Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна

“Яг түүн шиг 2022” шоуны найм дахь дугаарын ялагч Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа. Түүний хувьд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын “Уяхан замбуу тивийн наран”-г  тайзнаа эгшиглүүлж анх удаа ялагч болсон юм.

Н.Норовбанзад гуайн баззер таарахад таны хувьд их л халгаж хүлээж авч байсан. Гэвч та энэ дугаарын ялагч боллоо?

Агуу мундаг дуучинг сайн үзүүлэх асар их үүрэг хариуцлага оногдож байсан учраас маш их хичээсэн. Ямартай ч өөрийнхөө хэмжээнд харууллаа.

Уран бүтээлийн сонголтын хувьд амаргүй байсан болов уу. Олонд түгсэн дуу нь их бага шүү дээ. Бүтээлийн сонголтоо хэрхэн хийсэн бэ?

Н.Норовбанзад гуайн урын санд маш олон бүтээл байдаг ч “Уяхан замба тивийн наран” дуугаараа алдартай. Тиймээс шууд л энэ дууг сонгосон.

Өмнө нь та уртын дуу дуулж байв уу?

Миний хувьд ардын дуу болон уртын дуу сонирхож байсан. Зүрх сэтгэлд ер нь их ойр. Уртын дуу сонсдог, ганц нэг дуу дуулж үздэг байсан. Оюутан байхдаа жуулчдад зориулж уртын дуу дуулдаг байлаа. Тийм учраас надад арай ойр байсан. Гэхдээ л номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй гэдэг утгаараа багагүй ажиллагаа орсон.

Сонгодог урлагийн уран бүтээлчдээс анх удаа энэ шоунд оролцож байна. Таны хувьд шоунд оролцох шийдвэрийг багагүй эргэлзэж байж гаргасан шиг харагдсан?

Цар тахлын дараа театр нээгдтэл ажлууд бага зэрэг эмх цэгц нь алдагдсан. Хоёр жилийн өмнө билет нь зарагдсан тоглолтуудаа дахин тоглохоос эхлээд ажлууд их байсан учраас ачаалалтай байх магадлалтай байлаа. Тиймээс театрынхаа ажлыг харъя гэж хэлээд нэлээд бодож байж хариугаа өгсөн.  

Энтертайнмент шоу ер нь танаас хол гэж хэлж болох байх. Тийм учраас танд хэр бэрхшээлтэй байна вэ?

Миний хувьд театрын дуурийн дуучин бөгөөд жүжигчин. Тиймээс театрын тайзан дээр жүжиглэх болон шоуны тайзан дээр жүжиглэх, бүжиглэх асар өөр гэдгийг мэдэж авлаа. Шоуны тайз хүнээс асар их эрч хүч шаарддаг юм байна. Гуравхан минутын дотор л судалсан, бэлтгэсэн зүйлээ үзүүлж, харуулдаг учраас жаахан өөр байлаа. Гэхдээ маш сонирхолтой. Энэ шоу уран бүтээлч хүний дотор галыг асааж чаддаг юм шиг санагдсан. Тийм учраас найман дугаарын дараагаар сэтгэгдэл маш өндөр байна.

“Яг түүн шиг” шоуны энэ улирлын онцлогийг таны хувьд юу гэж харж байна вэ?

“Боловсрол” телевизийнхэн энэ улирлын оролцогчдыг сонгохдоо өмнөх дугаарын оролцогчдоос илүү, шоунд сайн оролцох боломжтой оролцогчдыг сонгосон шиг санагдсан. Хамт оролцож буй уран бүтээлчид маш сайн байгаа учраас хоцроод үлдэхгүйн тулд зайлшгүй сайн байх шаардлага гарч ирж байна. Тиймээс дугаараас дугаарт үзүүлбэрүүд улам л чансаатай, чанартай болж байгаа. Оролцогчид ч гэсэн итгэлийг нь алдаагүй л гэж бодож байна.

Хамгийн их ажиллагаа, хөдөлмөр шаардсан дугаар аль нь байв?

Хамгийн хэцүү нь энэ найм дахь дугаар байлаа. Ялангуяа дуулалт тал дээр бүр маш хэцүү байсан. Надад бүжиглэх, англиар дуулах тийм ч хэцүү байсангүй. Н.Норовбанзад гуайн аяг маягаар, тэр агуу хоолойг харуулах нь хамгийн хэцүү байсан гэж хэлнэ.

Шоунд оролцох шийдвэр гаргасны дараа түүнийг л тайзнаа авчрах юмсан гэж ямар уран бүтээлчдийн талаар бодож байв?

“Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, гавьяат дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа болох юмсан, бас хоолой шаардсан дуу дуулах юмсан гэж бодож байлаа. Гаднын уран бүтээлчдээс л гэхэд Уитни Хьюстон, Мариан Керри, Селин Дион болох гэсэн боловч яагаад ч надад таарахгүй байна. Заавал намайг тийм нэг зовоосон, ажиллагаа шаардсан уран бүтээлчид таараад байгаа. Хүссэнээр болохгүй байна.

Энэ шоунд оролцсоноор дуурийн дуучин, сонгодог урлагийн хатагтай Ө.Уянгыг үзэгчид огт өөр өнцгөөс харж байгаа. Таны энэ өөрчлөлтөд үзэгчдийн зүгээс ямар дүн тавьж байна вэ?

Үзэгчдийн ихэнх нь үүнээс илүү зүйлийг үзүүлнэ гэж хараад байх шиг санагдсан. Мэргэжлийн урлагийн дуучин болохоор үзэгчид маань илүү их зүйлийг хүсч хүлээгээд байгаа нь ер нь мэдрэгдсэн. Гудамж талбайд явж байхад “Яг түүн шиг” шоуны Уянгаа дуучин явж байна. Зургаа авахуулъя”, “Амжилт хүсье”, “Та мундаг байсан шүү” гэнэ. Фэйсбүүкээр “Ямар мундаг юм бэ”, “Таныг л ганц дэмжиж байгаа шүү. Даанч түрүүлэхгүй юм” гэх зэрэг зурвас бичдэг. Бас фэнүүдээс жижигхэн хөөрхөн бэлгүүд ирнэ. Энэ шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна. Болохгүй, бүтэхгүй байна гэсэн сэтгэгдлүүд байдаг ч энэ нь биднийг болоосой бүтээсэй, дараагийн шатандаа анхаараасай гэсэн сэтгэл л байна гэж хардаг. Наадам хүртэл ард түмнийхээ хайр энхрийлэлд умбахаар байх шиг байна.  

Та муугүй бүжиглэдэг гэдгээ энэ шоугаар таниуллаа. Бүжгээр хичээллэдэг байсан юм уу?

Бүжигт дуртай, бүжиг сонирхдог байсан болохоос биш бүжгээр хичээллэж байгаагүй. Урлагийн үзлэгээр л бүжиглэдэг байлаа. Шоуны хурд ихтэй бүжгүүд биднийг бас нэлээд сорьсон шүү.  

“Яг түүн шиг 2022” шоунд та өөрийгөө хэрхэн оролцлоо гэж дүгнэж байна вэ?

Би бол өөртөө дунд дүн тавина. Яагаад гэвэл Дуурь бүжгийн эрдмийн театр маань шинээр “Паяцы” дуурь тавьж, гол дүрд нь ажиллаж, “Севилийн үсчин” дуурийн сургуулилттай шоуны бэлтгэл давхацсан. Миний ухаан санааны 60-70 хувь нь тайзан дээр “явж” байлаа. Үлдсэн цаг хугацаагаа л шоунд зориулсан. Ажлын хажуугаар бэлтгэл хийсэн болохоор 100 хувь шоундаа анхаарч чадаагүй. Хүн болгонд давхар ажилтай байснаа тайлбарлавал ойлгохгүй шүү дээ. Муугаа өмөөрөх шалтаг болж харагдана.

Зай завсар гарвал чадах чинээгээрээ “Яг түүн шиг” шоун дээрээ л ажиллаж байсан. Дуурийн театраасаа чөлөө аваад 100 хувь бэлтгэлээ хийж, “Яг түүн шиг” шоунд оролцсон бол үзүүлээд өгөх байсан гэж бодож байна. Даан ч миний нэг номерт алтан тайз, театрын маань ажил явдаг учраас шоунд оролцоход надад маш бага цаг гарсан. Тийм учраас өөртөө дунд дүн тавьмаар байна. Одоо театрын ажил маань амарсан учраас үлдсэн хоёр дугаарт маш сайн ажиллана гэж бодож байна.

Магадгүй дараагийн улирлуудад сонгодог урлагийн уран бүтээлчид орж магад. Анхдагч болсны хувьд та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

Мэдээж оролцож буй уран бүтээлчид маань сайн оролцож, сайн үзүүлбэр үзүүлэхийг хичээнэ байх. Гэхдээ хоолойны хувиргалт дээр илүү ажиллах ёстой юм байна шүү гэж зөвлөмөөр байна. Хэдий хоолойгоо өөрчиллөө ч төрөлхийн өнгө гарч ирэх гээд байдаг учраас түүн дээрээ л ажиллах хэрэгтэй юм билээ. Бусад бүх зүйлийг шоуны багаас хийгээд бэлтгээд өгчихнө. Хувцаслалт, бүжиг дэглэлт, хувиргалт бүгдийг зохицуулна. Тиймээс чамаас шалтгаалах ганц зүйл бол дуулалт бас мэдрэмж.

Шоунд оролцсоноор та өөртөө юу олж авав?

Маш их зүйл олж авлаа. Өөр төрөл жанрын уран бүтээл дээр ажиллаж байгаа учраас түүнээс маш их зүйл суралцаж байна. Шоунд орсноор өөртөө шинэчлэл хийж, өөрийгөө өөрчилж үзье, өөр зүйлд сорьж үзье гэсэн бодол төрсөн. Бүр тодруулбал, урлагийн салбар дотроо өөр салбарт, өөр төрөл жанраар өөрийгөө сорьж үзье боломж ер нь байна гэж харлаа. Эрч хүчтэй ажиллах ажиллагаа, судалгааны ажиллагаа, шоуны ертөнц гэж юу байдаг юм гэдгийг таньж мэдэж авлаа. Бас өөрт байхгүй олон зан чанарыг оролцогчдоосоо олж, харж суралцаж байна.

“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн хувьд энэ шоуг чамлахааргүй, амжилттай зохион байгуулж байна. Оролцогчдын зүгээс ч “Боловсрол” телевизийн хамт олон энэ шоуг үнэхээр хийж сурсан юм байна” гэсэн дүн тавьж байсан л даа. Таны хувьд амжилттай зохион байгуулж буйг нь уран бүтээлчийн нүдээр хэрхэн харж, дүгнэлт хийсэн бэ?

Шоуны арын албаны ажлыг биеэрээ үзэж, мэдэрч, харж байна. Ерөөсөө маш нарийн зохион байгуулалттай холбоотой гэж бодож байна. Бүгд цагтаа цуглаж, өөр өөрийн оногдсон ажлаа маш мундаг гүйцэтгэж байна. Оролцогчдын хувьд ч гэсэн хувийн зохион байгуулалт маш мундаг байна гэж харж байгаа. Бүгд дүрдээ сайн ажиллаж, цагийг маш сайн баримталж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Уянгааг дуулахад маш их сонсдог. Уянга маань маш их энгийн, нэг их будахгүй, байгаагаараа ярилцдаг, үнэхээр сайхан хоолойтой охин юм байна. Анх зурагтаар гарахад нь сонсож бсан жаахан охин байсан. Одоо үнэхээрийн гайхамшигтай хоолойтой үзэсгэлэнт бүсгүй болжээ. Уран бүтээлд нь амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    0 0 Хариу бичих
  2. Хөөрхөн сэтгэлээрээ энгийн бүсгүй юмаа. Сайхан ч хоолойтой мундаг гавъяат юмаа эрүүл энх сайн сайхныг хүсий ....

    0 0 Хариу бичих
  3. Ёстой жаргаж сонссон.Боломж л гарвал сонсож жаргадаг монголын ард түмний минь газар дэлхийг амар амгаланд умбуулдаг Уяхан замба тивын нар уртын дуу шүү дээ.Норовбанзад дуучинтайгаа уулзах шиг мэдрэмж төрсөн Уянга дуучиндаа уран бүтээлын өндөр амжилт хүсэн ерөөе

    0 0 Хариу бичих
  4. Норовбанзад гуйан дууг дуулах амар байгаагүй. Гэхдээ мундаг дуулсан сэтгэл амраад дэлхий тэр чигээрээ амгаланд умбадаг гайхалтай дуу шүү.Тэр хүний хоолойг гаргана гэдэг амаргүй байж таарна Баяр хүргэе. Амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  5. МУГЖ Уянга сүүлийн шатанд түрүүлсэнд нь баяр хүргэе. Уяхан замбу тивийн нар дууг дуулж байхад нь нүдээ аниад сонсоход үнэхээр тайвшралыг өгч байсан.Норовбанзад гэж агуу дуучны хоолойг яг гаргана гэдэг хэцүү нь мэдээж , гэвч ойртуулж байсан шүү.Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

    0 0 Хариу бичих