Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн “цоорхой”

Монгол үндэсний бөхийн нэр хүнд унасан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Унаж эхэлсэн шалтгаан нь ч тодорхой. Гол шалтгаан нь “Цолны найраа” буюу тал тохой татсан худал барилдаан, допинг буюу сэргээш хавтгайрсантай холбоотой. Тэгвэл энэ завхралыг засах зорилготой эхлүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд оруулсан олон удаагийн нэмэлт, өөрчлөлтүүд чамбай болоогүйгээс өдгөө тус хууль өөрөө бөхчүүдийг талцал хуваагдалд хүргэх болсныг хүлээн зөвшөөрөх цаг болж. Бөхчүүдийг хооронд нь талцуулж, муудалцахад хүргэж байгаа нэг хүчин зүйл нь бөхтэй холбоотой хууль, тогтоомж болчихоод байна. Анх батлагдсан цагаасаа хойш сайжруулах нэрээр олон зүйл, заалтыг нь өөрчилсөн ч угтаа солин тавьсан заалтууд нь хоорондоо харшилж, хэрэгжилт нь үндэсний бөхийн хөгжил, бөхчүүдийн эв нэгдэлд харштай олон маргааныг үүсгэжээ. Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч энэ алдаа засагдаагүй байна.

Зорилгоо дутуу биелүүлсэн нэмэлт, өөрчлөлтүүд

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр баталсанаас өдгөө хүртэл нийт зургаан удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ голдуу бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон байна. Гэтэл тус нэмэлт, өөрчлөлтүүд нь “Хууль хоорондын болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсгэсэн” гэж судлаачид үзэж байгаа юм. Судлаачдын сануулж хэлээд буй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн чухам аль зүйл заалт нь сөрөг үр дагавар авч ирсэн талаар, мөн УИХ-д өргөн баригдсан Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга эл асуудлыг шийдвэрлэж чадсан эсэх талаар дэлгэрүүлэн өгүүлье. 

Бөхийн цолтой холбоотой “цоорхой”-г бөглөлгүй орхижээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн үндэсний бөхийн цолтой холбоотой хэсэгт анх  2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Өөрчлөлтөөр, хуулийн 7.2-т “Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” гэж заажээ. Одоо ч энэ хуульд 1024 бөх барилдахтай холбоотой ганц зохицуулалт нь тус заалт бөгөөд зөвхөн арслангаас доош цолтой бөхөд зориулагдсан зохицуулалт юм. Арслан цолтой бөх ес даван үзүүрлэх, 10 даван түрүүлбэл ямар цол олгох талаар зохицуулагдаагүй гэсэн үг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга” цол олгоно гэж л заажээ. Одоо УИХ батлах гэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ талаар тодорхой заалт ороогүй байна.

Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн

Эртнээс уламжлагдан ирсэн эрийн гурван наадмын чимэг нь үндэсний бөх. Үзэгч олноо баясгаж, жил бүрийн наадмаар бөхөд хайртай ард түмнээ гурван өдрийн турш цэнгэлдэхэд “уяж” чаддаг байлаа. Бяр, ухаан, уран барилдаанаараа үзэгчдээ өндөлзүүлсэн олон сайхан бөхчүүд өнөөдөр хаана байна вэ. Бөхчүүд ийн үл хүндлэгдэж, хоорондоо муудалцаж байгаа нь үндэсний бөхийг үнэ цэнгүй, үзэгчгүй болгож байна.

Азаар, уг нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойш буюу 2007 оноос хойшоо 2011, 2016 онд 1024 бөх барилдсан бөгөөд улсын арслангаас бага цолтой бөх 10 давж түрүүлж аварга цол хүртсэн байдаг. Хэрвээ улсын арслан юм уу, аварга цолтой бөх түрүүлсэн бол маргаан гарах нь зайлшгүй байв. Иймд 1024 бөх барилдах үед арслангаас дээш цолтой бөх үзүүрлэсэн, түрүүлсэн тохиолдолд ямар цол олгохыг шинэ хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй нь харагдаж байна.

Допингтой холбоотой маргаанууд цаашид ч үргэлжилнэ

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Зохион байгуулах хорооны бүрэн эрхтэй холбоотой харилцааг зохицуулсаны дотор 12 дугаар зүйлийн 12.4.1 /улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх/, 12.4.5 /бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах/ гэсэн хоёр зүйл заалтыг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан тогтоол араасаа гомдол дагуулж, шүүхээр хэлэлцэхэд хүрчээ.

Тодруулбал,

• Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр хэлбэл өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан;

• Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжгүй;

• Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоол нь эрх хэмжээний хувьд зохион байгуулах хороонд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, сонсох ажиллагаа хийгээгүй гэх мэт үндэслэлээр бөхчүүд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог хариуцагчаар татан оролцуулжээ. Гомдол гаргасан субъект нь ихэвчлэн допинг хэрэглэсэн болох нь итгэмжлэгдсэн лабораториийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүд байв. Хэдийгээр, тэдгээр бөхчүүд шүүхээр заргаа авч байсан тохиолдол байхгүй ч маргаан үүсгэх үндэслэлийг хэвээр үлдээсэн тул цаашид шүүх дээр маргасаар байх бололцоотой ажээ. Шинэ хуулиар энэ боломжийг хаах шаардлагатай. Олон жишээнээс нэгийг нь авч үзье.  

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолоос өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ “Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цолыг хүртсэн. 2019 оны аравдугаар сарын үед Баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр Улсын аварга цолыг хураалгах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байлаа. Үүнийг өмгөөлөгч нь тайлбарлахдаа “Үндэсний бөхийн дүрмийн 9.3 дугаар зүйлийн 5-д “Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх” гэж заасан. Цол, чимгийг хураах асуудал нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бус, Салбар хорооны эрх мэдлийн асуудал байна” гэж тайлбарлажээ. Шүүх түүний гомдлыг хэлэлцээд “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолыг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.1, 12.4,14.1.3-т тус тус зааснаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэр гаргах эрхтэй байна” гээд гомдлыг хангахгүй байх шийдвэр гаргасан юм.

Шүүхээс шийдвэрлэсэн энэ маргаанаас харахад Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг Үндэсний бөхийн салбар хорооны бүрэн эрхэд хамааруулан хооронд нь давхцуулж, ойлгомжгүй байдал үүсгэж, маргаан үүсэх шалтгааны нэг болсон нь харагдана. Уг асуудлыг лавшруулан судалж эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Энэ мэтчилэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эхнээсээ л “цоорхой”-той парламентад орж ирлээ. УИХ харин хэрхэн шийдвэрлэхийг ирэх өдрүүдэд харах боломжтой юм.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Жил бүр 512 бөх барилдана гээд хуульчилчихвал ямарч маргаан гарахгүй! Ер нь энэ хууль бараг хэрэггүй юм.

    0 0 Хариу бичих
  2. Арслан цолтой бөх 9 давбал цолоо батлах байгаа хэрэг. 10 давж түрүүлбэл аварга болох нь нь тодорхой. Тэрнээс начин цолтой бөх 5 давахад цолоо баталсан гээд чимэг өгөхөөс харцага цол өгдөггүй биз дээ. Түүнтэй л ижил.

    0 0 Хариу бичих
    • Сүхбат аварга дээр тэгээгүй юмдаа.арслан цолтой 10 давж түрүүлээд дараа нь дахин түрүүлээд дархан аварга болж байсан.Өсөхбаяр улсад 4 н удаа түрүүлсэн хэрнээ ард нь эрэмблэгдээд явж байдаг шал утгагүй.

      0 0
  3. Үндэсний бөхийн аварга цолтой УИХ-н гишүүд энэ цоорхойг нь олж хараад хууль санаачлагчид нь хэлж, засуулдаггүй явж ирсэн үү? Бөх хүн л хамгийн түрүүнд энийг олж хармаар?

    0 0 Хариу бичих