Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаанууд

Засаглалын хямрал нүүрлэсэн тухай ярьсаар бид 30 гаруй жилийг хэдийнэ үдээд байна. Одоо ч үүнийгээ ярьсаар л... Энэ сэдэв үргэлж сөхөгдөж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь тасрахгүй явсаар хагас жаран боллоо. Үнэхээр ч шилжилтийн үеийн гэгддэг 1992 оны Үндсэн хуульд өөрчлөх ёстой, цаг үедээ нийцүүлэх хэрэгтэй зохицуулалт дутагдсаар ирсэн нь нууц биш.

Харамсалтай нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан үе, үеийн УИХ долоо хэмжиж, нэг огтолж байна гээд дандаа дутуудуулж байсан нь үнэн юмдаг. Тиймдээ ч засаглалын хямрал засагдахгүй явсаар дараагийн сонгуулийн босгонд тулж ирлээ. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын хоорондын эрх мэдлийн төлөөх зодооныг засаглалын хямрал гэж нэрлэсээр ирсэн. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм гэж өдгөө гайхшрахад хүрч байна. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон. Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг хэлж байна л даа. Харамсалтай нь, энэ нь дордуулсан долоон өөрчлөлт гэгдэж үлдсэн. Ингээд түүнээс хойш дахиад 16 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг. Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь Үндсэн хууль гэж ухаарав. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Өмнө нь Үндсэн хуулиа засаж, өөрчлөх тухай олонтаа яригдаж байсан ч 2016 оноос хойш илүү ажил хэргийн түвшинд, бодитой яригдаж эхэлсэн билээ. Ингээд 2019 онд зарим өөрчлөлт оруулсан. Гэвч бас л дутуудуулжээ. Тиймээс ч Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн шаардлага одоо ч тасралтгүй үргэлжилж буй хэрэг.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд

Бүх улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. ХҮНын зүгээс сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авснаа холбогдох Байнгын хороо мэдэгдээд байна. Энэ долоо хоногоос эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо.

Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн. Давхар дээл, Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчидтэй хариуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз.

1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 17 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ найман удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш дөрөв дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш гурав дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна. Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жилүүд нь үсрэнгүй хөгжсөн шинэ Сингапурыг бүтээсэн хугацаа юм. Тэд ялгаагүй л парламентын засаглалтай орнууд. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий.

Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх байхгүй байлаа. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийг УИХ-аас томилдог байсан тул гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байсан нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан байсныг тэрхүү өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд хязгаарласан.

Тус хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхий сайд танхимаа 100 хувь өөрөө томилсон. Засгийн газрыг кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэж шахдаг.

Өмнө нь аль нэг сайд Засгийн газрын тэргүүнтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд зөрүүдлээд ажил хийхгүй суучихаж болдог байв. Засгийн газрынхаа эсрэг ганцаарчилсан тоглолт хийсэн олон жишээ өнгөрсөнд бий шүү дээ. Учир нь түүнийг УИХ томилдог байснаас тэр юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд тэрхүү эрх мэдлээ өөртөө авсан. Ерөнхий сайд өөрийн санаачлагаараа сайдаа огцруулж, сольж болно. Өөрөө эрх мэдэж, хариуцлага тооцож чадахгүй учраас Ерөнхий сайд хүчгүй, бяргүй харагддаг байсан нь одоо эсрэгээрээ хүчтэй, бяртай байх нөхцөл бүрдсэн. Өөрөө сайд нараа мэддэг, халдаг, сольдог эрх мэдэл гэдэг бол хүчирхэг байхын эхний нөхцөл.

Үүний дараа тэрхүү өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг мөн нэмэгдүүлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэх санал хүртэл цухалзаж байсныг санах хэрэгтэй. Энэ бол шулуухан хэлэхэд УИХ-ыг бүрдүүлж буй 76 гишүүний чадамж, чансаанаас болж байгаа юм. Тэд парламентын нэр хүнд, үүрэг хариуцлагыг хэт унагаж орхисноос засаглалын нөгөө хоёр тулгууртаа монголчууд илүү найдах болсон гэсэн үг.

Өнөөдөр Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай гэх боловч уг чанартаа Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтайн алин болох нь үл мэдэгдэнэ. 1990 онд анхны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар тусгаж оруулж ирсэн байжээ. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй улс байж таарахгүй гэсэн үндэслэлээр өөрчлөгдсөн байна.

Гэвч анхны санал оруулсан хувилбар нь зөв байсан ч байж мэдэх. Монгол Улс олон сонгуулийн хөлд дарагдаж, төсөв мөнгө урсаж, сонгуулиас сонгуулийн хооронд тэвдсэн, уухичсан улс болж хувирлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа олон чухал зүйлийг орхигдуулсан нь одоо илэрч байна. Тухайлбал, он удаан шүүмжлэл дагуулсан давхар дээлийг тайлах өөрчлөлтийг Үндсэн хуульд л тусгах боломжтой. Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийн хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь нэгэнт тодорхой. Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.

Тэгвэл үүний нөгөө талд Ерөнхий сайд дахиад л хүчгүйдэх, эрх мэдэл дутах бэрхшээл үүснэ. Энэ нь саяхан хэлэлцэж баталсан Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг УИХ бүрэн хүлээн авч дэмжээгүй үйл явцаар батлагдаж байх жишээтэй. Угтаа УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой болохоос Засгийн газар ажлаа хийхэд УИХ чөдөр тушаа болох ёсгүй. Дээр дурдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бие даасан байдлыг баталгаажуулсан гэх авч үнэн хэрэгтээ өнөөгийн Ерөнхий сайд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Та бид УИХ-аар асуудал хэлэлцүүлж буй сайд нарын байгаа байдлаас, УИХ-ын гишүүдийн авираас алган дээр тавьсан мэт бүхнийг харж байна. Давхар дээлтэй сайд нарын ажил урагшилж, дан дээлтэй сайд нар парламентын гишүүдэд “загнуулах ёстой” юм шиг л байна. Иймээс дан, давхар дээлийн яриаг цэглэхдээ зөвхөн нэг туйл руу нь зүтгээд байж болохгүй нь. Өнөөдөр Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн атлаа л хүчин мөхөсдөж, мэдэл дутаж байгааг бид харлаа. Тэгвэл энэ нь мөнөөх засаглал маань бас л болж өгөхгүй байгаагийн дохио тэмдэг юм. Өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэх гурван засаглал маань нэг намын гарт төвлөрч байгаа хэдий ч эрх мэдлийн зодоон, институцийн зөрчил хэвээр байна. Аль алиныгаа хянадаг, тэнцүү эрх мэдэлтэй ийм тогтолцоог бид мэдээж хүссэн. Гэвч ажил хийх, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүнд илүү эрх мэдэл хэрэгтэй байна. Нөгөө талд улс орны хөгжлийн бодлого, Үндсэн хуульд зайлшгүй шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийхийн тулд УИХ эрх баригч нам хийгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хараат бусаар шийдвэр гаргах хэрэгцээ бас бий. Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдлын шаардлага, тогтвортой засаглал, хүчтэй удирдагчийн хэрэгцээг бодоход бэлгэдлийн төдий Ерөнхийлөгчтэй байх хүсэл бас алга. Тиймд монголчууд одоо засаглалын хямралаа эцэслэх болсон. Хэн хэнийхээ эрх мэдлийг булаацалддаг, нэгнийхээ хамаарах хүрээ руу гар, хөл дүрдэг, нэг эрх ашиг дээр гурвын гурван ашиг сонирхол уралдуулдаг ийм тогтолцоо цаашид хэрэгтэй эсэх эргэлзээ нэмэгдсээр л байна.

Харин энэ бүхэнд цэг тавих боломж, бололцоо нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Ирэх сонгуулийн буухиа хэдийнэ эхэлсэн энэ үед эцэг хуульд өөрчлөлт оруулахад амаргүй. Гэвч нэгэнт улс төрийн намууд парламентад суудалтай, суудалгүй ялгаагүй өөрчлөлт шаардаж, УИХ-д ч бас хууль болоод хугацааны хайчин галд орчихоогүй байгаа үе яг одоо тохиож байна. Тиймээс ч долоодугаар сард Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн яриа ажил хэрэг болж, асуудлыг мухарласан шиг мухарлах ёстой юм. Түүнээс дахиад л дутуудуулж, дахиад л өөрчилнө гэж ярих аваас ард түмэн хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ямар боловч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийг өөрчлөх боломж хуулийн хувьд асуудал үүсгэхгүй гэдгийг мэдэгдээд байна. Сөрөг хүчин ч бас адилхан байр суурьтай байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат

Сүүлийн үед Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж байгаа саналыг нэгтгээд үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй саналууд байна. Өнөөдрийн Монгол Улсад байгаа Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа гэдгийг хэлсээр ирсэн. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж бусад улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд боломжтой. Учир нь 2019 оны Үндсэн хуульд Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэж заасан. Энэ хугацаа 2023 оны тавдугаар сарын үед болно. Тэр хүртэл бүтэн нэг жилийн хугацаа байна. Хууль зөрчихгүйгээр хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх боломжтой.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 1992 оны Үндсэн хууль бол Монголыг төргүй улс болгох Схем мөн 30 жил энэ хуулиар явж Даампуурлынхаа дээд цэгт хүрлээ Одоо цааш дампуурах зай цаг хугацаа байхгүй

    1 0 Хариу бичих