Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” гэв. 

Харин Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна”  гэсэн юм.

Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)