Шри Ланка “Их дампуурал”-ын эхлэлийг тавих уу

Шри Ланка улсын гадаад валютын нөөц өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусч, Япон, Азийн хөгжлийн банк, БНХАУ зэрэг түншүүдээсээ авсан зээлийнхээ төлөлтийг зогсоосон билээ. Тэгвэл Шри Ланкагийн бүтэлгүйтэл ар, араасаа зарлагдах олон дампуурлын эхлэл байж магадгүй нь. 

Дэлхий нийт 2020 онд цар тахлын нөлөөнд хүчтэй өртөж, зургаан улс дампуурсны дараа “2021 онд урьд хожид байгаагүй олон улс дампуурч мэдэх нь” гэсэн болгоомжлол үүсч, улс орнуудын өрийг хойшлуулах, дахин зохион байгуулах талаар санал санаачилгууд дэвшүүлж эхэлсэн билээ. Тухайн үед “Их 20”-ийн бүлэг хөгжил буурай 73 улсын өрийг хойшлуулах DSSI хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжид хүсэлтээ гаргасан 44 улсын 5 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулсан байдаг. Үүний ачаар ч юм уу 2021 он харьцангуй гайгүй (Белиз, Суринам гэсэн хоёр улс дампуурлаа зарласан) өнгөрсөн юм. Гэвч энэ нь өвчтөнүүдийг эмчлэх биш, үхлийг түр хойшлуулсан төдий болж үлдсэн (Дампуурсан хоёроос дээргүй 13 улс байгаа гэж яригдаж байв) бөгөөд зээлдүүлэгч улсууд олигтойхон дэмжихгүй л бол жинхэнэ “Их дампуурал” 2022, 2023 онд болох нь бараг гарцаагүй аж. Харамсалтай нь, голлох зээлдүүлэгчид буюу “Их 20”-ийн бүлэг хөдлөх дургүй байгаа нь муугийн магадлалыг өсгөж байна.

 Дайн байлдаанд нэрвэгдсэн мэт өрөнд идэгдсэн улсууд

Хэвлэл мэдээллээр гарч буй “Их дампуурал” нь хоосноос гараагүй гэдгийг дээр хэлсэн. Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мөн энэ асуудлыг хөндөж,  "Эмх замбараагүй дефолт"-ын эрсдэлтэй улс орнуудын тоо нэмэгдсээр байна” гэж мэдэгдэл хийсэн. Байгууллагаас нь “Өрийг хойшлуулах арга хэмжээ дампуурах эрсдэлийг зайлуулж чадахгүй” гэсэн албан ёсны мэдэгдэл ч гаргажээ. Тодруулбал, “Үүсээд буй асуудплаас зайлсхийхийн тулд улс орнуудын өрийн хэмжээг багасгах шаардлагатай” гэсэн байна. Гэсэн ч зээлдүүлэгч орнууд буюу “Их 20”-ийн бүлгийн орнуудтай өрийг хойшлуулах DSSI хөтөлбөр тохирохдоо "Өрийн асуудлыг шийдэхдээ тэглэх, хэсэгчлэн  цуцлах хэлбэрээр явуулахгүй" гээд ойлголцчихсон аж. Улс орнууд дампуурах нь, тэр дампуурах улсууд нь ганц, нэг биш, “Их”, “Эмх захмбараагүй” гэж тодотгож болохуйц олон тоотой байх нь ээ гэдэг нь үүнтэй холбоотой.    

ОУВС-гаас  2021 оны эхний зургаан сарын дараах байдлаар гаргасан судалгаандаа “Бага орлоготой орнуудын талаас илүү хувь нь өрийн хямралд орсон эсвэл өрийн хямралд орох эрсдэлтэй байгаа нь 2015 оны тооноос хоёр дахин их байна” гэж онцолсон. Эдгээр улсуудаас 2022 онд Шри Ланка өр төлбөрөө төлөхөө зогсоосон бол араас нь Эль Сальвадор, Гана цаашлаад Ливан, Турк, Украин зэрэг улсууд замнах магадлал өндөр байна.

Дэлхийн “Бага орлоготой” гэсэн ангилалд 74 гаруй багтаажээ. Эдгээр 74 улс энэ жил 35 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. Энэ нь 2020 оныхоос даруй 45 хувиар өссөн үзүүлэлт аж. Төр хувийн хэвшлийг нийлүүлж тооцвол 120 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Уг тайланд бичсэнээр бол, бага орлоготой улсуудын төлөх өрийн хэмжээ 2010 оноос хойш даруй 120 хувиар нэмэгджээ. Төлбөрийн ихэнхийг хувийн секторт буюу бонд эзэмшигчдэд төлөх гэнэ. 

Дэлхийн банкны мэдэгдэлд бага орлоготой улсуудын тал нь өрийн дарамтад орж, дампуурах магадлалтай гэснээс үзвэл 30 орчим улсыг энэ эрсдэл отож байна. Дампуурал нь зүгээр нэг дампуурлаа зарлаад болчихдоггүй. Улс төр, эдийн засгийн хямрал ёс юм шиг дагуулдаг. Эмх замбараагүй байдал руу хөтлөх нь ч бий. Нийтлэлд яригдсан 30 гаруй улс хэрвээ ийм замаар замнавал бүс, нутаг, дэлхийн гэж хэлж болохуйц хямрал, тогтворгүй байдал бий болох нь тодорхой байна.

Өрийн дарамт, дампуурах эрсдэлд орсон орнуудыг юу хүлээж байгаа вэ

Юуны түрүүнд төсвийн зарлага нь огцом буурна. Дагаад иргэдийн амьжиргаанд асуудал үүнэ. Дэлхийн дунджаар аваад үзэхэд Засгийн газруудын гадаад өрийн төлбөр 2010 онд төсвийн орлогынх нь 6.8 хувьтай тэнцэж байжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэ үзүүлэлт 14.3 хувьд хүрч, 43 улс энэ босгыг давсан байна. Сахарын цөлөөс урагш орших улсуудын талаас илүү хувийнх нь төсвийн орлогын 25 хувь гадаад өр төлбөрт явдаг болжээ. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн хорооны мэдээллээр бол энэ бүсийн улсууд хэдийнэ төсвийн зарлагаа бууруулжээ. Африкийн Камерун, Либери, Мавритани, Азийн Мьянмар, Балба, арлын Тонга, Самоа зэрэг улсууд өрийн дахин төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлсэн ч хүндрэл хэвээр байгаа нь өрийг дахин төлөвлөөд хол явахгүй гэдгийг харуулж буй. Зээлдүүлэгчид өрийг хүчингүй болгох, цуцлахаас татгалзаж байгаа одоогийнх шиг нөхцөлд энэ байдлаас гарах арга замыг олж харахад үнэндээ төвөгтэй байна гэдгийг шинжээчид сэтгэл түгшин тэмдэглэсээр байгаа юм.

Шри Ланка ч үүний нэг тод жишээ бөгөөд БНХАУ-тай өр авлага үүсгэсэн улсууд ийшээ анхааралтай харж байхад гэмгүй. БНХАУ Шри Ланкаг “Энэтхэгийн бөөрөнд гарсан хатиг” маягаар ашиглахын тулд иргэний дайн дууссан 2009 оноос хойш хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Нөгөө талаар Энэтхэгийн далайд түшиц газартай болох зорилгоо биелүүлэхэд нь Шри Ланка яг тохирох байв. БНХАУ энэ зорилгоо биелүүлж, Хамбантота боомтыг нь 99 жилээр түрээсэлж авсан. Ер нь БНХАУ дэлхийг эзэгнэхийн тулд далайд нөлөөтэй болох ёстойгоо ойлгож байгаа бөгөөд Кени, Танзани, Жибути зэрэг улсад мөн их хэмжээний зээл тусламж өгч байгаа нь далайн боомттой болохыг хүсч байгаагийнх юм. Шри Ланкийн хувьд ДНБ-ийхээ  86.8 хувьтай тэнцэх гадаад өртэй. Тус улсын гол зээлдүүлэгч БНХАУ дампуурах нь тулчихаад байхад өрийг нь багасгах, цуцлах боломжгүй, харин нэмж зээл авч болно гэсэн саналыг эрх баригчдад нь тавьж байна. БНХАУ гэснээс, өрийн дарамтад орж дампуурах эрсдэлтэй болсон улсуудын цөөнгүй нь энэ улстай холбоотой.      

Дэлхийн банкнаас 2020 оны төгсгөлд гаргасан эмхтгэлдээ “Улс орнууд зээлийн гэрээндээ нууцлалын заалтууд оруулдаг болсон. Засгийн газар хоорондын зээлийн гэрээнд шинээр нэвтэрч буй энэ чиг хандлагаас болоод статистик бүрдүүлэхэд хүндрэл учирч байгаа” талаар дурдсан нь БНХАУ-тай холбоотой. БНХАУ-ын Засгийн газар ба түүний харьяа байгууллагууд нийтдээ дэлхийн 150 гаруй оронд 1.5 их наяд орчим долларын (2020 оны байдлаар) шууд зээл, худалдааны зээл олгож, дэлхийн хамгийн том зээлдүүлэгч болсон ч олон улсын тавцанд ил тод мэдээлэхээсээ үргэлж зайлсхийсээр ирсэн юм. 2022 онд дампуурах магадлалтай гэгдэж буй олон улс БНХАУ-аас их хэмжээний зээл авчээ. Гэхдээ өрийн эрсдэлийг ганц улстай холбох нь мэдээж утгагүй. Шри Ланкагаар жишээ авахад, өр зээлийн хэмжээгээр Дэлхийн банк, ОУВС тэгээд БНХАУ ордог юм. Эхний хоёр нь ч адилхан, өр ширийг нь хөнгөлөх талаар огт дуугараагүй. Залгихаа хүрвэл барууныхан ч залгина, БНХАУ ч залгина гэсэн үг.    

Өрөөс гадна хүүгийн дарамт нэмэгдэж байна

Дэлхийн хэмжээнд инфляц нь Төв банкуудын санаа зовоосон гол асуудал хэвээр байгаа бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөж буй. Судлаад үзвэл дэлхийн өөр олон орны Төв банкны бодлогын хүү түүхэн дээд түвшиндээ хүрснийг мэдэж болно. Хамгийн сүүлд, Канадын Төв банк өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт бодлогын хүүгээ 1:5-аар тогтоосон нь түүхэн дэх дээд үзүүлэлт болоод байна. Канадад инфляцын түвшин 6.8 хувьд хүрсэн нь сүүлийн 31 жилийн дээд үзүүлэлт болжээ. Энэ нь инфляцтай тэмцэх нэг арга мөн боловч улс орнуудын улс төр, эдийн засгийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор бондын зах зээлийн хүү нэмэгдэж, эдийн засагт нь давхар дарамт болж байна. Харамсалтай нь байдлаас хэрхэн гарах нь улс орны зөв, оновчтой бодлогоос гадна зээлдүүлэгчдээс хамаарах асуудал болжээ.  

 

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих