НӨАТ ба далд эдийн засаг

Монгол Улсын хөгжилд НӨАТын тухай хуулийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Зөвхөн орлого бүрдүүлэлт төдийгүй татварын талаарх иргэдийн ойлголтыг хэдэн жилээр урагшлуулж, тархины түгжээг мултлахад их үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэн ч маргахгүй биз. Иргэд сүүлийн үед татварын асуудлаар маргалдаж, мэтгэлцэх нь их болжээ.

Хууль, шүүхийн байгууллага дээр ч энэ төрлийн маргаан их гарч байгаа. Энэ нь татварын талаарх иргэдийн ойлголт мэдлэг нэмэгдсэний шинж, сайны тэмдэг. Өмнө нь “Манайх мөнгөгүй улс, төсөв угаасаа юунд ч хүрдэггүй” гэсэн бодолтой явж асан иргэн одоо эрүүл мэнд, нийгмийн даатгалаас жилд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой, шимтгэлд өгдөг мөнгөө банкинд хадгалуулбал хэр их өгөөж хүртэхээ тооцоолдог болсон нь яах аргагүй НӨАТ-ын ач. Энэхүү нийтлэлдээ НӨАТ-ын ач холбогдол, идэвхжүүлэлт үгүй болноор гарах сөрөг үр дагаврын талаар хөндлөө.

НӨАТ гэж юу вэ, ямар зорилготой вэ

НӨАТ-ыг анх Францын татварын алба татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд бий болгосон гэж үздэг. Худалдагч, үйлдвэрлэгч өөрийн борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ дээр нэмээд НӨАТ 10 хувийг суулгаж, тэрхүү НӨАТ-ыг эцсийн худалдан авагч худалдан авсан барааны үнэ дээрээ нэмж төлдөг болсон явдал. Худалдан авагч НӨАТ төлсөн 10 хувийн татварын баримтаа хадгалж байгаад дараа татварын байгууллагаас эргүүлэн авахдаа борлуулагчийн орлогыг илчилнэ. Товчхондоо бол НӨАТ гэгч үйлдвэрлэгч худалдагчдын орлого, зарлагыг мэдэх арга юм. Анх гарсан зарчмаараа бол худалдан авагч нэмж төлсөн НӨАТ-аа 100 хувь буцааж авдаг байсан ч яваандаа “тагнуул”- ын агуулгыг нь алдагдуулалгүйгээр буцаан олголтын хувь хэмжээг нь багасгаж иржээ. Одоогоор дэлхийн 166 улс НӨАТ авч байгаа бөгөөд Европын улсуудад дунджаар хамгийн их буюу 19.9 хувь, Өмнөд Америк, Африкийн орнуудад 14 орчим хувь байдаг. Манай улсын хувьд найман хувь (хоёр хувийг буцааж олгодог учир) байгаа нь дэлхийн дунджаас (15.5) бараг хоёр дахин бага гэсэн үг юм.

Улс орнууд далд эдийн засгаа илчлэх аянд мордож байна, харин манайх..

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас баялгийн тэгш бус хуваарилалт буюу орлого, амьдралын чанарын хэт ялгаатай байдал, төсвийн алдагдал, цар тахалтай холбоотой бэрхшээлийг бага дунд орлоготой улс орнуудад тулгарч буй үндсэн сорилт гэж үзээд даван туулах арга замыг тодорхойлсон зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид, далд эдийн засгийг илчлэх нь дээр дурдсан гурван бэрхшээлтэй нэгэн зэрэг тэмцэх чухал арга болж орсон байна. Дээрх хоёр байгууллагаас гаргасан судалгааны үр дүн, тайлан, түүнд үндэслэсэн зөвлөмж, бодлогын баримт бичгүүд нь гишүүн улс орнуудын хувьд цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чигээ тодорхойлоход нь мэдээллийн чухал эх сурвалж болдог. Тэгэхээр, ирэх жилүүдэд улс орнууд далд эдийн засагтайгаа тэмцэхэд урьд өмнөхөөс илүү хүчин чармайлт гаргаж ажиллах нь тодорхой байна. Харин манай улсын хувьд байдал тодорхойгүй. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд хэт ээлтэй төсөв, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, эдийн засагт эзлэх төрийн хувь хэмжээ зэрэг нь татвар төлөх хүсэл эрмэлзлийг бууруулах, улмаар далд эдийн засгийг өсгөх шалтгаан болж байгаа юм. Далд эдийн засгийг илчлэх чухал хөшүүрэг болох НӨАТ-ын сугалааг болиулж, идэвхжүүлэлтгүй болгосон нь ч үүнд орно.

НӨАТ-ын сугалааг болиулсан нь буюу төр, иргэний харилцааны гаж жишиг

Найдвартай орлогыг аз эзээс дээгүүрт тавьсан хэсэг иргэний гаргасан “НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэгдүүлэх” шаардлага өнгөрсөн сард интернэт орчинд хүчээ авч, Засгийн газраас шийдвэр гаргуулж чадсан билээ. Засгийн газар сугалааг цуцлах шаардлагыг хүлээж авсан ч хамгийн гол шаардлага болох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хангалгүй орхисон. Энэ шийдвэр иргэдийг нэлээд хашрааж, цаашид төр засгаас хоёр юм нэг зэрэг хүсэхдээ бодолтой хандахгүй бол горьгүй гэдэг сануулгыг өгсөн гэж болно. Нөгөө хэсэг бүлэг нь хүчтэй дуугарч байж ирэх оны нэгдүгээр сараас сэргээх шийдвэр гаргуулсан инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг явдал болоод өнгөрсөн. Сугалаа цуцалснаар хэсэг бүлэг иргэд санасандаа хүрч, Засгийн газар мөн тал алдалгүй өнгөрсөн ч цаана нь НӨАТ-ын төлөлт буурч улс орны эдийн засагт ихээхэн хорлонтой үр дагавар үлдэж мэдэхээр болчихлоо. НӨАТ нь төсвийн орлого бүрдүүлэхээс гадна “далд эдийн засаг”-тай тэмцэх хамгийн үр дүнтэй тэмцэх зэвсэг гэдгийг мартаж болохгүй. НӨАТ-т төлөгдсөн нэг төгрөг цаанаа байгаа 2-3 төгрөгийг илчилж байдаг.

Сангийн сайд Б.Жавхлан

НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын 2 хувийг одоохондоо нэмэх боломжгүй. Буцаан олголтыг ойрын жилүүдэд хоёр хувьд тогтвортой барих бодлоготой байна.

Далд эдийн засгийг өсгөдөг олон хүчин зүйл бий. Авлига, татварын шударга бус тогтолцоо, хэт хатуу чанга хууль журам, төрийн байгууллагын хэтийдсэн эрх мэдэл гэх мэтээр ихэнх нь төртэй холбоотой байдаг. Эдийн засгаа далд хэлбэрт оруулах ажлаа төр өөрөө хийдэг гэсэн үг. Харин тэмцэх аргын тухайд, олон хүчин зүйл гэж ерөнхийлөн нэрлэсэн шалтгаан бүрийг нэгбүрчлэн арилгахыг эс тооцвол НӨАТ-ын төлөлтийг нэмэгдүүлэх л хамгийн боломжтой нь юм. Төр дээр дурдагдсан олон дутагдлаа хангалттай сайн засаж чадахгүй байж НӨАТ-ын идэвхжилтийг зогсоосон нь буруу юм. НӨАТ төлөлтийг нэмэгдүүлэх хоёр арга бий. Нэг нь буцаалтын хувь хэмжээ, нөгөө нь сугалаа. Хүншүүлж тайлбарлавал буцаан олголт, сугалаа нь НӨАТ-ыг оршин тогтнуулдаг хоёр хөл гэж хэлж болно. Засгийн газар НӨАТ төлөгчдөөс азтан тодруулдаг механизмыг зогсоосон нь нэг хөлийг нь хуга цохисонтой адил болж байна.

Төсөв эрсдэлд орох вий

НӨАТ-ыг 2016 оноос өмнө төр ч, аж ахуйн нэгжүүд ч төдийлөн тоодоггүй байв. Тооцохын хувьд тооцдог ч төлдөггүй, аж ахуйн нэгж, байцаагч хоёрын асуудал болж, чимээгүйхэн шийдэгддэг байлаа. Нягтлан, байцаагч энэ татвараар “мөнгө” хийх явдал хавтгайрч, хэдэн мянгаараа “дээлээ нөмрөх”-ийн даваан дээр ч очсон удаатай. 2010-аад оны дунд үеэс хэрэгжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлснээс хойш улсын төсвийн бүрдүүлэлтэд гүйцэтгэх үүрэг нь үлэмж өссөн юм. Жишээ нь, 2019 онд Монголын татварын албаны төвлөрүүлсэн нийт орлогын 24 хувь буюу 4.5 тэрбум төгрөгийн 1.088 тэрбумыг НӨАТ-аас төвлөрүүлсэн нь үүнийг батална. Төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг гэдэг утгаараа иргэдийн нуруунд ачаа нэмдэг мэт боловч төсөвт үлэмж хэмжээний орлого төвлөрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлагыг бүртгэлжүүлж, далд эдийн засгийг илчлэх зэргээр эдийн засагт чухал хувь нэмрээ оруулдаг гэдгийг өнгөрсөн 6 жилд бид хангалттай харсан. Тэгвэл НӨАТ-ын ач холбогдол ийнхүү эрс нэмэгдсэн нь хуульд урамшуулал буюу буцаан олголт, сугалаагаар азтан шалгаруулах зохицуулалт орсонтой хамгийн их хамаатай байсан. Татварын байгууллага 2016 онд НӨАТ-аар 558.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол 2018 онд 900 тэрбум, 2021 онд нэг 3.7 их наяд төгрөг болж огцом нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сугалаа, буцаан олголтын ачаар улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг болжээ. НӨАТ төлөгчдөөс азтан шалгаруулахыг болиулснаар энэхүү 3.7 их наяд төгрөг буюу улсын төсвийн 22 хувь эрсдэлд орно. Сугалааг хүчингүй болгосноор цаашид НӨАТ төлөгчийн тоо нэмэгдэхгүй байх эрсдэл үүснэ. Иргэд сугалаанд оролцохын тулд буцаалтгүй ч гэсэн баримтаа нэхэж авч, улмаар тухайн байгууллагын орлого нэмэгдэн НӨАТ төлөгч болох нөхцөл бүрддэг. Сугалаа үгүй болсноор энэ идэвхжил үгүй болж байна.

НӨАТ-ын буцаалтыг нэмэх шалтгаан

Одоо манайд ашиглаж байгаа НӨАТ-ын систем үр дүнтэй ажиллаж байгаа ч сул тал бий. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогыг гаалийн мэдүүлэг, НӨАТ баримтад үндэслэж тооцдог болсон нь баримтгүй худалдсан орлого бүртгэлээс шууд гарах боломж бүрдүүлдэг Тодруулбал, гаалийн бүрдүүлэлтээ аргалаад, худалдан авагчдаа баримт өгөхгүй байхад л татвараас бултах боломж бүрдсэн. Эдүгээ зарим аж ахуйн нэгж худалдан авагчдаа НӨАТын баримт авах, нийт үнийн дүнгээс 5 хувь хөнгөлөх сонголтыг санал болгож буй. Худалдан авагч иргэн дотроо “НӨАТ-ын буцаалт үнийн дүнгийн 2 хувь шүү дээ” гэж бодож сонголтоо хийдэг тул энэ маягаар их хэмжээний хөрөнгө бүртгэлээс гадуур эргэлдэж байна. Буцаан олголтын нийт үнийн дүнгийн 5 хувьд хүргэж байж л энэ байдлаас гарах боломжтой. Харин Засгийн газар буцаан олголтыг ойрын хэдэн жилдээ 2 хувьд барина гэдгээ илэрхийлсэн билээ.

Монголд далд эдийн засаг цэцэглэх төгс орчин бүрдэж байна

НӨАТ төлөлт зогсонги байдалд орж, улмаар буурвал бид далд эдийн засагтаа эзлүүлж, өнгөрсөн хугацаанд олж авсан амжилтаа тавьж тууна. Учир нь манайд далд эдийн засаг үүсэх шалтгаан нөхцөл бий. Уг нь, Монгол Улсын татварын орчин дэлхийн ихэнх улс орноос хамаагүй таатай. Гэтэл өнөөдөр далд эдийн засаг хөгжсөн улсын тоонд орсон. Олон улсын валютын сангийн эдийн засагч Леандро Медина, Йоханнес Кеплер их сургуулийн Эдийн засгийн тэнхимын профессор Фридрих Шнейдер нарын 2018 онд гаргасан судалгаанд манай улсын далд эдийн засгийг 17.3 хувь гэж тооцсон. Энэ мэтийн үзүүлэлтийг байнга дардаг Үндэсний статистикийн хороо дээрх үзүүлэлтийг шүүрэн авч 2020 онд гаргасан “Далд эдийн засгийг хэмжих судалгаа, тооцоо 2015-2018 он” тайландаа эшлэн, “бодитой” гэснээс үзэхүл, бодит байдалд түүнээс их ч байх магадлалтай. Учир нь олон улсын байгууллагууд олон улс орныг хамруулсан судалгаа хийхдээ нээлттэй эх сурвалжийн мэдээллийг авах нь олон байдаг. Өөрөөр хэлбэл, судалгааг хийсэн эрдэмтэд ҮСХ-ны гаргасан тайлан мэдээллийг авч ашигласан байх боломжтой юм. За, 17.3 хувь үнэн гэж үзэхэд цаашдаа нэмэгдэх шалтгаан өдрөөс өдөрт нэмэгдэж байна. НӨАТын сугалаа буюу идэвхжүүлэлтийг ирэх жил хүртэл зогсоосон нь энэ шалтгаануудын зөвхөн нэг нь.

Монгол Улсын татварын орчин нөхцөл бусад улстай харьцуулахад хүнд биш гэж дээр хэлсэн. Гэтэл удахгүй энэ тодорхойлолтыг өнгөрсөн цаг дээр хэлж магадгүй болсон. Бид 1990-ээд оноос хойш нийгмийн халамжид зарцуулах мөнгөө тасралтгүй нэмсэн. Халамжид зарах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь мэдээж. Гэсэн ч нэг их нэмэлгүй явж ирсэн нь татварын бааз суурь буюу аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байсантай холбоотой. Одоо харин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн өсөлт төсвийнхөө зарлагын өсөлтийг гүйцэхээ больж байна. Цар тахал ч үүнд нөлөөллөө.

Хоёрдугаарт, төр нь өөрөө далд эдийн засагт ордог албан бус сектороо тогтоон барьдаг, дэмжиж өөхшүүлэгч нь болчихож. Төсөвт орж, татвар төлөгдөж байгаа мөнгө аж ахуйн нэгж, иргэнээс гарч байгаа мөнгөний өчүүхэн хувийг эзлээд ирэхээр л байдал бишиддэг. Төрийн өмчийн барилгын түрээс, байгалийн нөөц ашигласны төлбөр зэргийг энд дурдаж болно.

Эдийн засгийн хүндрэл нь биеэ үнэлэлт, хууль бус наймаа, татвараас бултах эрмэлзлийг нэмэгдүүлэх зэргээр далд эдийн засгийг нэмдэг. Улмаар аж ахуйн нэгжүүд татвар төлөгч байх сонирхол буурч, татан буугдаад албан бус секторт шилждэг байна. Манайд энэ үйл явц үргэлжилж байгаа. Дээр дурдсан ОУВС, Дэлхийн банкны зөвлөмжид албан бус сектор нь далд эдийн засагт ордог, татвар төлдөггүй гэдэг ч үнэн хэрэгтээ орлоготойгоо харьцуулахад маш их татвар төлдөг болохыг Перу, Угандагийн жишээн дээр өгүүлсэн байсан. Тодруулбал, хууль ёсоор тогтоосон хувь хэмжээнээс илүү их мөнгийг орон нутгийн эрх баригчид, хууль хяналтынханд төлдөг нь ил болж байжээ. Ийм явдал манайд ч бий. Хууль бусаар алт олборлогчид гэж гадуурхагддаг бичил уурхайчин нэгэн “Техник хэрэгслээ байсхийгээд хураалгаж, хэдэн сая төгрөг төлж байж буцааж авдаг, орлогын талаас илүү нь ийм маягаар гадагшилдаг” тухай ярьж байсан. Эцэст нь, татвар төлөхийг эх оронч үзэлтэй холбож, энхийн үед татвар төлөх нь дайны цагт эх орныхоо төлөө тулалдаж баатарлахтай ижил мэтээр сурталдах нь одоо зохихгүй болжээ. Татварынхаа үр шимийг үзэж байж л татвараа төлнө гэсэн бодолтой болж. Тиймгүй бол татварт өгөх хэдэн бор юм аа атгуулж байгаад төрийн үйлчилгээг бусдаас арай илүү авна гэдэг бодолтой болсон байна. Энэ нь төсвийг илүү үр дүнтэй зарцуулах, иргэндээ хүрч ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна. Ямар ч байсан одоогийнх шиг “Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа УИХ мэднэ, яасан ч дур” гээд, нүдэн дээр баяжаад яваад байж болохгүй нь. “Төлсөн татвараа би буцааж авах ёстой” гэдэг ойлголтыг иргэдэд суулгасан нь НӨАТ-ын бас нэг гавьяа ч байж мэдэх юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: [email protected]

    0 0 Хариу бичих
  2. НӨАТ-ыг 5% болгоод бүгд төлдөг болцгооё. Тэгэхгүй бол ийм дүр зурагтай байна, манай НӨАТ. Ихэнх барааг бид гадаадаас авдаг, гааль дээр ирмэгц НӨАТ-ын 10% татварыг барааны үнэ дээр тээврийн зардлыг нэмсэн дүнгээс тооцож төлдөг. Барааг бөөний борлуулагч 10% НӨАТ-тийн нэмэгдэлтэй зарна, дараа нь жижиглэнгийн борлуулагч мөн 10% нөат нэмж зарна. Үр дүнд нь барааны үнэ бараг 2.5 дахин нэмэгдэнэ. Шат шатандаа нөат-ын нэмэгдэлтэй зарна. Цалинд хүртэл энэ татвар нөлөөлнө.

    0 0 Хариу бичих