Эр цэрэг үү, эдийн засаг уу

Эх орны дархан хил амар амгалан байх, үндэсний аюулгүй байдал тогтуун оршихын суурь нь цэргийн хүч байдаг. Эр цэргийн тоо олон, чадвар нь сайн байвал тусгаар тогтнолын суурь нь бат бэх байна. Энэ бол тусгаар тогтнол ганхахгүй байх, ард олон амар амгалан байх гэх үгийн нэг үзүүр бөгөөд нөгөө үзүүр нь эдийн засгийн бодлого.

Өөрөөр хэлбэл, дархан хил амар амгалан байсан ч эдийн засгийн өсөлт бууралттай, бараа материал хомсдох тэр үед ард олон эмх замбараагүй болж, үндэсний аюулгүй байдал ганхаж эхэлдэг. Үүнийг ч Энэтхэгийн хажууд байрлах Шри Ланка гэх улсаас мэдэрлээ. Тус улсад гаднын улс халдан довтлоогүй ч төв банк нь эдийн засгийн буруу бодлого явуулсны улмаас өдгөө эмх замбараагүй байдал “ноёрхож” байгаа юм. Шри Ланка нь аялал жуучлалын салбараас эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх түлхцийг авдаг бөгөөд цар тахлын халдварын улмаас жуулчин ирээгүй нь сөргөөр нөлөөлжээ. Түүнчлэн БНХАУ болон дэлхийн томоохон санхүүгийн байгууллагад их хэмжээний өртэй нь нөхцөл байдлыг улам доройтуулсан байна. Өнөөдрийн байдлаар тус улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас Ерөнхий сайд нь огцорсон бөгөөд нийт хагас сая орчим хүн ядууралд орсон гэх мэдээ гарсан юм. Ийнхүү эдийн засгийн хямралаасаа үүдэн улс орнууд дефолт зарлаж байгаа нь дэлхийн улс орнуудад сургамж болж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх олон талын арга хэрэглэж байна. Үүний нэг нь цэрэгт элсэх залуусыг бүрэн чөлөөлж байгаа явдал юм. Тухайлбал, цэрэгт татлага нь хамгийн чанга хатуу явагддаг Өмнөд Солонгос улс саяхан “BTS” хамтлагийн долоон гишүүнийг цэргийн албанаас бүрэн чөлөөллөө. Түүнчлэн цаашдаа улсынхаа нэр хүндтэй тамирчид, урлагийн салбарын “од”-ууд, дэлхийн хэмжээний шагналт тамирчдыг цэргийн албанаас бүрэн чөлөөлөх, цэргийн албанаас өөр алба хаах боломж олгохыг Соёлын сайд Хван Хи нь хүсжээ. Тэрээр “BTS”, “EXO”, “Seventeen” зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрэгтэй уран бүтээлчдийг цэргийн албанаас чөлөөлөх хэрэгтэй. Ингэхдээ өөр албанд ажиллуулсан ч болно шүү дээ. Эдгээр хамтлаг, уран бүтээлчид нь үндэстнийхээ статусыг дээшлүүлж гаднын валютыг улсдаа оруулж ирж байна. Улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байна” гэсэн юм. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлтөө сайжруулахын тулд гадаад улсын валютыг оруулж ирдэг залуусыг цэргийн албанаас бүрэн чөлөөлж эхэллээ. Үүний гол бодлого нь эх орныхоо эдийн засагт эергээр нөлөөлж чадах залуу боловсон хүчнийг цэрэгт явуулснаас эх орондоо хувь нэмрээ оруулахыг илүүд үзсэн явдал юм.Тэгвэл манай улсын хувьд эдийн засгийн өсөлт нь 2022 оны эхний саруудад төсөөлж байснаас харьцангуй бууралттай гарсан. 2022 он гармагц инфляцыг бууруулах олон арга хэмжээ авна гэж өнгөрсөн онд Монголбанкнаас мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар инфляц мэдэгдэх хэмжээнд буурсангүй. Тэгвэл нэг санаа байна. Улс орны эдийн засгийн хямралтай энэ цаг үед эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, Монголоо гаднын улсад сурталчилж валют олж ирж байгаа залуусыг цэргийн албанаас чөлөөлье. Монгол Улсын иргэн бүрийг заавал цэргийн алба хаах нөхцөл байдлыг хэрхэн бий болгосон талаар хийгээд хугацаат цэргийн албанаас өөр ямар аргаар цэргийн алба хаах боломж буйг судаллаа. Судлахдаа улс оронд эерэг нөлөө үзүүлж болох хамгийн оновчтой цэргийн албаны төрөл нь юу болохыг илүүтэй чухалчлав.

Монгол Улс цэргийн алба хаахыг “хуулиараа” шахаж шаардсан байна

Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Үүнийг бүгд мэднэ. Тиймдээ ч бидний хийж болох үйлдлийг эрх хэмээн зааглаж, заавал хийх ёстой үйлдлийг үүрэг хэмээн тусгасан байдаг. Үүний нэг жишээ бол цэргийн алба хаах хууль дээр биднийг заавал цэрэгт явах ёстой хэмээн үүрэг болгосон бөгөөд гагцхүү өвчтэй, аль эсвэл ар гэрийн асуудалтай гэх шалтгааны улмаас л түр чөлөөлдөг. Дэлхийн улс орнуудын цэргийн алба хэрхэн хаах зохицуулалтыг судалбал, цэргийн алба хаахыг шахаж шаардсан эсвэл өөрийн сонголтоор хаах гэдэг хоёр нийтлэг зүйлээр ангилж болох юм. Энэ талаар Америкийн Тагнуулын төв газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны хуульд ямар улс нь сонголт болгож хэдэн улс нь үүрэг болгосон талаар судалгаа хийжээ. Судалгаанд 103 улс цэргийн алба хаах нь сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголтын асуудал хэмээн үзсэн бол 37 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгожээ. Харин үлдсэн 36 улс тодорхой нөхцөлтэйгөөр буюу холимог хэлбэрээр хаалгадаг байна. Судалгааны цөөнх улсын тоонд орж буй цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон орны нэгд манайх ордог. Ингэхдээ Цэргийн албаны тухай хуульдаа Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ гэж зааж өгчээ.

Хамгийн тохиромжтой нь оюутан цэрэг

Манай улсын цэргийн албыг хугацаат цэргийн алба, оюутан цэрэг, дүйцүүлэх, мөнгөн төлбөрийн хэрэглэлээр орлуулан хаах, гэрээт цэргийн алба гэсэн төрлүүдээр эрчүүд хаах боломжтой. Эдгээр сонголтуудаас залууст хамгийн тохиромжтой, улс оронд ээлтэй хувилбар нь оюутан цэргийн алба. Ингэж хэлсний учир нь хамгийн богино хугацаанд цэргийн алба хаах боломжийг өгдөг бөгөөд ердөө хоёр сарын хугацаа л зарцуулдаг юм. Нөгөөтэйгүүр оюутан байхдаа хаадаг бөгөөд ажил дээр гарч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах ид карьераа хөөх цагт цэрэгт явдаггүй давуу талтай. Ийнхүү давуу талыг давамгайлсан ч “сайны хажуугаар саар” гэгчээр оюутан цэргийн албанд цөөн залуус сонгон шилж авдаг байна. Энэ нь УИХ-ын гаргасан төсвөөс шалтгаалдаг бөгөөд төсөвтөө баригдаж цөөн тооны оюутан элсүүлж байгаа аж.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржав

Оюутан цэрэг хөтөлбөр 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5000 сурагч цэргийн албанд хамрагджээ. Ерөнхийдөө жилд 1000 арай хүрэхгүй оюутанг оюутан цэргийн хөтөлбөрт тусгадаг байсан бол энэ жилийн тухайд 300-аад сурагчийг хамруулахаар болсон. Ийнхүү элсэлтийн тоо буурсан нь төсөвтэй холбоотой бөгөөд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн санхүүжилтэд энэ жил 314 сая төгрөг тусгагдсан нь 300 хүнийг л сургахад хүрэлцэхүйц төсөв байна.

Энэ нийтлэлээр залуусын цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийг мохоох гэж бичсэнгүй. Гагцхүү эрх баригчдыг эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа, улс орноо хөгжүүлж буй залуусыг цэргийн албанд татаж нэг жилийг нь бүү чангаагаасай, үүнийг зохицуулсан зохицуулалт гаргаасай, мөн цэргийн алба хаах хамгийн боломжит хувилбар болох оюутан цэргийн хамрагдаж болох орон тоог нь нэмэгдүүлээсэй гэсэн санааг л хэлэх гэсэн юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЯМАР СОЛИОТОНД НЬ ИЙМ БАЛАЙ БОДОЛ ТӨРДӨГ БАЙНА АА! ӨРХИЙН АМЖИРГАА БАТАЛГААТ БОЛ ЭЗ ЮУ ЮМ БЭ? НОХОЙН БААС ТӨДИЙ ШАЛИХГҮЙ АСУУДАЛ! ЮУ ВЭ ГЭХЭЭР МОНГОЛЧУУДЫГ ЗОРИУД БААСТАЙ ХУТГАЖ АМЬДРУУЛДАГ УЧРААС ИХЭНХ НЬ БААС БОДОЖ БААСНЫ ТӨЛӨӨ ӨДӨР ХОНОГОО ӨНГӨРӨӨЖ БАЙНА БҮХ СЭХЭЭТНҮҮД ИЙМ ШҮҮ!

    0 0 Хариу бичих
  2. Бүх эрчүүд цэргийн албаа хаах хэрэгтэй , албаа хааснаар дараагийн ажил алба эрхэлэх эрх нээгдэх ёстой бүх эрчүүд ц8-45 наснийха шүү

    0 0 Хариу бичих
  3. Цэргийн алба хаах олон хэлбэрүүд бий. Бичиж байгаа сэдвийнхээ хүрээнд дахин судла. Хүн бүр үүрэг хүлээх нь зайлшгүй.

    0 0 Хариу бичих