КОЙН: Хөөс хагарав

Криптовалют, блокчейн, биткойн, койн, токен гэдэг үгсийг мэдэхгүй хүнгүй болтлоо бид сүүлийн хоёр жил койноор “амьсгаллаа”. Энэ хугацаанд 50 орчим койн гарч, койны зах зээлд давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн хүч сорьжээ. Хурдан хөлжих хүсэлдээ хөтлөгдсөн монголчууд оруулсан мөнгөө хэд дахин нугалж авах боломж бий гэдэг үгэнд татагдаж хэдэн мянгаараа койнд хошуурсан нь энэ. Ингэх нь аргагүй. Тухайлбал, Монголын хамгийн анхны койн гэж нэрлэгддэг “ARdcoin” нэг төгрөгөөс 371 төгрөг хүртэл хөөсөрч байсан цаг саяхан. Түүнчлэн “Inflation hedging coin” буюу IHC койн 0.3 төгрөгөөс 10 төгрөг давж өссөн нь иргэдийн ашиг олох сонирхлыг улам өрдсөн юм. Энэ койн минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босгосноороо Монголын санхүүгийн зах зээлд нэг үзэгдэл болж байсан билээ. Үүний дараагаас койнууд шил дараалан гарсан. Хэдийгээр мэргэжилтнүүд энэ салбар хуулийн зохицуулалтгүй, найдваргүй хөрөнгө оруулалт гэдгийг удаа дараа анхааруулж байсан ч иргэд цуглуулсан хэдэн төгрөгөө, унах унаагаа, орон байраа койн болгосоор байлаа. Харамсалтай нь тэд одоо алдагдал хүлээгээд эхэлжээ. Жишээ нь, 70 сая төгрөгөөр авсан койн нь одоо 15 сая төгрөгтэй тэнцэх болсон талаар халаглах нэгэн ч байна. Бас 10 сая IHC койн 60 сая төгрөгөөр авч байсан хүн тавдугаар сарын 13-ны өдрийн 0.36 ханшаар 3.6 сая төгрөгтэй болчихоод байгаагаа ч хэлж байна. Ердөө хоёрхон хоногийн дотор 1.3 тэрбум төгрөг гуравхан сая төгрөг болтлоо уналаа гэж халаглах хүн ч гарлаа. Энэ мэтээр койны ханш унаж байгаа нь байдгаа тавин байж виртуал хөрөнгөтэй болсон иргэдийг бажгадуулж байна. Мэдээж ханш савлах нь энэ салбарт байдаг үзэгдэл. Гэхдээ зарим мэргэжилтэн койн баялаг бүтээдэг механизм биш учраас удаан оршин тогтнохгүй, ханш нь өснө гэж хүлээх хэрэггүй гэж хэлж байна. Дэлхийн зах зээл дээр ч, Монголын зах зээл дээр ч койны ханш унаж байгаа учраас зарим нь эндээс одоо байгаагаа хамж аваад гарч байгаа бол үлдсэн хэсэг нь нэг нартай өдөр ханш өснө дөө гэсэн итгэлээ гээлгүй хүлээж байна.

“Чихэн дээр ургуулсан цэцэг”

Койн авсан хүн ханш өсвөл хожиж, харин унавал “шатна”. Гэхдээ койнд орсон хүн бүр ханшийн хэлбэлзлийг мэдэрч, яг зөв үеийг тааруулж арилжиж, ашиг олж чадахгүй. Хөрөнгөө өсгөхөд койны зах зээлийн тухай мэдлэг, санхүүгийн наад захын ойлголт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдрэмж шаардана. Харин койн гаргагч хэзээд хожно. Өөрөөр хэлбэл койн гаргагч анх хөрөнгөө босгоод л энэ харилцаанаас бараг гарчихдаг гэж хэлж болно. Анх койн гаргахдаа иргэдийн чихэн дээр цэцэг ургатал сэнхрүүлж байсан тэд койны ханш нь унаж эхлэх үед “авах үгүй нь өөрийн чинь эрх байсан, хохь нь” гэх нь холгүй зогсож байна. Нэгэнт үүндээ тулсан бол иргэд мянга хашхираад нэмэргүй.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван

Криптовалют нь блокчейн буюу тархмал бүртгэлийн технологи дээр үндэслэгдсэн байдаг. Энэ нь дундын зохицуулагчгүйгээр иргэд, аж ахуйн нэгж хоорондоо мэдээлэл буюу эд хөрөнгө солилцож байгаа арга хэрэгсэл. Зуучлагч байхгүй учраас иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө юунд ашиглагдаж байгаа нь тодорхойгүй бөгөөд үүгээр дамжаад олон улсын хориг арга хэмжээнд хамрагдсан байгууллага, хувь хүн ашиг олж, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах хэрэгсэл болгож байх өндөр магадлалтай учраас Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага FATF-аас  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг байнга зохицуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж байх шаардлагыг дэлхий нийтэд тавьж, бүх орнууд мөрдөж байна. Койн гаргасан иргэн, аж ахуйн нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана гэсэн үг. Дэлхий дээр гараад буй нийт койнуудын 97 хувь нь амжилтгүй болж байгаа буюу зах зээл дээр амьдарч чадахгүй байна. Тэгэхээр 97 хувьд нь хөрөнгө оруулсан иргэн, ААН хөрөнгөө алдаж байгаа гэсэн үг.

“Үнэгүй бяслаг хавханд л байдаг”

Манай улсад койнтой холбоотой асуудлууд үүссэн ч ямар ч зохицуулалт байсангүй. Хэн дуртай нь койн гаргаж, хэн дуртай нь худалдаж авсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд “Үнэгүй бяслаг хавханд л байдаг шүү” гээд койнд шуурч байсан иргэдэд албаны хүмүүс сануулсаар ирсэн. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс койн, токентэй холбоотой зах зээлийг урьдчилан харж, тааварлах боломжгүй, үнийн өндөр савлагаатай гээд нийт 14 удаа мэдэгдэл гаргасан байдаг. Ингэхдээ хайртай дотнын хүмүүсээ уруу татахгүй, байр машинаа зарахгүй байхыг анхааруулж байжээ. Дээр дурдсанчлан койн төрийн хараа хяналт, банкны системээс гадуур учраас үүгээр хээл хахууль, терроризм, хар тамхи, хүний наймааны мөнгө санхүүжилт явах вий гэдэг айдас олон улсад бий. Тиймээс үүнийг бүр мөсөн хориглож байгаа улсууд ч байна. Харин манай улсын тухайд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байхаар хуульчилсан. Тодруулбал, УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэх боломжгүй болох юм. Тэглээ гээд койноос болж хохирсон иргэдийн хохирлыг төр барагдуулахгүй гэдгийг ч удаа дараа мэдэгдэж буй.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Криптовалютын хууль хэлэлцэж байх үед төр засаг алдагдлыг чинь даахгүй шүү, болгоомжтой байгаарай гээд хэлээд л байсан. Батлагдсан хууль маань бүртгэлийн хууль. Хэрэв болохоо байвал төр засгаас алдагдлыг нь барагдуулна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй.

Сүргийн сэтгэлгээ

Богино хугацаанд их хэмжээний ашиг олох, англи хэлийг нэг сарын дотор төгс эзэмших, арав хоногийн дотор арваас олон килограмм жин хаях гээд л аль болох биеэ зовоохгүйгээр, богино хугацаанд хүслээ биелүүлэх бодолтой хүмүүс цөөнгүй. Гэхдээ энэ хүсэл нь хүсээгүй үр дүнд хүргэсэн тохиолдол олон. Жишээ нь, яг ийм сэдэлтэйгээр сугалаа, сүлжээний бизнесийн хохирогч болсон тохиолдол тасардаггүй. Үүнтэй адилаар “Би л орохгүй хоцорлоо, надаас бусад нь ашиг хүртээд баяжиж байна, би юугаараа дутах вэ амжиж ороод азаа үзье” гэдэг сэдлээр хангалттай судалгаа, шинжилгээгээгүйгээр “сүргээ дагаж” койны зах зээлд давхиж ороод алдаж байгаа хүнийг бид ойр тойрноосоо харж байна. Энэ зах зээлд орсон хүн болгон хөрөнгөө нугалж чаддаггүйг ч ойлголоо. Түүнчлэн энэ талбарт алдагдалд орсон нь ашиг хийснээсээ хавьгүй олон байдаг юм байна.

Дэлхий дахинд юмс тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Техник, технологийн дэвшил, шинэчлэл өөрчлөлт бүртэй хүн төрөлхтөн хөл нийлүүлэн алхах учиртай. Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагатай уялдан цаасан мөнгийг виртуал хөрөнгө, дижитал мөнгө орлон гарч ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Тийм ч учраас дэлхий дахинд энэ салбарт олноороо хүч үзэж буй. Цаашид виртуал хөрөнгө, дижитал төлбөр тооцооны хэрэгслүүдийг улам сайжруулах шаардлага үүссэн. Үүнтэй зэрэгцээд ирээдүйн виртуал хөрөнгө эзэмшигчид ч мөн өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй боллоо. Богино хугацааны үр дүн, их хэмжээний мөнгөний шунал төдийхнөөр үүнийг харах нь учир дутагдалтай юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)