Шударгаар тусгагч “Мийм”

Нийгэмд олон өнгө төрх бий. Нэг нэгнийгээ шүүж, тоглоом, шоглоом хийх нь хүн төрөлхтөнд эрт дээр үеэс байсан зан чанар. Харин орчин үед шударга бус байдлыг хөгжилтэйгөөр илэрхийлж олон хүнд хүрэх боломжтой нэгэн урлаг бий болжээ. Үүнийг сошиал “мийм” (meme) гэж нэрлэж буй. Тэд дэлхийг өөрчилж чадахгүй ч хүмүүсийн үзэл бодлыг нийгэмд хүчтэй тусгаж чадах хүчин зүйл болоод болоод буй. Мийм нь ихэнхдээ цаг үеийн байдлаар хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд олон нийтийн анхаарал чиглэсэн асуудлуудыг хөндөн хошигнож эсвэл эмгэнэл илэрхийлж, зарим үед бүр эсэргүүцэл ч үзүүлж болдог байна. Ихэнх залуус улс төр, нийгмийн эсрэг байр сууриа миймээр илэрхийлэх нь нийтлэг болсон. Мөн зарим нь хар бараан сэдвийг хошигнон хөндөх нь элбэг. “Мийм” гэх нэршлийг Грекийн mimema буюу “дуурайх” гэсэн утгатай үгнээс товчлон ашиглаж эхэлжээ. Орчин үеийн миймийн гарал үүслийг 1976 онд хувьслын биологич Ричард Доукинс "Хувиа хичээсэн ген" номдоо анх дурдсан гэх бөгөөд “Хүн төрөлхтний соёлын шинэ төрлийн хуулбарлагч” гэж тодорхойлсон байдаг байна.

Шударга бус байдлыг эелдгээр харуулах урлаг

Сүүлийн жилүүдэд манай улсад “Мийм” трэнд эрчээ аваад баггүй хугацааг өнгөрөөлөө. Сошиалаар өнгөрч буй миймийг инээгээд өнгөрөөх элэглэл гэж хүлээж авах бус нийгмийн шударга бус зүйлд  хариу үзүүлэгч, тэмцэгч гэж хэлбэл илүү зохино. Мийм гэх трэндийн олон нийтэд үзүүлж буй нөлөөлөл ,цар хүрээ нь маш том. Дийлэнхдээ залуу үе энэ трэндийн гол үйлдвэрлэгч, бас хүлээн авагч хэдий ч шударга бус зүйлстэй тэмцэх, нийгэмд мессиж илгээхэд хамгийн хурдан хүртээмжтэй хүрч, хүчтэй шүүмжлэгч болж чадаж байна. Үүнийгээ даган олон нийт үнэн худал мэдээлэл, хээл хахууль, шударга бус зүйлийг мийм элэглэл хийн эсэргүүцэж буй.

 Монгол Улсад трэнд болж байсан “Мийм”-ээс дурдвал “Шударга ёс”, “Тавилан юм даа”, “Ураа”, “Амалжийнаа”зэрэг улс төрчидтэй холбоотой элэглэл трэнд болж байлаа. Мөн зөвхөн улстөрч бус, олон нийтийн газар бүдүүлэг аашилсан, хүчирхийлэгч, авилгач, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл зэрэг бүх л зүйлийг мийм дээр тусгаж тус үйл явдал эрчимжиж шүүмж болон хувир ч байгаа нь тус трэндийн гол хүчин чадал, онцлог юм. Үүнийг гадаад улсад улс төрийн зорилготой ч ашигладаг байна. Жишээ нь, Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгохыг эсэргүүцсэн “Мийм” тухайн цаг үед олон хүнд хүрч байсан гэлцдэг.

Мөн Монгол Улсад гэхэд Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн судалгаанд “мийм” хэлбэрийн ухуулга сурталчилгаа эрчимтэй өрнөсөн гэж дүгнэсэн байна. Эдгээрийн 90 хувь нь аль нэг нам эвсэл, засгийн газар, нэр дэвшигчийг сөрөг өнгө аясаар дурдсан, тэдний алдаа, зөрчил, гэм буруутай үйлдлийн талаарх үндсэн агуулгатай байжээ. Гэвч нийгэмд хандсан миймийг улс төрийн хувийн ашиг сонирхолтой зүйрлэж ойлгох нь өрөөсгөл юм. 2021 оны судалгаагаар сонгуульд залуучуудыг идэвхжүүлэх зорилгоор мийм буюу зураг бичлэг текст бүхий дүрсийг ашигласан байдаг байна.

 

Мийм, түүний үзүүлэх эерэг нөлөө

 Мийм нь хүмүүсийн сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, “Түгээмэл хэвлэл мэдээллийн сэтгэл зүй" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Пенсильваны их сургуулийн профессор Майрик болон түүний баг 2020 оны арванхоёрдугаар сард цахимаар 748 хүнээс янз бүрийн миймийг үзэх нь сэтгэл хөдлөл, айдас санаа зовох зэрэг цар тахлыг даван туулахад хэрхэн нөлөөлж байгаа талаар судалжээ. Судалгааны үр дүнд миймийг үзсэн хүмүүс бусдаасаа илүү хөгжилтэй, эерэг сэтгэл хөдлөлтэй байсан бөгөөд цар тахалтай холбоотой стресс буурсан гэж үзсэн байна.

Мөн зах зээл дээр ч бас мийм нь шинэ төрлийн дижитал маркетинг трэнд болж хувирсан байна. Худалдаа үйлчилгээний салбар миймийг ашиглан маркетинг хийх нь илүү ашигтай болсон тул миймийг сэтгэл татам, хөгжилтэй байдлаар ашиглан хүмүүсийн анхаарлыг амархан татаж борлуулалт хийхдээ ашиглажээ. Мөн яг энэ давуу талыг ашиглан улс төр сонгуульд залуучуудыг идэвхтэй ашиглахад хүртэл мийм трэнд маш том нөлөөлөл үзүүлэх боломжтой юм. Түүнчлэн дуу хоолойгоо бусдад сонирхолтой байдлаар маш хурдан хүргэхэд чухал нөлөөлөө үзүүлдэг нь шинэ төрлийн трэндийн гол онцлог давуу тал юм.

Мийм түүний үзүүлэх сөрөг байдал

Мийм бол нэг төрлийн хортой вирус. Учир нь миймийг харсан хүн маш хурдан хариу үйлдэл үзүүлж хуваалцмаар санагддаг учир буруу утга агуулгатай мийм тархвал түүнийг зогсоох боломжгүй болдог байна.Зөвхөн нэг товшилтоор түүнд агуулж буй мэдээлэл амархан вирус болж хүн бүрийн ярьдаг трэнд сэдэв болж хувирдаг.

Нэг л мэдэхэд маш олон хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлж, доог тохуу болж үлдэх  хандлагатай. Жишээ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дорд үзэх, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, хэн нэгний нэр хүндэд халдах зэрэг нийгмийн эрх тэгш байдалд халдах эрсдэл бий болбоос түүнийг цензүүрдэх арга хэмжээ авах боломжгүй. Мэдээж тэдний зарим нь нийгэмд эрүүл, чухал мэдээлэл түгээдэггүй. Гэсэн хэдий ч мийм нь нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эерэгээр ашиглах нь түүнийг түгээхэд тусалдаг хүн бүрээс хамаарах юм.

Олон нийт нэгдэж нийгэм болдог. Мөн олон нийт нэгдэж зөв шударга нийгмийг цогцлоодог. Үүний тулд шүүмжлэгчид, хариуцлага хүлээлгэгчид гэх хүмүүс чухал үүрэгтэй. Эцэст нь, мийм нь нийгмийн чиг хандлагыг хурдан бөгөөд сонирхол татахуйц хэлбэрээр түгээхэд тусалдаг чухал нөлөө үзүүлэгч юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)