Оюун ухааны гажуудал хөлбөмбөгт илрэх тохиолдлууд

Даниэль Каннеман бол сэтгэл судлалын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн анхны эрдэмтэн юм. Тэрээр нэгэнтээ “Хүний оюун ухаан аливааг хялбарчлах хандлагатай байдаг” гэж хэлжээ. Энэхүү хялбарчлах хандлага харамсалтай нь буруу шийдвэр гаргах шалтгаан болдог гэнэ. Хүмүүс үргэлж оновчтой сэтгэдэггүй гэдэг бол мэдээж хэрэг. Гэхдээ аливааг хялбарчлах энэ үзэгдэл нь бидэнд байгалиас өгөгдсөн тул өөрчлөх боломжгүй, тийм ч учраас буруу дүгнэж, алдаатай шийдвэр гаргах явдал хэзээ ч үгүй болохгүй гэнэ. Учир нь, асуудлыг хялбарчилж, дүн шинжилгээ хийхээс зайлсхийх бүртээ хүн цаг хугацаа, эрчим хүч хэмнэж байдаг ажээ. Танин мэдэхүйн энэ гажуудлыг ойлгох нь аливаа спортын төрөлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад давуу тал болдог. Бүр тасарсан зөв шийдвэр гаргаж сурдаггүй юм гэхэд ямар ч байсан арай л өөр болж, ирээдүйд гаргах зарим алдаанаас зайлсхийж тун магадгүй. Бид энэ удаа хүний оюун ухаан ямар нөхцөл байдалд хэрхэн гажуудаж алдаа гаргадгийг хөлбөмбөгийн спортын жишээгээр тайлбарласан хөнгөн нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Нийтлэлд хөлбөмбөгийн багийн эзэн, менежер, дасгалжуулагч, тоглогч, сэтгүүлч, хөгжөөн дэмжигчид хэрхэн алдаа гаргадаг болохыг товч жишээтэйгээр өгүүлжээ.   

Эвристик хандлага    

Эвристик гэх нэр томъёог Даниэль Каннеман “Хүмүүс төвөгтэй нөхцөл байдалтай тулгарах үедээ, эсвэл байгаа мэдээлэл нь хангалттай бус байх тохиолдолд шийдвэр гаргах, шүүлт хийх, асуудлыг шийдвэрлэх энгийн практик арга” гэж тодорхойлжээ. 

Хөлбөмбөгт жишээ нь, зөвхөн өөрийн цуглуулсан мэдээллээс илүү сэтгэгдэл төрүүлсэн, тод санагдах үйл явдалд тулгуурлан дүгнэлт гаргахыг ингэж хэлдэг юм байна. Тухайлбал, бүх биеийн хүчээ хөлдөө шингээн маш чанга өшиглөдөг, энэ чадвараараа хаалттай цохилтоос нэлээд хэдэн гоол оруулснаас нь болж хөгжөөн дэмжигчид Роберто Карлосыг чөлөөт цохилтын шилдгүүдийн нэг гэж үздэг. Сэтгүүлчид ч тэгж бичих нь бий. Үнэндээ тэр бол 25 цохилт тутмынхаа нэгийг гоол болгодог эгэлээс эгэл хөлбөмбөгч аж.

-Тоглолтын харьцаа 2:0 байх нь 1:0 байхаас илүү аюултай гэдэг ойлголт бий. Яг яс  статистик гаргавал энэ ойлголт буруу гэнэ.

-Хэн нэг шилдэг тоглогчийг өмнөх үеийн шилдэг тоглогчтой байнга харьцуулах тохиолдол түгээмэл байдаг. Үнэндээ тэдний 2, 3 ур чадвар төстэй байж болох ч адилхан байх ямар ч боломжгүй юм.

Таамаглал, бодит байдал зөрөх

Тайлбарлагч жишээ нь, талбай дээр тоглож буй хоёр багийн талаар бүх зүйлийг мэдэхгүй. Тиймээс өрнөж буй үйл явдлыг ихэвчлэн таамаглаж тайлбарладаг. Угаасаа ингэхээс ч өөр аргагүй. Гэсэн ч тэд бүгдийг мэдэж байгаа, мэдэж байсан мэт тайлбарлахыг илүүд үздэг. Тэр нь мэдээж бодит байдал, үнэнтэй огт нийцдэггүй.

Жишээ:

-Тайлбарлагч “... баг гоол орууллаа” гэж тайлбарлахыг сонсоод хүмүүс тухайн баг сайн тоглож байгаа юм байна гэж боддог. Үнэндээ бол нөгөө баг нь муу тоглосон ч байж болно.

-Талбай дээр тохиолдлын чанартай зүйлс дүүрэн болж байдаг. Харин тайлбарлагч тэр бүхнийг дасгалжуулагч, тамирчдын урьдчилсан бэлдсэн тактик байсан мэтээр тайлбарлаж ташаардаг байна. 

Бусдыг үл тоомсорлох

-Багийн эзэд, менежерүүд нэг тоглогчийг шилдэг нь гээд бодчихвол бусдын хэлсэн өөр дүгнэлтийг хүлээж авахаа байчихдаг. Эсрэгээрээ муу гээд итгэчихвэл мөн ижил.

“Харахыг хүссэн” зүйлээ л харах

Энэ төрлийн гажуудал хөгжөөн дэмжигчдэд илүү ажиглагддаг.

Жишээ: 

-Хэн нэг тоглогч олон нийтийн дунд байнга алдаа гаргалаа гэж бодоход алдар нэр их байх тусам нь алдааг нь илүү удаан үл тоомсорлох буюу уучлан өнгөрүүлэх хандлагатай байдаг аж. Харин алдартай биш тоглогч ингэж алдвал өршөөхгүй байх магадлал маш өндөр гэнэ шүү. Түүнчлэн, хаалгачийн алдааг өөр байрлалын тоглогчийн гаргасан алдаанаас илүү үздэг нь мөн л эрүүл сэтгэхүй гажуудаж байгаагийн шинж аж.

-Хөгжөөн дэмжигчдэд шүүгч байнга л өөрийнх нь дэмждэг багийн эсрэг шүүгээд байгаа мэт санагддаг. Үнэндээ бол эсрэг багийн хөгжөөн дэмжигчид яг адилхан мэдрэмжийг “амталж” суудаг. 

-Дасгалжуулагчаа сольсон баг эхний тоглолтдоо өмнөхөөс илүү сайн тоглож байх шиг мэдрэмж хөгжөөн дэмжигчдэд төрдөг. Практик дээр бол ихэнхдээ тоглогчид өмнө нь хийдгээ л хийдэг.

-Өөрийн дэмждэг багийн бүтэлгүйтлийг нөхцөл байдал, алдсан боломжтойгоо холбодог бол эсрэг багийн амжилтыг азтай холбоод л хаядаг байна.  

Дүгнэлтийг эцсийн үр дүнгээр гаргах

Хөлбөмбөгт дүгнэлт, шийдвэрийг эцсийн үр дүнд үндэслэж гаргах явдал түгээмэл бий. Жишээ нь,  баг хожсон л бол бүх зүйл зөв байсан гэх мэт. Д.Каннеманыхаар бол энэ хандлага бас л оюун ухааны гажуудал буюу залхуурал, эрч хүчээ хэмнэх гэсэн хялбарчлал гэнэ. Тиймээс үр дүнгээс үл хамааран хоёр багийн тактик, тоглогчдын ур чадвар, үйлдэл бэлтгэлжилтийг сайтар ажиглах хэрэгтэй гэнэ. Магадгүй хожигдсон баг дараа, дараагийн тоглолтод хожиж, хожсон баг дараагийн удаа хожигдож ч болно шүү дээ. 

Хамгийн сүүлийн мэдээллийг хэт үнэлэх

Хамгийн сүүлийн мэдээллийг хэт үнэлэх нь зөв биш гэдгийг бүгд мэднэ. Гэсэн ч бидний тархи цаанаасаа сүүлийн мэдээлэлд хэт их ач холбогдол өгөх программтай мэт л ажилладаг байна. Энэ байдал тоглогчийн халаа, сэлгээг шийдвэрлэх явцад ажиглагддаг. Том тэмцээнд сайн байсан тоглогчийг хэт их үнээр худалдаж авах, шийдвэрлэх тоглолтод хожигдсон дасгалжуулагчийг шууд солих гэх мэт. Багийн эзэд, дасгалжуулагчдын “Сүүлийн мэдээлэлд хэт их ач холбогдол өгөх” энэ хандлага нь ирээдүйд илүү сайн баг байгуулах төлөвлөгөөнд нь саад болно уу гэхээс сайн юм болдоггүй. 

Эерэг хандлага, хэт өөдрөг үзэл

Тийм муу хандлага биш ч байж болох юм. Хөлбөмбөгт өөдрөг үзэл ноёлдог бөгөөд зах зээл, наймаа арилжаа энэ хандлага дээр л тулгуурлаж явдаг. Ялангуяа шинэ тоглогч худалдаж авах үед энэ хандлага илүү илэрнэ. Мөн эерэг үр дүнд хүрэх мэт мэдрэмж хөгжөөн дэмжигчийг эзэмдэж байдаг бөгөөд дэмждэг баг нь аваргын төлөө шалгарах үед бараг бүгдэд нь “Ингээд чигээрээ аварга болчих юм шиг“ сэтгэгдэл төрдөг байна. Харамсалтай нь энэ бас л алдаа ажээ.     

Агуу ихийн нөлөөлөл буюу алдартай хүний үг үнэмшилтэй сонсогдох

Хөлбөмбөгт өндөр амжилт гаргасан, од байх тусам үг нь үнэмшилтэй, тод сонсогддог. Энэ бол бас л гажуудал гэнэ. Жишээ, доорх хоёр алдартны үг хоёул танд туйлын үнэн, үгүйдээ л итгэл үнэмшил төрүүлэхүйц сонсогдоно гэдэгт итгэлтэй байна.

Пеле: "Ойрын ирээдүйд Африкийн баг дэлхийн аваргад түрүүлэх нь гарцаагүй."

Ю.Клопп: "Чи надаас ирээдүй болон коронавирусын талаар байнга асуух шаардлагагүй, би зүгээр л хөлбөмбөгийн дасгалжуулагч."

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ер нь сэтгэл судлал, психологи бол шинжлэх ухааны маш сонирхолтой салбар. Манайд энэ талаар уншчихаар ном байдаг болов уудаа, үгүй л болов уу. Энэ дээрх нийтлэл хөөрхөн юм, даан ч жаахан болхидуу орчуулсан бололтой.

    0 0 Хариу бичих