Бүрхэг “ирээдүй”
Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх өөр өөрийн арга барилтай. Жишээ нь, манай дээд айлын ээж “Чиний төлөө би ингэж зүтгэж байна” гээд уйлан дуугарах нь хааяа ариун цэврийн өрөөнд их л тод сонсогддог юм. Тэр ээжийг би бага насны хоёр, магадгүй гурав, яг шилжилтийн насандаа яваа нэг хүүхэдтэй болов уу гэж таадаг. Учир нь оройд хүүхдүүд гүйлдэж, юу юугүй тааз нураагаад дээрээс ороод ирэх нь үү дээ гэмээр болдгийг нь бодоход тэднийд бага насны хүүхдүүд бий.
Бас амьдралын стрессээ хүүхдэдээ нааж “та нарыг тэжээх гэж би...” гээд л орилж байгааг нь сонсоход энэ айлд юм ойлгох насандаа ирсэн том хүүхэд ч бас байгаа болов уу гэж боддог. Яг энэ ээж шиг ингэж үглэснээр миний хүүхэд хүмүүжнэ, намайг ойлгоно гэж эндүүрсээр яваа аав, ээжүүд одоо үед байсаар л байна. Гэтэл ийм үйлдлээс хүүхэд хүмүүжил төлөвшил бус “Би ачаа, дараа болдог юм байна” гэдэг ойлголтыг аваад шархалж, дарамт мэдэрч, сэтгэл зүй нь гэмтдэг байна. Сүүлийн жилүүдэд энэ мэтээр эцэг эхийн харилцаа, гэр бүлийн уур амьсгалаас үүдэлтэйгээр хүүхдүүд сэтгэлийн хямралд өртөх, цаашлаад зан үйлийн эмгэгтэй болох тохиолдол нэмэгдэж байгаа аж. Ялангуяа цар тахал дэгдэж хүүхдийг нийгмийн харилцаанаас бүрэн тусгаарласан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ асуудал улам даамжирчээ. Хүүхдүүдэд ихэвчлэн сэтгэл түгших, анхаарал хомсдох, хэт хөдөлгөөнтөх, хооллолтын эмгэгүүд түгээмэл илэрдэг байна. Үүнээс гадна үс идэх, хумсаа мэрэх зэрэг гаж зуршилтай болох нь олширч байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс засалчид саяхан нэгээс хоёр жилийн турш үс идсэн 13 настай охинд хагалгаа хийж 1.2 килограм үсийг ходоодноос нь гаргаж авчээ. Охиныг эмч үзээд энэ хүүхдэд сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай гээд тус төвийн сэтгэл зүйч охинд тусламж үзүүлжээ. Өмнө нь хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, үс иддэг таван настай хүүхдэд ийм мэс засал хийж байсан аж. Түүнчлэн багаасаа эсгий идсэн хүүхэд орон нутгаас ирж хагалгаанд орж байсан тохиолдол ч бий гэнэ. Энэ мэт тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм байна. Тухайлбал, үс идэх зуршилтай хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд дунджаар нэгээс хоёр ирж эмчлүүлдэг байсан бол 2022 он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд ийм асуудалтай таван хүүхэд иржээ.
ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч Б.Дэлгэрмаа
Гэр бүл маргаантай байх, эцэг, эх муудалцах, салах зэрэгт хүүхэд маш ихээр стрессдэж, сэтгэл зүйн хямралд өртдөг. Энэ үедээ тавгүй байна гэдгээ аав, ээждээ төдийлөн илэрхийлээд байдаггүй. Үүнээс үүдэн үсээ идэх, хумсаа мэрэх зуршилтай болох нь түгээмэл. Сүүлд хагалгаанд орсон үс иддэг зуршилтай охины тухайд гэр бүлийн асуудалтай байсан. Манай дээр ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь өсвөр насныхан байдаг. Сүүлийн гурван сарын тайлангаас харахад гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл зүйн асуудалтай 19 хүүхдэд тусламж үзүүлжээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гурав, амиа хорлох оролдлого хийсэн тав, насны онцлог өөрчлөлттэй холбоотой сэтгэл хөдлөлийн стресстэй 31, таргалалттай хоёр, донтолтод өртсөн хоёр хүүхдэд тусламж үзүүлсэн. Ээж, аавууд ачаалалтай завгүй, ажил ажил гэсээр хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргахгүй байна. Үүн дээрээс орчин, нийгмийн хөгжил бас нөлөөлж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тайван ярилдаг байх л хамгаас чухал.
Хүүхдийн сэтгэлийн хямралын гол шалтгаан гэр бүл салалт
Гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүйн эмгэгийн хамгийн том шалтгаан болдог талаар мэргэжлийн хүн ярьж байна. Гэтэл манай улсад гэр бүл салалт өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Жилд дунджаар 10 мянган хүүхэд гэр бүл салалтын хохирогч болж хоцордог байна. Сүүлийн таван жилийн хугацаанд гэр бүл цуцлалт тогтмол нэмэгдсээр байгаа юм. Жилд 14-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг ч тэдгээрээс 3-4 мянга нь салдаг гэнэ. 2021 онд л гэхэд нийтдээ 16118 хос гэрлэсэн ч 3391 нь салжээ. Үүнээс харахад өдөрт есөн хос салж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн шүүхээр, хууль ёсны дагуу салж байгаа хосын тоо. Аав ээжийнхээ аль нэгэнтэй үлдэж, санаж бэтгэрсэн хүүхэд сэтгэл зүйн хувьд маш эмзэг, муу зүйлд татагдахдаа амархан болдог байна.
Хүүхдийн сэтгэл зүйд тоглоом чухал нөлөө үзүүлдэг
Хүүхдийн сэтгэл зүйн эмгэгийн суурь шалтгаан болдог хүчин зүйлүүдийн нэг нь нийгмийн хөгжил, орчин. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүйгээс эхлээд асуудал тасардаггүй Улаанбаатар хотод хүүхэд тоглох тухтай тоглоомын талбай ховор. Хүүхдэд ээлгүй, машинд зориулагдсан энэ хотод хүүхдийн тоглоомын талбайгаас илүү машины зогсоол барихыг илүүд үздэг болоод удаж буй. Аав, ээжүүд ч амьдрахаар сонгосон байрныхаа хүүхдийн тоглоомын талбайг ямар вэ гэж сонирхохоосоо өмнө зогсоолыг нь судалдаг болсон цаг. Гэтэл хүүхэд тоглож, наадаж нийгмийн харилцаанд орох тусмаа эрүүл байж, хөгжиж, цэцэглэж байдаг билээ. Тодруулбал, тоглоомын сэтгэл зүйн тухай К.Гроссын амьдралд бэлтгэх онолд тоглоомын явцад хүүхдийн дасан зохицох чадвар хөгждөг гээд тоглоом нь амьдралын дасгал сургуулилалт мөн гэсэн байдаг. Харин С.Холл “Хүүхэд алдагдсан диваажинг тоглоомонд ахин амилуулдаг юм” гэжээ. Энэ мэт олон онолоор тоглоом хүүхэд үнэхээр тустай болохыг нотолсон байдаг. Өнөөдөр Монголд хүүхдүүдийн хэдэн хувь нь сэтгэл зүйн ямар асуудалтай тулгарсан, ямар асуудалд өртөх эрсдэлтэй байгаа зэргийг судалсан зүйлгүй. Гэвч энд нэг л зүйл тодорхой байгаа нь хүүхдүүдийн сэтгэл зүйд анхаарал хандуулах цаг болжээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиад томуу хүрэх, халуурч бүлээрэх үед анхаарлаа хандуулж эмчилдэг шигээ зан авир, сэтгэл зүйд нь гарсан өөрчлөлт болгоныг жижиг гэлтгүй анзаардаг байх нь хамгаас чухал байна. Учир нь, сэтгэл зүйн эрүүл мэнд бие махбодын эрүүл мэндтэй шууд холбоотой. Ийм учраас анхаарахгүй бол хүүхдийн суралцах чадвар, өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаанд орох чадвар гээд бусад чухал чадваруудыг хойш татдаг байна.