Э.Макроны эвсэл парламентад олонх болж чадсангүй

Францын Парламентын сонгуулийн санал хураалт  өчигдөр боллоо. Сонгуулийн дүн бүрэн гарч амжаагүй байгаа ч Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүлдэг эвсэл хамгийн олон суудал авсан ч олонх болж чадахгүй нь тодорхой болжээ. Францын Парламентад дангаараа шийдвэр гаргах эрх мэдэл олж авахын тулд дор хаяж 289 суудал авах ёстой байдаг. Харин Э.Макроны тэргүүлдэг “Хамтдаа” эвсэл 252 орчим суудал авах төлөвтэй байгаа аж. Жан Люк Меланшоны тэргүүлдэг “Эдийн засаг, нийгмийн шинэ холбоо”, Марин Ле Пены “Үндэсний нэгдэл” гуравдугаарт оржээ.

Ингэснээр Э.Макронд бие даан шийдвэр гаргах боломж хумигдаж, мэдэгдэхүйц хүндрэл үүснэ гэж таамаглаж байна. Учир нь тэрээр бодлогоо саадгүй явуулахын тулд парламентад суудалтай намууд буюу өрсөлдөгчдөөсөө нэг хамтрагч олж авах ёстой болсон. Шинжээчдийн таамаглаж байгаагаас үзвэл тэр хамтрагч нь Бүгд найрамдах нам байх магадлал өндөр байна. Учир нь, Жан Люк Меланшон болон Марин Ле Пен нь Э.Макроноос үлэмж ялгаатай бодлого баримталдаг юм. Бүгд найрамдах нам нь 2002 онд Николя Саркозигийн үүсгэн байгуулсан Ардын хөдөлгөөний төлөө холбоо /Union pour un mouvement populaire/ нам бөгөөд 2015 онд нэрээ сольж, Бүгд найрамдах нам болсон юм. Гэхдээ тэд зөвшөөрч хамтарлаа ч Э.Макронд хүндрэл үүсэх нь гарцаагүй бөгөөд тэрээр Бүгд найрамдахчуудад нэлээд их үнэ төлж байж хамтарна гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна.

Э.Макроны тухайд, 2022 оны төсвийн тодотгол, Европын холбооны 2023 оны төсөв гэсэн хоёр ажил тулчихаад байгаа бөгөөд Европын холбооны төсвийг Брюссельд хүлээлгэж өгөхийн өмнө парламентаасаа заавал зөвшөөрөл авах ёстой юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)