Хүнсний үйлдвэрлэл хүрээгээ тэлэх цаг

АЛЬ ЮМ БОЛГОНД БИД АЙЛААС ДАВСАА ХҮРТЭЛ ГУЙЖ АМЬДРАХ ВЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хялбарчилж, үр дүнг сайжруулах долоон санаа

Энэхүү нийтлэлийн “Титэм үг” болсон эшлэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний салбараа гаднаас хараат бус, дотоодоосоо 100 хувь хангадаг болгох” асуудлаар УИХын гишүүдэд хандаж хэлсэн үгнээс авлаа. Үнэхээр хийе, бүтээе, болгоё гэж шулуудсан хүний үг хэмээн ойлгож, нийтлэлийн утга санаатай ч авцалдахыг нь бодож баяртайгаар сонгосон юм. Хоол хүнсний хангамж дэлхий нийтийн өмнө тулгамдсан гол сорилт болж байгаа талаарх нийтлэлүүдийг бид өмнөх дугаарууддаа нийтлэсэн тул энэ удаад тоо баримт дурдаж зовоолгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тустай байж мэдэх санаанууд, иргэдийн идэвх санаачилга чухал гэсэн агуулгыг илэрхийлэхийг зорив.

1. Гэр бүлүүд хүнсний бие даасан байдал руу тэмүүлэх ёстой

Гэр бүл бол төр улсын үндэс гэж үг бий. Энэ утгаар авч үзвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр нь гэр бүлд чиглэсэн хөтөлбөр юм. Төрийн тэргүүн “Аль юм болгонд бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ” гэсэн нь хүнс тэжээлийнхээ ихэнхийг импортоор авч байгаа байдлыг хэлсэн. Үүнийг гэр бүлийн түвшинд “Аль юм болгоныг мөнгөөр худалдаж авах вэ” гэж буулгаж болно. Тодруулбал, гэр бүл, айл өрх өөрсдөө хүнсний аюулгүй байдал, баталгаагаа хангах, сайжруулах чиглэлд санаачлагатай байх цаг үе ирээд байна.

Төр бодлогоор дэмжье. Нэг, нэгнээсээ олон км алсад хэнээс ч юунаас ч хамааралгүй оршин амьдарч ирсэн монголчуудын уламжлалт ахуйтай ч нийцнэ. ҮСХ-ноос гаргасан судалгаанд манай улсын нийт айл өрх дунджаар орлогынхоо 56 хувийг хоол хүнсэнд зарцуулдаг гэжээ. Энэ хувь хэмжээг бууруулахын тулд өрхийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ өрхийн хоол хүнсний хэрэгцээнд тухайн гэр бүлийн өөрийн үйлдвэрлэсэн хүнсний хэмжээг нэмэгдүүлэх нь бас нэг арга байж болно. Өөрөөр хэлбэл, өрх бүр хоол хүнс, шим тэжээлт бодисын хэрэгцээнийхээ тодорхой хувийг өрхийн үйлдвэрлэлээр хангадаг байя гэсэн санаа юм. Иргэдэд амины хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалах газрыг нь чөлөөтэй өгье. Нийслэл хот төлөвлөлтөө шуурхайлж, иргэдээ газартай болгоё. Хүнсний ногоо тариалж байгаа өрхүүдийг дэмжье.

2. Өсөлтийг хангахад биш, эрсдэлийг хаахад анхаарах ёстой

Мал аж ахуй, газар тариалан бол цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаг, эрсдэл өндөртэй салбар. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал боловч одоо байгаа түвшнээ хадгалах нь түүнээс дутуугүй чухал зорилт гэдгийг мартаж болохгүй. Хүнстэй төдий хамаагүй юм шиг сонсогдох “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэдээллийн бүхий л сувгийг ашиглан малчид, ард иргэдэд цаг алдалгүй хүргэж байх” ч хүнсний хангамж, аюулгүй байдалд чухал нөлөөтэй.

Төр засгаас илүүтэй хүнсний үйлдвэрлэл явуулж буй малчин, ААН, иргэдийн өөрсдийн арчаа, ажилч хичээгүй байдлаас шалтгаалах хүчин зүйлс ч бий. Байгалийн гамшиг, цаг агаарын аюулт үзэгдэл хэзээ нүүрлэхийг хэн ч таашгүй. Төр засгаас хүнсний асуудалд онцгой анхаарч ажиллана гэж байгаа ч өрх бүрт хүрч чадахгүй. Малын хашааг чанаржуулах чиглэлээр малчдад олгох гэж байсан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн талаар ХХААХҮ-ийн яамнаас УИХ-д мэдээлэл өгөх үед гишүүд “Хэмнэлтийн бодлогод шилжсэн” гэдэг шалтгаан хэлж, зориулалтыг нь өөрчлөх зөвлөмж өгсөн нь үүний нэг жишээ. Энэ бол айл өрх, баялаг бүтээгчид малаа хохрогдуулахгүйн тулд хашаа саравч мэтийн өөрөөс шалтгаалах зүйлээ өөрсдөө бие дааж чанартай хийх ёстой гэсэн сануулга юм. Германы эдийн засгийн судалгааны институтийн судлаач Катарина Лехманн-Уснер, Кати Краехнерт нар хэдэн жилийн өмнө манай улсад “Хүнсний хэрэглээ ба өрхийн өөрөө бэлтгэдэг хүнсний хангамж” хэмээх нэртэй судалгаа хийсэн байдаг. Цаг уурын хүндрэлтэй буюу ган, зудын хүнд нөхцөл байдлыг даван туулах үеийн өрхийн хоол тэжээлийн бүтэц, хүнсний хангамжид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ, хүнсний хангамжид нөлөөлдөг хүчин зүйлүүд гэх мэтийг тодорхойлохыг оролдсон энэ судалгаанаас их олон мэдээлэл авч болохоор юм. “Олон малтай өрх”, “Цөөн малтай өрх”, “Малчин бус өрх” гэсэн хүн амын үндсэн гурван бүлгийг хамруулж, тоо баримтыг тус, тусад нь гаргасан байсан нь цаг уурын нөхцөл байдал хот хөдөөгийн иргэдийн хүнсний хангамжийн харилцан хамаарлыг ойлгоход чухал ач холбогдолтой болсон санагдсан. Ерөнхийлөгчийн санаачилга, Үндэсний хөтөлбөр УИХ-аас тогтоол болж батлагдсан ч хэрэгжилтийг хангах тал дээр судалгаа, боловсруулалт үргэлжилж байгаа байх. Тиймээс бодлого боловсруулагчид дээрх болон дээрхтэй төстэй судалгааг олж үзэхэд гэмгүй болов уу. Дээр дурдсан судалгаанд жишээ нь, шим тэжээлт бодисын хэрэглээнд цаг уурын хүндрэлийн нөлөөллийг судлахдаа хот сууринд түр ажил эрхэлдэг явуулын ажиллагчид, цөөн малтай болон олон малтай хөдөөгийн өрхийн хүнсний хэрэглээ гэсэн манай өрхийн амьжиргааны түгээмэл гурван өөр эх сурвалжаас авсан хоол тэжээлийн үр дүнг шинжилсэн нь цаг уурын хүндрэлийг даван туулах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төслийг өрхийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн тэдэнд өгөөжтэйгөөр боловсруулж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээлэл болно гэж үзэж байна.

3. Өнгөрснөөс буруутан хайх хэрэггүй

Бид өнгөрсөн хугацаанд олон төлөвлөгөө гаргаж, олон ч хөтөлбөр зарласан. Хэрэгжилт ямар байсан бэ гэдэгт өгөх хариу нь одоогийн бидний байгаа байдал юм. Өнөөдөр бид мах, гурил, төмс гэсэн гурван нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол их хөдөлмөр, багагүй амжилт. Гэхдээ хэрэгжээгүй, орхигдож хоцорсон өөр олон хөтөлбөрийн түүхийг сөхөж үзэхэд өнгөрсөнтэйгөө зууралдаж, өмнөх сайд дарга, нам засгийн бодлого руу буруугаа чихээд дууссан байдаг. Тиймээс бурууг бусдаас хайлгүй, одоо байгаа байдлаа гарааны цэг гэж тооцоод жил, жилээр нь төлөвлөж, тухай бүрд нь үр дүн тооцоод явья гэсэн санаа юм.

Дотоодоосоо хангадаг хүнсний өргөн хэрэглээний бараа

Мах 100%

Гурил 100%

Төмс 100%

Гурилан бүтээгдэхүүн 77%

Хүнсний ногоо 60%

Сүү, сүүн бүтээгдэхүүн 60%

Өндөг 50%

Хүнсний давс 10%

Тахианы мах 10%

Ургамлын тос 10%

Загас 0%

Будаа 0%

Элсэн чихэр 0%

4. Зорилго ерөнхий биш, тодорхой, ойлгомжтой байх ёстой

Төр засгийн тогтоол шийдвэр ерөнхий байх тусмаа хэрэгждэггүй тал бий. Эсрэгээрээ, иргэдэд маш тодорхой, ойлгомжтой байх тусмаа хэрэгжилт сайтай байдаг нь батлагдсан. Тиймээс хийж хэрэгжүүлэх ажлаа илүү ойлгомжтой, товч тодорхойлж, олонд сурталчлах хэрэгцээ байна. Энэ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл явцыг ил тод болгож, төр, иргэний харилцааг ойртуулах ач холбогдолтой. Энэ сарын 17-нд УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд ойрын таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлсэн талаар дурдсан. Гэхдээ яг ямар 19 нэр төрлийн бүтээгдэхүүн бэ гэдгийг тодорхой мэдээлсэнгүй. “Дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх”, “Төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүнсний хяналт, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох”, “Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшууллыг олгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах” гэх мэт зорилтууд нь цаашаа задрах ч хэрэгжээгүй тохиолдолд булзаж бултах боломжтой, үр дүн тооцох боломжийг хязгаарладаг. Түүний оронд “Загасан бүтээгдэхүүний 100 хувийн хамаарлаа таван жилд 50 хувь болгоно. Тийм, тийм (Улаагчны хар, Өгий, Буйр гэдэг ч юм уу) нууранд загас үржүүлж олборлоно” гээд нэр дурдаад явчихвал илүү хялбар, ойлгомжтой болдог. Жишээ нь, дээр олонтаа дурдагдсан “Хүнсний хэрэглээ ба өрхийн өөрөө бэлтгэдэг хүнсний хангамж” судалгаанаас гарсан зөвлөмжид (Зөвлөмж нь зорилт билээ): 1. Малчид, тариаланчид хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж, хамтран үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, илүү их баялаг бүтээх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар даван туулах чадамжаа нэмэгдүүлэх; 2. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих; 3. Өвөл хүндэрч болзошгүй нутагт зам даваа хаагдахаас өмнө шаардлагатай өвс, тэжээлээ байршуулах; 4. Отроор яваа малчид, цас ихтэй газруудад өвөлжиж байгаа өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэхэд анхаарах; 5.Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэдээллийн бүхий л сувгийг ашиглан малчид, ард иргэдэд цаг алдалгүй хүргэж байх гэсэн нь УИХ-аас баталсан тогтоолд дурдсанаас илүү ойлгомжтой, тодорхой байна. Тиймээс тогтоолын төсөлд байхгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ярилцлага өгөхдөө л дурдсан “Цэвэр үүлдрийн 50 000 үхэр импортлох, нийт 50 га талбай бүхий өвлийн хүлэмж барих, 55 000 тоннын багтаамжтай зоорь барих, жилд 1.9 сая тонн гахай, тахианы тэжээл авах” гэх мэт зорилтуудыг тогтоолдоо оруулаад баталчих ёстой байсан гэсэн санаа юм.

5. Хоол хүнсний зохистой хэрэглээнд шилжих боломжийг ашиглах ёстой

Одоо импортоор авч байгаа хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээг зохистой гэж үзэж, үйлдвэрлэлээ тэр түвшинд хүргэх зорилт дэвшүүлэн мөнгө, төгрөг, хөрөнгө хүч цацаж болохгүй. Хүн амынхаа хоол хүнсний харьцааг зохистой түвшинд хүргэх замаар ажлаа хөнгөвчилж болно. Үүнд мөн л хувь хүн, гэр бүлийн үүрэг чухал. Тухайлбал, монгол хүн элсэн чихрийг бодит хэрэгцээнээсээ хэд дахин хэтрүүлж хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээ зохистой түвшинд очиход л импортоор авдаг хэмжээ буурч, чихрийн манжин тариалж боловсруулан дотоодын хэрэгжээгээ хангах ажил илүү хөнгөрнө. 

Дэлхийд дундаж наслалтаараа тэргүүлдэг БНХАУ (эм 75, эр 78) болон Япон (эр 81, эм 87) улсууд эрүүл зөв хооллолтод маш их анхаардаг гэдгийг бид санах ёстой. Манай улсад хоол боловсруулах өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нас баралт, өвчлөлийн шалтгаан болж байна. Үүний 70-80 хувь нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. ЭМЯ, НЭМҮТ-өөс явуулсан Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаагаар тав хүртлэх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай, бага насны хүүхдүүдийн 90 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан. Судалгааны үр дүнгүүдээс үзэхэд иргэдэд эрүүл мэнд, хоол тэжээлийн боловсрол олгох шаардлагатайг харуулж байга юм. Манай улсын хувьд Шим тэжээл судлал-Хоол зүйч мэргэжлээр 2019 оноос АШУҮИС-д мэргэжилтэн бэлдэж эхэлсэн бөгөөд анхны төгсөгчид 2023 онд бэлтгэгдэн гарах юм.

6. Иргэдийн хандлага бас өөрчлөгдөх ёстой

Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлын асуудал чухал зорилт болж орсон байгаа. Стандарт дээшлүүлэх, лабораторийн үндэсний сүлжээ байгуулах гэх мэт ажлууд энэ ондоо багтаад дуусна гэж салбарын сайд нь мэдээлсэн. Хүнсний үйлдвэрлэл явуулахад дэд бүтэц чухал үүрэгтэй. Саяхны жишээ авья. Эмээлт орчимд байрлах үйлдвэрүүдэд бэлтгэсэн маханд шинжилгээ хийхэд нянгаар бохирдсон байжээ. Мөн ашиглаж байсан цардуулнаас нь цогцос хадгалахад ашигладаг формальдегид хэмээх бодис илэрсэн байна. Үйлдвэрлэл явагдаж байгаа газар нь усны хэрэглээгээ гүний худгаас хангадаг, төвлөрсөн хангамжид холбогдоогүй гэдгийг нийслэлчүүд бүгд л мэддэг. Мах биш юм аа гэхэд ус нь эрсдэлтэй гэдгийг гадарлана. Лабораторийн шинжилгээгээгээр ч тогтоолоо. Нян бактеритай ус ашиглаж байгаа газар бэлтгэсэн мах яаж олигтой байх вэ. Гэтэл манайхан ганц байгууллагад буруу өгч, мэргэжлийн байгууллагууд худалдагдсан байна гэж цуурцгаалаа. Асуудал халуун цочмог байгаа үед нийгмийн санаа бодол тогтворгүйтэх нь байдаг л үзэгдэл. Аливаад анхаарал хандуулж чаддаг нь монголчуудын том давуу тал юм шүү. Харин харж байгаа өнцөг нь давчуу, хандлага буруу (хэд хоноод таг чиг болдог) байгаа нь жинхэнэ дутагдал юм. Асуудалд чигч шулуун хандсан байр суурь олон нийтийн сүлжээнд цөөн, байсан ганц нэг хэрэглэгчийг бусад нь шаарлаж ноцох маягтай байлаа. Сургаар, баримт нотолгоогүй, нэг нь сенсаац дэгдээхэд ямар ч мэдээлэлгүй бусад нь өөхшүүлэн дэвэргэдэг бүхэл бүтэн “масс” бий болчихжээ. Ийм л учраас ямар ч асуудалд хэрхэн хандах тухай чиг баримжаа ярихад хүрч байгаа юм. Эмээлтээр жишээ авахад, шинжилгээнд унасан компани нь гомдол гаргасан тул дахин шинжилгээнд өгсөн, хариугаа хүлээж байгаа юм билээ. Энэ шинжилгээний хариу гарахад бид харин өөр нэг асуудал “сэвээд” сууж баймааргүй байгаа юм. Хөтөлбөрийнхөө бодит үр дүнг жил бүр эрх баригчдаас нэхэх ажил ч үүнд орно.

7. Дахин олдсон боломжийг ашиглах хэрэгтэй

Бид өнөөдөр дотоодынхоо хэрэгцээг хангах даруухан зорилт дэвшүүлж байгаа ч цаашдаа экспортлогч болох амбийцтай байгаа. 500 жилийн өмнө нэг ч үхэргүй байсан Аргентин улс Дэлхийн II дайнд оролцогч улсуудыг хооллож ундлаад баян чинээлэг болсон түүх бий. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлээд дэлхийн баян улсын тоонд багтаж болно гэдгийг Аргентин харуулсан. Тэгвэл бид тэдний жишээг яагаад давтаж болохгүй гэж.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)