М.Пүрэвжав: Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд шим тэжээлийн боловсрол олгох хэрэгтэй

Илүүдэл жин, хорт хавдар аюулын харанга дэлдэж буй өнөө үед монголчуудын хооллолтын талаар Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.

Зөв хооллолт гэдэг ойлголтын талаар яриагаа эхэлье. Зөв хооллоход ямар зарчим баримтлах вэ?

Зөв хооллолт гэдэг нь юуг, хэзээ, хэрхэн боловсруулж идэх тухай ойлголт. Жишээ нь, хичнээн шим тэжээлтэй ч байсан унтахын өмнө идвэлхоол биш хор болно.Сүү цагаан идээ, үр тариа, мах, жимс, ногоо гээд таван бүлэг хүнсийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэх нь зөв хооллолтын үндсэн ойлголт юм. Учир нь энэ таван бүлэг хүнсийг идэж байж уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гээд шим тэжээлийн бодисуудаа бүгдийг нь авч чадна. Аль нэг төрлийг нь огт хэрэглэхгүй байхад тэр бүлэг хүнснээс авах шим тэжээлийн бодис дутна гэсэн үг. Ямар хоол идэж байгаагаас эрүүл мэнд шалтгаална.

Огт идээд хэрэггүй, зохихгүй хүнс гэж байх уу?

Хүний биед зохимжгүй хүнс бол Е кодтой химийн бодис их орсон хүнснүүд. Химийн нэмэлттэй хүнснүүд гол төлөв үйлдвэрийн өндөр боловсруулалтад орсон байдаг. Тийм учраас дэлхий нийтээрээ байгалийн гаралтай хүнс рүү тэмүүлж байна. Зөв хооллоход хэмжээ чухал. Сахар, давс бол огт идэж болохгүй зүйл биш. Хэмжээ нь ихэдвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Одоо жишээ нь муу нэртэй ч гэсэн өөх тосыг огт идэхгүй байж болохгүй. Хэрэв өөх тос огт идэхгүй бол цөс өвдөнө, ихдүүлбэл бас өвдөнө. Тэгэхээр тааруулж идэх ёстой байх нь.

Монгол хүн аюулгүй, эрүүл хүнсээр сагсаа дүүргэх боломж хэр байна вэ? Бид чанартай хүнс хэрэглэж чадаж байгаа юу?

Монголчууд маш азтай ард түмэн. Бидэнд нүүдлийн малын мах, сүү, атар газрын жимс ногоо, гурил гээд байгалийн гаралтай хүнсний эх үүсвэр байна. Шим тэжээллэг хүнс бидний гар дээр байгаа боловч манайд хүнсний хангамжийн тогтолцоо асуудал болж байна. Жишээ нь,хөдөө малаа маллаж байгаа малчин мах, сүүгээ бэлдэж, идээгээ боловсруулаад аюулгүй хүнс хэрэглэж болж байгаа ч хотод тийм биш. Хотын хүнсийг хангана гэдэг иргэн Дондогийн хотноос малыг нь авч ирээд зарах тухай ойлголт биш.  Хотжилт гэдэг том соёл. Улаанбаатар хот өнөөдөр саяас дээш хүн амтай мега хот болчихлоо. Гэтэл хотын хүнсний хангамжийн сүлжээ, тээвэр ложистикийн сүлжээг бүрдүүлээгүй байна. Энэ уг нь маш том систем байх ёстой. Энэ утгаараа хүнсний аюулгүй байдал доголдсон гэдэг нь үнэн. Монголчууд хүнсээ өөрсдөө хангах боломжбий.

Дэлхий даяаршиж, олон орны хоол нэвтэрч, монголчуудын хэрэглэдэг хүнсний төрлүүд ч арвин болсон.  Үүнээс өмнө монголчуудын хоолны соёл ямар байсан бол, одоо нийгмээ дагаад яаж өөрчлөгдөв?

Монголчууд хэзээнээсээ уламжлалт анагаах ухаанаараа дамжуулсан асар өндөр хооллох соёлтой байсан ард түмэн. Тухайлбал, манай хөгшин ээж тостой халуун хоолны ардаас хүйтэн юм битгий уу, арвайн гурил идчихээд ус сайн уу гэх мэтээр хүүхдүүддээ хэлдэг, сургадаг байсан. Гэтэл өнөөдөр би мэргэжлийн хүн болчихоод харж байхад энэ бүхэн нь шинжлэх ухааны үндэстэй байжээ. Монголчууд маш тостой хүнс хэрэглэдэг үүнийх нь бараг 50 хувийг ханасан өөх тос эзэлдэг. Ханасан өөх тостой хоол идчихээд араас нь хүйтэн юм уувал хоол боловсруулах зам хямарна. Тийм учраас халуун хоолны араас хүйтэн юм битгий уугаач гэдэг байжээ. Хэрэв уувал нойр булчирхай, цөс өвдөнө. Анагаахын багш нар 1960, 1970-аад оны үед Монголд нойрбулчирхайн өвчлөл байхгүй байсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр нойр булчирхайн өвчлөл маш их болсон. Энэ нь хооллолттой л холбоотой. Арвайн гурил идсэний араас хүйтэн юм уу гэдэг байсан нь энэ бүтээгдэхүүний эслэгийн өндөр агууламжтай холбоотой.  Эслэг ихтэй бүтээгдэхүүн идэсний араас хүйтэн юм ууж байх ёстой. Үгүй бол эслэгийн бүтээдэхүүнүүд нарийн гэдсэнд очоод түгжрэл болох эрсдэлтэй. Арвайн гурил монголчуудын хувьд эслэгийн эх үүсвэр болдог байсан. Орчин үед шинжлэх ухаанаар тайлбарлаж байгаа зүйлийг монголчууд эрт үеэсээ мэддэг байжээ. Гэх мэтээр өөрсдийнхөө хооллох соёлын хүрээнд хүнсний ойлголтуудыг маш зөв тайлбарлаж, эцэг эхээс үр хүүхдэдээ дамжуулж хооллох соёлын өндөр мэдлэгийг уламжлуулдаг байжээ. Одоо харамсалтай нь тэр мэдлэг устсан байна.

Гаднын олон хоол манайд нэвтэрч, гэр бүлийн өдрийн хоолны цэсэнд нэмэгдэх боллоо. Дэлхий хавтгай болж,нэг соёл нөгөөдөө уусаж байгаагийн эерэг, сөрөг талууд ажиглагдаж байна.

Дэлхий дээр хамгийн их явагдсан даяаршил нь хоол хүнсний даяаршил. Улс орнууд хоол хүнсний даяаршилд зохих бэлтгэлтэйгээр орсон бол манайх тэгэж чадаагүй. Тэд аль хүнсийг хил гаалиараа нэвтрүүлэх юм, их идүүлэх юм уу үгүй юм уу гээд хүн арддаа боловсрол олгож байсан. Гэтэл өнөөпөр манайхан янз бүрийн хоол ундыг дуртай хэмжээгээрээ идэж байна. Монголын зах зээл дээр маш олон жигнэмэг зарагддаг. Хүнсний нэмэлт ихтэй энэ бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөх хоол шиг ойлгож байгаа аав ээжүүд цөөнгүй байгаа нь харамсалтай. Мөхөөлдөс, ундаа, компот ч адил. Эдгээрийн буруу хэрэглээ монголчуудыг өвчлүүлж байна. Энэ бүхэн хүмүүсийн хоол шим тэжээлийн боловсролгүй байгаатай холбоотой юм.

Тэгэхээр зөв сонголт хийж, өөрт хэрэгтэйгээ олж идэж чаддаг байхын тулд хүнд тэнцвэртэй хооллох тухай, шим тэжээлийн талаарх мэдлэг маш хэрэгтэй байх нь.  Бид яаж шим тэжээлийн боловсролтой болох юм бэ?

Идээ ундааны мэдлэгтэй байсан ард түмэн одоо олон янзын мэдээлэл дунд төөрчихөөд байна. Ойд төөрсөн сармагчин гэдэг шиг хэнийг дагахаа ч мэдэхээ больжээ. Энэ байдлынх нь баталгаа нь өвчлөл. Хүн амдаа хоол шим тэжээлийн мэдлэгийг олгож байж энэ байдлаас гарч чадахаас биш эмнэлэг нэмж бариад шийдчихнэ гэж байхгүй. Эмнэлэгийн хэрэгцээ нэмэгдээд байна гэдэг нь ард түмний эрүүл мэнд тавилан муутай болж байна гэсэн утгатай. Урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрыг эрт үед нь илрүүлэх, авах мэдээж чухал. Гэхдээ хүн хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Хорт хавдрын өвчлөл нэмэгдээд байна гэдэг олон шалтгаантай боловч хүний амаар орсон болох, болохгүй зүйлтэй их холбоотой. Тэгэхээр хүн амдаа цэцэрлэгийн наснаас нь эхлээд шим тэжээлийн боловсрол олгох шаардлага тулгараад байна. Нэгэнт суусан буруу дадлыг, үүссэн өвчинг эмчилэх гэж, засах гэж, өөрчлөх гэж маш их цаг хугацаа хөрөнгө мөнгө орно. Тэвчээр шаардана. Энэ нийгэмд өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалж чаддаг, зөв дадалтай иргэн бол хамгийн үнэтэй капитал. Тэгэхээр цэцэрлэг болон сургуулийн бага ангид нь хоол шим тэжээлийн системтэй боловсрол олгох ажлыг нэн даруй эхлэх хэрэгтэй байна. Хүүхдүүдийг энэ талын боловсролтой болгочихвол хүүхдүүд аав, ээж гэр бүлдээ нөлөөлж чадна.

Энэ улсын ирээдүй болсон хүүхдүүдээ яаж эрүүл өсгөх вэ? Юу идүүлэх вэ?

Хүүхэд эхийн хэвлийд бий болсон цагаас эхлээд л тэр хүүхдийг эрүүл хүн болгохын төлөө эцэг, эх хичээх ёстой. Эрүүл хүн өсгөхийн тулд хоолонд нь л анхаарах учиртай. Тулгар биетэй ээж хүн хэвлий дэх хүүхдээ эрүүл төрүүлэхийн төлөө өөрөө зөв хооллох хэрэгтэй юм. Хөхний сүүг орлох шим тэжээл энэ ертөнцөд байхгүй. Гэхдээ яах аргагүй эрүүл мэндийн шалтгаанаас болоод хүүхдээ хөхүүлж чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Ийм шалтгаан учраагүй, хөхүүлж чадаж л байвал хүүхдээ хөхөөрөө хооллох нь эх хүний хариуцлага. Хүний амьдралын эхний 1000 хоног, 7000 хоног хамгийн чухал гэдэг. Энэ үед нь шим тэжээлийн дутагдал, бас илүүдэлд орулчихгүй, тэнцвэртэй, зөв хооллож чадвал тэр хүүхэд цаашдаа эрүүл энх амьдрах боломжтой гэж үздэг. Энэ хүрээнд дэлхий дээр маш олон санаачилга, хөтөлбөрүүд байгаагйн нэг нь сургууль дээр нь хүүхдийг хооллох тухай. Энэ хөтөлбөр дэлхийн 169 оронд хэрэгжиж байна. Сургууль дээр хүүхдийг хооллох нь ирээдүйд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Одоо байгаа төсвийг голоод байгаа. Гэхдээ ямар ч байсан зохих түвшинд хооллочих боломжтой дүн. Нэг асуудал байгаа нь 1500 төгрөгийн төсөвт сүү цагаан идээг оруулж чадахгүй байна.

70 сая малтай, мал аж ахуйн орон гэдэг атлаа хүүхдүүддээ цагаан идээ өгч чадахгүй байна гэхээр гайхмаар бас харамсмаар санагдаж байна. Нийлүүлэлтийн сүлжээ, улирлын хамаарал зэрэг нь асуудал болдог уу?

Манайд хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо бүрдээгүй. Улаанбаатар хотын 1.5 сая хүн амыг яаж сүүгээр хангах вэ, махыг нь яах вэ гэдэг аюулгүй байдлыг хангасан тогтолцоо байхгүй. Хүнсний аюулгүй байдал, чанарын тухай ярихыг хүсвэл хамгийн түрүүнд тогтолцоог бүрдүүлэх ёстой. Уг нь хууль эрх зүйн орчин бүрдсэн. Даанч хийгдэхгүй байна. Хотын хүнсний хангамжийг бүрдүүлнэ гэдэг чинь шал өөр зүйл. Өчнөөн олон сая хүн амтай гаднын улс орнууд хүнсний хангамжийн тогтолцоогоо маш нарийн, баталгаатай бүрдүүлж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байна. Манайд энэ дутагдалтай. Зарим нэг хүнсэн дээр үнэхээр аюулгүй байдал алдагдчихаад байна. Сүүний чиглэлийн аж ахуйн хөгжил тааруу, улирлын гачлангаасаа гарч чадахгүй л байна.

Та ажиллаж байсан судалгаануудаасаа онцлохгүй юу?

Бид нэг сургуулийн бага ангийн хоёр бүлгийн хүүхдийн ясны эрдэсжилтийг судалж байлаа. Ингээд ясны нягтыг судлаад 80 хувийнх нь ясны нягт зөөлөрсөн байсан. үзэхэд эрүүл гарч байгаа хүүхдүүд нь сүү цагаан идээний хэрэглээ хангалттай, гол төлөв хөдөө өссөн хүүхдүүд байгаа юм. Харин огт сүү уудаггүй, эсвэл хэрэглээ багатай хүүхдүүдийн ясны нягт нь маш бага байсан. Ингээд бид тэр хүүхдүүдэд гурван сарын турш өдөр бүр нэг аяга сүү уулгасан. Гурван сарын дараа хүүхдүүдийн ясны нягт хоёр нэгжээр өссөн дүн гарсан. Сүү цагаан идээ хэрэглэнэ гэдэг нь ийм ач холбогдолтой.

Зуны улирал, аялал зугаалга, хорхог боодог гээд нойр булчирхай, ходоодны өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог. Дээрээс нь мэргэжлийн бус хүний өгсөн зөвлөгөөг дагаад элдэв дэглэм бариад эхэлдэг шүү дээ.

Мэргэжлийн бус хүмүүс янз бүрийн дэглэм сурталчилж хүмүүсийг эрсдэлд оруулж байна. Маш өндөр хязгаарлалттай хоолны дэглэмүүд тус болохоосоо ус болох нь их. Өвчлөлд өртүүлэх магадлалыг үүсгэж болзошгүй. Яг ийм нөхцөл байдал үүсээд байгаа гэдгээ монголд судлахгүй байна. Бүх зүйлийг судалгаан дээр үндэслэх ёстой. Судалгаа муутай байгаа учраас хүмүүст тодорхой мэдээлэл очихгүй, түүнээсээ болоод төөрөгдөл үүсэж байна. Нэг, хоёр  сарын үр дүн итгээд тохирох тохирохгүй дэглэм барихаа болих хэрэгтэй. Тухайн үедээ биеийн жин буураад байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж байх эрсдэлтэйг сануулъя. Хооллолт гэдэг бол олон жилийн дадал.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)