Амины үнэтэй хууль

Зүүний үзүүр дээр атга арвай буудай асгахад нэг нь л тогтохтой ижил тийм ховор хувь заяагаар хүн хорвоод мэндэлдэг гэдэг. Ийм хувь тавилангаар хүн болж төрчихөөд хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчнөөр хорвоог орхино гэдэг үнэхээр харамсалтай.

Анагаах ухааны салбарт эрхтэн шилжүүлэх мэс заслын шинэ технологиуд эрчимтэй хөгжиж хүний амь насыг аврах боломж нэмэгдсээр. Гэвч энэ боломжийг манай улс хангалттай сайн ашиглаж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг орж байгаа нь нөхцөл байдал ямар байгааг илтгэж байгаа юм. Одоогийн байдлаар л гэхэд манай улсад бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах шаардлагатай олон иргэн байна. Тухайлбал, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ хүмүүс бүгд донор болох хүн олдохыг хүлээж суугаа.

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Мөн удахгүй нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлэхээр үндэсний баг байгуулж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.

Ийнхүү манай эмч нарын ур чадвар сайжирч хүний хамгийн гол эрхтэн болох зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо анх удаа хийхээр зэхэж байгаа нь энэ. Гэхдээ эмч нарын ур чадвараас шалтгаалахгүй хүчин зүйл бий. Энэ бол донорын хомсдол. Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийж, 2018 онд шинэчлэн найруулж баталсан. Хамгийн сүүлд шинэчлэн найруулж батлахдаа амьгүй донороос эд, эрхтэн авах харилцааг анх удаа хуульчилсан юм. Мөн амьд донорын насны доод хязгаарыг 25-аар тогтоосон. Өөрөөр хэлбэл, 25 нас хүрсэн иргэд өөрийнхөө хүслээр хамаатан садандаа донор болж эд, эрхтнээ өгнө, түүнээс доош насны хүмүүсийг донор болохыг хориглосон гэсэн үг. Гэвч энэ нь донорын хомсдолыг улам нэмэгдүүлсэн шийдвэр болжээ. УИХ өмнөх энэ алдаагаа засахаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өргөн мэдүүлсэн юм. Тэд хуулийн төсөлдөө донор болох хүний насны хязгаарыг 21 болгохоор заажээ.

ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа

Сүүлийн зургаан сарын хугацаанд гадагшаа явж эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн 26 хүн эмчилгээндээ 7.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хууль тогтоомжийн дагуу үүний таван хувь болох 371 сая төгрөгийг тухайн иргэдэд олгох шийдвэр гаргасан. Гэтэл үүнд улсын төсвөөс зарцуулахаар 2022 онд төсөвлөсөн нийт санхүүжилт нь 500 сая. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж донор болох хүний насны доод хязгаарыг 21 болгосноор донор болох хүмүүсийн тоо нэмэгдэж олон хүний амь аврагдана гэж үзэж байгаа. Мөн гадаад явж хагалгаа хийлгэх хүмүүсийн тоо буурч улсын төсөв, иргэдийн мөнгө хэмнэгдэнэ. Донор болох хүмүүсийн насны доод хязгаарыг 25-аас 21 болгосноор 235 мянган иргэн донор болох боломж нээгдэнэ. Бүгд донор болно гэж муу амлаж байгаа юм биш. Донор болох хүнээ олохоор хүлээж байгаа хүмүүст ийм өргөн боломж нээгдэнэ гэдгийг л хэлж байгаа юм. Дээрээс 21-24 насны залуучууд бол хамгийн эрүүл бүлгийн иргэд. 

УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэх үед донор болох хүний насны доод хязгаарыг 21-ээс ч бууруулах магадлалтай. Учир нь, 2018 онд энэ хуулийг шинэчлэн найруулж батлахаас өмнө донор болох хүний насны доод хязгаарыг хуульд 18 гэж заасан байв. Мөн УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд“АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн донор болохыг зөвшөөрдөг” хэмээн дурджээ. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн зарим гишүүн ч 18 болгох нь зүйтэй гэж байв. Тухайлбал, Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн Д.Нямсүрэн ийм байр суурьтай байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн Д.Нямсүрэн

Заавал 21 гэхгүйгээр 18 нас гэж заавал сайн байна. 21, 18 хоёрын дунд нэг их ялгаа байхгүй. 18 настай хүн гэдэг Үндсэн хуульд заасны дагуу насанд хүрсэн, өөрийнхөө шийдвэр гаргах эрхтэй хүн шүү дээ.

Амьгүй донорын ар гэрт 10 сая төгрөг олгоно

Донорын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд донор болох хүний насны доод хязгаарыг 21 байхаар зааснаас гадна амьгүй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох зохицуулалтыг тусгажээ. Тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзаж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асуужээ. Улмаар “Төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй” гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 нь донор болгохоос татгалзсан байна. 2021 онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгажээ. Амьгүй донорын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлбэл энэ үзүүлэлт нэмэгдэнэ гэж тооцсон байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэхээс нь үл хамааран амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгохоос эхлээд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Нас барсан иргэний оршуулгын зардалд төрөөс нэг сая төгрөг олгодог. Хууль санаачлагчид амьгүй донорын оршуулгын зардалд 10 сая төгрөг олгодог байх нь зүйтэй гэж үзжээ. Харин амьд доноруудад жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрх олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. АНУ-д доноруудыг унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт олгох зэргээр дэмждэг бол БНСУ-д эмчилгээний зардал, цалинтай чөлөө олгохоос гадна сэтгэл зүйн болон хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг байна. Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурна. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд гадаадад өндөр төлбөртэй хагалгаа хийлгэдэг бол донор олдсон тохиолдолд дотооддоо үнэ төлбөргүй хагалгаа хийлгэдэг юм. Ийм л чухал амины үнэтэй хуулийг УИХ яг одоо хэлэлцэж байна.