512 бөх барилдсан наадамд арслан, аварга цолтон түрүүлбэл ямар цол олгохыг хуульчлах нь зөв үү?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах үеэр дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нь гишүүд дэмжээгүй юм. Тиймээс ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэж байгаа нь энэ. 

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ: -512 бөх барилдсан наадамд арслан, аварга цолтой бөх түрүүлсэн тохиолдолд дараагийн эрэмбийн цолыг нь олгоно гэсэн заалт байна. Ийм заалт заавал байх ёстой юм уу.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ: -512 бөх барилдсан жил аварга цолтой бөх түрүүлбэл ямар цол олгох тухай заалт өчигдөр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд байхгүй. МҮБХ бол энэ заалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн юм билээ. Гэвч Засгийн газар өргөн барихдаа энэ заалтыг нь хассан гэж ойлгож байгаа. 

МҮБХ-ны тэргүүн Ц.МАГАЛЖАВ: -2003 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд 1024 бөх барилдахад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд хэрхэн цол олгох заалт нь дутуу байсан юм. Үүнийг өчигдөр баталсан хуульд тодорхой зааж өгсөн. 512 бөхийн барилдаанд түрүүлж арслан цол хүртсэн бөх дахиад ес даван түрүүлбэл, аварга, аварга цолтой бөх түрүүлбэл даян аварга, даян аварга нь дахиад ес даван түрүүлбэл дархан аварга цол олгох уламжлал нь ойлгомжтой учраас энэ зохицуулалтыг орхичихсон юм. Харин дагаж мөрдөх журмын хуульдаа зааж өгсөн нь дээр гэдэг саналыг дэмжиж байгаа. 

Ё.БААТАРБИЛЭГ: -Үндэсний их баяр наадмын тухай үндсэн хуульдаа байх ёстой заалтыг дагаж мөрдөх журмын тухай хуульдаа оруулж байгаа нь болж байгаа юм. Үүнийг л хэлээд байгаа юм. 

Ж.МӨНХБАТ: -Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ ийм заалт оруулаагүйгээс болоод хэл ам гарах вий. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: -Журмын хуульд ийм заалт оруулж болохгүй ээ. Ё.Баатарбилэг гишүүний хэлж байгаа зөв. Суурь харилцааг зохицуулах ёстой хуульдаа байх ёстой заалтыг алдаа мадаг гаргахгүйн үүднээс гэдэг тайлбартайгаар дагаж мөрдөх журмын хуульд оруулах нь буруу. 

Ж.МӨНХБАТ: -Та ингэж ярьж болохгүй. Та бол Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн шүү. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27.1.3-т "Өмнө үйлчилж байсан хууль эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаварыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулна" гэж заасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай УИХ ямар их завтай цагтай юм бэ. Аль эсвэл өөр ярьж төлөвлөх, улс орны шийдвэрлэвэл зохих асуудлуудаа мэддэггүй юмуу...

    0 0 Хариу бичих