Өөрөөс шалтгаалах ЭДИЙН ЗАСАГ

Талхны үнэ хоёр мянга давж, тараг тансаг хэрэглээ боллоо гэж иргэд халаглаж байна. Мөн өмнөх оноос үнэ нь бараг 50 хувиар өсчихөөд байгаа жимс жимсгэнэ, нарийн ногоог худалдан авч хүчрэхээ больжээ. Энэ мэтээр бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн нь өрхийн эдийн засаг, хувь хүний санхүүд сорилт болж байна. Энэ хугацаанд нэмэгдээгүй үлдсэн ганц зүйл нь иргэдийн цалин байна. Инфляц аль хэдийнээ 14 хувьд хүрсэн энэ үед "Бүсээ чангалахаас" өөр сонголтгүй болсон иргэдэд эдийн засагчид дараах зөвлөгөөг өгч байна.

Орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлз

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр

Хэрэглээний үнэ нэмэгдэж, ажлын байр хомсдож , эдийн засаг агшиж байгаа энэ үед хувь хүний толгой дээр олон хүндрэл ирнэ. Энэ оны нэгдүгээр улиралд уул уурхай, аж үйлдвэр, барилгын салбарын үзүүлэлтүүд буурсан байна. Үүнийг дагаад эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн газруудад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газруудын ч борлуулалт буурч байгаа юм. Харамсалтай нь хил нээгдээгүй болохоор ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Хил нээгдэж, томоохон компаниудын эргэлт сайжирснаар бусад борлуулалт ч дагаад өснө. Харин одоо иргэдийн амьжиргаанд ковидын эсрэг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хүүхдийн мөнгө, цахилгаан дулааны төлбөрийн хөнгөлөлт зэрэг л түр зууртаа дэм болж байна шүү дээ. Тиймээс энэ үед залуу хүмүүс бололцоотой бүхий л ажлыг эрж, хайх ёстой. Одоо байгаа ажлын байраа хэвийн хадгалах хэрэгтэй. Харин шинээр бизнес эхлүүлэх орчин хараахан  бүрдээгүй байна. Өндөр настнууд болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүст боломж, бололцоо маш ховор байна. Хэрэв оны төгсгөлөөр эсвэл он гараад урд хил нээгдчихвэл нөхцөл байдал арай сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Гарцаа ол

Эдийн засаг судлаач Л.Оюун 

Эдийн засаг хүнд, иргэдийн орлого бага байгаа энэ үед санхүүгийн сахилга баттай бай гэж хэлэх хэцүү. Дөнгөж наад захын хэрэгцээгээ хангаж байгаа хүмүүстэй “Мөнгөө хадгал, хуримтлуул” гэж ярихад төвөгтэй. Гэлээ гэхдээ хүмүүс энэ талаар зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Энэ бол эргэлтийн үе. Өөрөөр хэлбэл хүмүүс дор дороо “Яаж орлогоо нэмэгдүүлэх вэ” гэдэг бодлого боддог цаг. Хэн нэгэн туслах ёстой гээд шанаагаа тулаад, толгойгоо шаагаад суугаад байвал байдал улам л дордоно. Харин “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг зохистой арга замыг байнга эрэлхийлж, гарц гаргалгаа хайж, олж, гаргаж чадсан хүн цаашид хүндрэлийг давж, амжилттай, ашиг орлоготой байж чадна. Хэдий хүнд үе ч гэлээ ар гэрээ авч явах, амьдрахаас өөр арга байхгүй цагт хүн гарцаа олдог л юм.  Энэ үед мэргэжил боловсролоо яаж дээшлүүлж болох вэ, хаана ямар хүмүүс хөрөнгө оруулалт хийж байна вэ гээд сайн судлах хэрэгтэй байдаг. Улсын эдийн засаг уналттай, иргэдийн амьжиргаа хүнд үед мэргэжил мэдлэг дээшлүүлэх тал дээр хөрөнгө оруулалт их хийгддэг. Үүнийг овжин ашиглах хэрэгтэй гэж зөвлөе.

Зөв хүлээ

Эдийн засагч, шинжээч Г.Батзориг

Эдийн засаг тэр чигээрээ сэтгэл зүй дээр тогтдог. Хүн сэтгэл зүй, бодол санаа нь ямар байхаас хамаараад худалдан авалтын шийдвэрээ гаргадаг. Үүнд хүлээлт хамгийн чухал. Аливаа асуудалд судалгаатай хандаж, сайтар уншаад, мэргэжлийн хүмүүсээс тодруулж, зөв хүлээх ёстой. Зөв хүлээх нь би хэмнэх үү, эсвэл зарлага гаргах уу гэдгийг чинь шийднэ. Өнөөгийн нөхцөл байдалд эдийн засаг хүнд байна. Цаашид ажилтны ашиг орлого, цалин өсөх хүлээлт асар бага байна. Бизнесүүдийн ашиг өсөх магадлал ч бага. Оны төгсгөл хүртэл нөхцөл байдал хүнд байх нь гэдэг дүр зураг гарч ирж байна. Ингээд нэгэнт эдийн засаг хүнд байх нь гээд хүлээчихэж байгаа хүн хэмнэх ёстой шүү дээ. За ингээд хэмнэлтийг юунаас эхлэх вэ гэхээр нэгдүгээрт зээлийн дарамтаа бууруул. Ингэхээр ирээдүйд орлого, ашиг тасалдах зэрэг асуудал үүсэхэд банк санхүүгийн байгууллагаас зээл нэхэж, дарамтлахгүй амар болно гэсэн үг. Хоёрт, зардлаа эрэмбэл. Хэмнэх үедээ удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн авах нь зөв үү гэдгийг бодож үзээд худалдан авалтаа хойшлуулах хэрэгтэй.  Гуравдугаарт, хоол хүнс, эм тариа, хувцас хунар гээд , өдөр тутмын түргэн эдэлгээтэй бараа бүтээгдэхүүнүүдээ ч мөн эрэмбэлэх ёстой. Ингэхээр үнэн хэрэгтээ шинэ хувцас авах шаардлага бий юу гэдэг асуулт гарч ирнэ. Зарлагаа хумьж байж санхүүгийн нөхцөл байдал чинь сайжирна. Үүний дараа өгөөжтэй богино хугацааны хөрөнгө оруулалт хийж болно. Өөрөөр хэлбэл, хэмнээд илүү гарсан мөнгөө зүгээр хэвтүүлж болохгүй. Энэ мөнгөө богино хугацаатай хадгаламжид хийж болно. Эсвэл гурав, зургаан сарын хугацаатай нээлттэй бондууд руу байршуулж болно. Нэг үеээ бодвол манайх өгөөж олдог бүтээгдэхүүнтэй болсон.  Үүнийгээ ордлого тасалдсан хүнд үедээ авч хэрэглэж болно. Харин хоол хүнсээ танаж болохгүй. Хүн өдөрт авах илчлэгээ авах ёстой. Тэгэж байж эрүүл байна. Бүтээмжтэй ажиллаж үр дүн гаргана. Тэгэхгүй хоол ундаа танаад хэмнээд эхэлбэл бүтээмжид нөлөөлнө, өвдөнө, цалин тасарна гээд эрсдэл бий. Манайд орлогын түвшнээсээ хамаараад орлогын 15-30 орчим хувь нь хүнсний зарлага байдаг. Тэгэхээр бага орлоготой иргэдэд хэмнэ гэж хэлэхэд асар хэцүү. Харин хүнсний зарлага нь 15, 20 орчим хувийг эзэлдэг өрхүүдэд дээрх зөвлөмж тохирно.

Зорилготой хуримтлуул

Хөрөнгийн зах зээлийн судлаач Д.Ганбат

Бүсээ чангалсан энэ үед хувь хүмүүс санхүүгээ үр дүнтэй хянахын тулд бүртгэл хийх хэрэгтэй. Ингэхдээ тэвчиж болохуйц зардлуудаа танаж, хэмнэж чадаж байна уу, үнэхээр өөртөө  үнэнч байж хариуцлагатай хандаж байна уу гэдгээ хянах ёстой юм. Энэ нь хувь хүний сахилга батаас хамаарна. Ингэхдээ эхнэр нөхрүүд хамт сууж байгаад жагсааж, тооцох хэрэгтэй. Нэг нь хэмнэж байхад нөгөөх нь үрээд байвал мэдээж үр дүн үзэхгүй шүү дээ. Санхүүгийн хариуцлага гэдэг бол хэдэн төгрөг хурааснаас шалтгаалахгүй. Харин санхүүгийн ямар төлөвлөгөөтэй вэ гэдгээс хамаарна. Зорилго тавьж хуримтлуулах ёстой. Би таван жилийн дараа энэ хуримтлалыг ийм зүйлд зарцуулна гээд маш тодорхой бичих хэрэгтэй. Манай монголчууд юун дээр алддаг вэ гэхээр нэг банкны дансанд 20, 30, 50, 100 мянган төгрөг цуглуулаад л байдаг. Үүнийгээ нэг гутал, эсхүл ямар нэг үйлчилгээ авахдаа гэнэт зарцуулчихдаг. Ингэхээр хуримтлуулсны хэрэг гарахгүй.  Тиймээс юуны өмнө банканд эсхүл дугтуйнд байгаа мөнгөө юунд зориулж цуглуулж байгаа вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй юм. Хоёрдугаарт, ямагт орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо байгаа орлого чинь үнэхээр хүрэхгүй байгаа бол түүнийгээ 100, 200, 300 мянгаар нэмэгдүүлэх аргуудыг олох, эрэлхийлэх ёстой. Сүүлийн үед хүмүүс  гар утсаараа олон төрлийн зээлийн аппликейшнүүдээс зээл авч болж байна. Зээлийн аппликейшн бол кредит картны систем. Үүнийг зөв хэрэглэвэл маш хэрэгтэй зүйл. Зөв хэрэглэнэ гэдэг нь дараа өгөөжөө өгөх зүйлд зарцуулахыг хэлж байгаа юм. Жишээ нь, боловсролдоо хөрөнгө оруулж сургалтад суух, эсвэл ном худалдаж авах гэх мэтээр зарцуулбал ирээдүйд ашиг өгнө. Гутал, хувцас худалдан авахын тулд зээл авахгүй байх хэрэгтэй.

Өдгөө ганц манай улсад эдийн засаг удааширч, инфляц өсөж хүндрэлтэй нүүр тулаад байгаа юм биш. АНУ, Европын холбооны хөгжингүй улсуудад сүүлийн дөчин жил ажиглагдаагүй өндөр инфляц ажиглагдаад байна. Тухайлбал, Польш улсад инфляц 12 хувьд хүрсэн бол Чех улсад энэ үзүүлэлт 14 хувиар хэмжигдэж байна. Харин хойд хөрш ОХУ-д 16.7 хувьд хүрчээ. Ийнхүү дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тэмцэх шаардлага үүссэн энэ үед гаднын экспертүүд ч мөн хувь хүмүүст эрсдэл тулгарсан үед хэрэглэх хуримтлал үүсгэх, өрөө нимгэлэх, амьдралын хэв маягаа өөрчлөх, карьераа хөгжүүлэхийг зөвлөж буй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цаасан дээр тэмдэглэхээр мартаад хэрэггүй зүйлд мөнгө үрж энэргээ алдахгүй

    0 0 Хариу бичих