манайх нийт 14 тэрбум долларын эдийн засагтай. Үүнээс засгийн газрын өр нь найм. Монгол Улсын нийт өр 33 тэрбум доллар. Манай үзүүлэлт Шри Ланка улсаас илүү тааруу. Тэгтэл манайхаас харьцангуй гайгүй үзүүлэлттэй Шри-Ланк улс төлбөрийн чадамжгүй болоод дампуурч байна. Манай улс түүхий эдийн экспорт, нүүрсний экспортдоо л найдаж байна. Энэ экспорт нэмэгдэж байж л бид төлбөрийн чадвартай болно. Манайх мөн адилхан эрсдэлтэй нөхцөлд байна. Өрийг дахин дахин хөрвүүлээд байх бололцоо бага. Ялангуяа энэ жил зохистой цаг нь биш. Сонгууль болоогүй 2022, 2023 онд илүү чамбай байх хэрэгтэй цаг. Энэ онуудад төсвийн сахилга батаа чанд сахихын төлөө явах хэрэгтэй. Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа дунд жилдээ илүү хийхэд амаргүй ажлуудаа хийж байх ёстой. 2024 он дөхөхөөр мэдээж сонгууль угтаад иргэдэд таалагдах цалин хөлс, тэтгэвэр нэмэх шийдвэрүүд гаргана. Үүнийгээ бодоод 2023 оны төсөв, мөнгөний бодлого илүү чанга байх ёстой. Тэгэхээр 2011 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль, түүн дээр тогтоосон шалгуур үзүүлэлтүүдээ чамбай мөрдөх ёстой. Гадаад өрийн хязгаар, төсвийн алдагдлын хязгаарыг өнгэрсөн жилийнх шийг дээш нь сунгаад байж болохгүй.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах уу

Ердөө хоёрхон хоногийн өмнө АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой гэж баталсан. Засаглалын үзүүлэлтүүд, тухайлбал нэг хүнд ногдох орлого зэрэг үзүүлэлтийг харгалзан энэ зэрэглэлийг тогтоодог. Монгол Улс гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засаг нь голчлон Хятад руу экспортлох түүхий эдийн экспортод төвлөрсөн, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддаг зэрэг нь энэ үнэлгээг тогтооход нөлөөлж байна гэж “Fitch Ratings” мэдээлсэн юм. Хэдий энэ агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулалгүй хэвээр үлдээсэн ч бид тайвшрах болоогүй. Учир нь, Монголд ирж ажиллаад явсан ОУВС-гийн ажлын хэсэг эхний тайлан, дүгнэлтээ гаргасан. Тус ажлын хэсэг Вашингтонд очоод долоодугаар сарын эхээр тайлангаа эцэслэн боловсруулж гаргах юм. Одоо гараад байгаа дүгнэлтээс нь харахад эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан, инфляц өссөн, төсвийн зардал нэмэгдсэн, өр нэмэгдсэн гэх мэт таагүй үзүүлэлтүүд нэлээд гарах шинжтэй байна. Энэ бүгдийг дурдаад ил тод болгонгуут Монгол улсад зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг байгууллагууд, хөрөнгө оруулагчид харна, уншина.Тэрний дараа зээлжих зэрэглэлийн тогтоодог байгууллагууд Монгол Улсын зэрэглэл дээр ямар дүгнэлт хийх вэ гэдэг нь бидний хувьд болгоомжлууштай зүйл юм. Өнөөдөр хэвээр үлдээлээ гэж байгаа ч энэ дүгнэлтийн дараа зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг шинжээчдийн дүгнэлт ч өөр болохыг үгүйсгэхгүй. Монгол Улсын нөхцөл байдал тааруу, өрийн дарамт нэмэгдэж байгаа, дараа дараагийн төсөв нь ч сайн биш байна гээд харж байгаа гэсэн үг. Одоо төсвийн хүрээний мэдэгдэл батлах гэж байна. Үүнийг ч олон улсын зэлжих зэрэглэлийн үнэлгээ хийж байгаа байгууллагууд харж байгаа. Тэгэхээр зээлжих зэрэглэл дээшлэхгүй. Харин байрандаа үлдэж чадах уу доошоо буух уу гэдэг асуудал үүсэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ мэдээллийг сумьяабузар уншаасай. Шуналтай бузрын ах дүүс гэр бүлээрээ далд ороосой .......

    0 0 Хариу бичих