Өмчлөх “эрхгүй” өв

Бүх цаг үеийн шилдэг эрдэмтдийн нэг Альберт Эйнштейн нас барсныхаа дараа амьд ахуй цагаасаа ч илүү их мөнгө олох болов. Гэвч зожиг физикч эр үүнийг хүсэх байсан болов уу.

Пулитцерын шагналд нэр дэвшсэн зохиолч, физикч Тони Ротман 2003 онд шинээр хэвлэж буй номынхоо хянан засварлагчаас таагүй захидал хүлээж авлаа. Юу юугүй хэвлэлтээс гарах дөхсөн “Бүх зүйлийн харьцангуй онол” номын хавтсыг Альберт Эйнштейний хэлээ гаргасан хошин зургаар чимэглэсэн байжээ. Гэтэл Эйнштейний дүр төрхийг өмчлөх эрх нэн адармаатай болохыг номын редактор сануулах нь тэр. Ротман хариу захидалдаа “Үүнийг би нэг их асуудал тарина гэж бодохгүй байна. Эйнштейний зургийг ашигласан бүх хүний эсрэг өмчийн маргаан үүсгэх цаг зав тэдэнд байхгүй. Хэн нэгэн энэ эрхийг эзэмшдэг гэдэгт та итгэлтэй байна уу” гэжээ. Гэхдээ л хэвлэлийн компани өндөр үнэтэй хуулийн маргаанд ялагдахаас эмээж Эйнштейний зургийг номын хавтаснаас авчээ.

Альберт Эйнштейн 1955 онд таалал төгссөн. Түүний гэрээслэлийн 13 дугаар хэсэгт гар бичмэл, зохиогчийн эрх, хэвлэн нийтлэх, оюуны өмч зэрэг бүх эзэмших эрхийг өөрийн нарийн бичиг Хелен Дукас болон дагавар охин Маргот Эйнштейн нарт шилжүүлсэн тухай бий. Харин тэднийг нас барсны дараа дээр дурдсан эрхээ 1918 онд байгуулж байсан Иерусалимын Еврей их сургуулийн хүрээлэнд шилжүүлэхийг захиж үлдээжээ. Эйнштейн гэрээслэлдээ түүний нэр, зургийг ном, зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн дээр ашиглах тухай огт дурдаагүй билээ. Юмс хувьсан өөрчлөгдөж, зар сурталчилгааны талбар дахь өрсөлдөөн хэдэн арван сая доллараар үнэлэгдэнэ гэж харьцангуй онолыг үндэслэгч бээр санаа ч үгүй биз. Өнөөдөр хэн нэгэн алдартны дүр төрх, зураг тэргүүтэй бүхий л зүйлийг ашиглах явцыг зар сурталчилгааны эрхээр шийдвэрлэдэг болсон.

Еврей их сургууль 1982 онд Эйнштейний өмч хөрөнгийг эзэмших эрхээ албан ёсоор шилжүүлэн авсан боловч физикчийн дүр төрх, нэрийг зар сурталчилгаанд ашиглах эрхийг бараг луйвардаж авсан гэхэд болно. 1980-аад оны дунд үед тус их сургууль Эйнштейний нэр, дүр төрхийг ашиглах, ашигласан тохиолдолд ямар үнэтэй байх тухайд хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Эйнштейний зурагтай цамц, сүнсний баярын хувцас, кофе, автомашин, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэвэл шүүхэд дуудагдана. “Бяцхан Эйнштейн” гэдэг нэрийг тоглоомон дээрээ тавихыг хүсвэл 50 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2.6 сая ам.доллар төлөх жишиг бүхий журмыг 2005 онд баталжээ. Үүний өмнө 1989 онд “Sony” компани зар сурталчилгаандаа Эйнштейний зургийг ашиглахын тулд 63 000 ам.доллар төлсөн бол 1997 онд “Apple” компани “Mac” компьютерын сурталчилгаанд Эйнштейний зургийг “Өөрөөр сэтгэ” уриа үгтэй нь хамт ашиглахаар 600 000 ам.доллар гаргаж байв.

Эйнштейн амьд ахуйдаа цалин орлого сайтай нэгэн байлаа. Принстон дахь ахисан түвшний судалгааны хүрээлэнгээс 10 000 ам.долларын цалин авдаг байсан нь өнөөгийн ханшаар 180 000 ам.доллартай дүйнэ. Гэвч нас барсны дараах орлоготой нь харьцуулахад бутархай зоос төдий. Түүний дүр төрх “Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр ашиг орлоготой түүхэн алдартнуудын жагсаалтад эхний аравт бичигддэг. Еврей их сургууль Эйнштейний дүр төрхийг ашиглах эрх олгосныхоо хариуд жилд дунджаар 12.5 сая ам.доллар хуримтлуулж, Израйлийн шилдэг их сургууль болтлоо хөлжжээ. Гэтэл Эйнштейн өөрийн өвөрмөц онцгой байдлыг бизнесийн зориулалтаар ашиглахаас эрс татгалздаг нэгэн байжээ.

Жорж Вашингтоны их сургуулийн профессор Рожер Шехтер нас барсан олны танил хүмүүсийг зар сурталчилгаанд ашиглах эрхийн хууль эрхзүйн орчин бүхэлдээ эмх замбараагүй байгааг шүүмжилдэг. Бразил, Канад, Франц, Герман, Мексик улсад гэхэд л алдартнуудыг нас барсны дараах сурталчилгааны эрхийг онцгойлсон, үндэсний хэмжээнд хэрэгжих хууль батлагдсан. Тэгвэл АНУ-ын мужуудад энэ нь харилцан адилгүй, ердөө 24 мужид л ийм хуулийн орчин бүрдүүлжээ. Виржиниад олны танил эрхмүүд нас барснаас хойш 20 жилийн дотор сурталчилгааны эрхийг олгох заалттай бол Оклахома, Индиана зэрэг мужид 100 жил байдаг аж. Харин Эйнштейний амьдралын сүүлчийн хормоо өнгөрүүлсэн Нью Жерси муж нас барсан алдартны дүр төрх, нэр, хэлсэн үг зэргийг нь сурталчилгаанд ашиглах эрхийн хугацаа, өв залгамжлалд хуулиар ямар нэг хязгаар тавиагүй нь Еврей их сургууль шүүхийн маргаан бүрд ялалт байгуулах боломж олгожээ. Эйнштейн Германд төрсөн ч дэлхийн II дайны үед иргэншлээсээ татгалзаж АНУ-д насан эцэслэх хүртлээ амьдарсан билээ. Оюун ухаан нь түүнийг алдартай болгосон ч биеэ авч яваа байдал, харизм нь бүх цаг үед мөнхлөн үлдээсэн гэж болно.

Эйнштейний сайн найз Пол Ричманы хүү Рожер Ричман эрдэмтний нэр төрийг хамгаалахаар зарга үүсгэснээр зургийг нь тамхи, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом зэрэгт ашиглах эрхийг хязгаарлаж чадсан юм. Гэрээслэлд дурдаагүй дүр төрх ашиглах эрхийн талаар маргаан үүсгэсний дараа Еврей их сургууль Ричманыг Эйнштейний өмчийн эрхийг хариуцсан онцгой төлөөлөгчөөр томилжээ.

“Би дэлхийн өмч”

Өмч хөрөнгө, дүр төрхийг нь хамаатан садан, ойр дотныхон нь бус харь элгийн хүмүүс эзэмшиж халаасаа зузаалсаар байгаа тохиолдол ганц Эйнштейнээр дуусахгүй. Гоо үзэмжээрээ хорвоогийн эрчүүдийг бишрүүлсэн хатагтай Мэрилин Монро, загварын суутан Карл Лагерфелд нарын онцгой дүр төрх бизнес эрхлэгчдийн ашиг орлогын эх үүсвэр болсоор.

Мэрилин Монрог нас барсны дараа хэвлэгдсэн “Миний түүх” намтар номонд түүний “Би олон нийт, дэлхийн өмч болсон. Гэхдээ авьяастай, хөөрхөн болохоороо биш. Харин өөр хэний ч юуны ч өмч байгаагүй болохоор” хэмээн ярьж байсан нь бичигдэн үлджээ. Дэлгэцийн домог 1962 онд 36 насандаа амьсгал хураахдаа өнөөгийн ханшаар 7 сая ам.долларын эд хөрөнгө үлдээсэн бөгөөд оюуны өмчийн эрхийнхээ 75 хувийг жүжиглэх урлагийн багш Ли Страбергэд гэрээслэжээ. Харин үлдсэн 25 хувь нь хувийн эмч Мариан Крист ноогдсон. Монрогийн эмч 1980 онд нас барсны дараа түүний хувийг Лондон дахь хүүхдийн эмчилгээ, сэтгэл судлалын Анна Фрюд төвд шилжүүлэв. Өнөөх 75 хувь харин Ли Страсбергийн залуу эхнэр, Монротой нэг ч удаа уулзаж үзээгүй Анна Мизрахид очжээ. Венесуэль гаралтай жүжигчин бүсгүй нөхрөө нас барсны дараагаар Монрогийн нэр, зураг тэр ч бүү хэл дуу хоолойг ашиглах гэрээнүүдийг шил дараалан байгуулж нас барсан Мэрилинийг дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй од болгосон юм. Анна “CMG” компанитай түншлэх гэрээ байгуулж жилд хамгийн багадаа сая ам.доллар авдаг байсан ч 2000 оноос хойш “Мэрилин Монро” нэртэй компани байгуулан өмчийн эрхийг эзэмших болжээ. Улмаар 2011 онд Анна Мизрахи өөрийн 75 хувийн хувьцаагаа “Authentic Brands” группт 30 сая ам.доллараар худалдсан билээ.

Хар шил, цагаан үс

“Chanel”, “Fendi” тэргүүтэн тансаг зэрэглэлийн загварын орднуудын уран бүтээл хариуцсан захирлаар ажиллаж байсан Карл Лагерфелд 2019 онд 86 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Насан эцэслэх хүртлээ хувцас загварын ертөнцөд өөрийгөө бүрэн зориулж, гэр бүл зохиож амжаагүй түүнийг өмч хөрөнгөө Чопет хэмээх муурандаа үлдээсэн гэх яриа ч бий. Лагерфелд өөрийн нэрийн брэндээ үүсгэн байгуулах мөрөөдлөө биелүүлж, насан эцэслэх хүртлээ эзэмшиж байлаа. Түүнийг нас барсны дараа Карл Лагерфелд брэндийн 19 хувийг “G-III Apparel” групп эзэмшиж байгаад үлдсэн хувьцааг бусад хөрөнгө оруулагчдаас худалдаж авснаар бүрэн эзэмших болжээ. Цагаан үс, хар шилтэй түүний өвөрмөц төрхийг харуулсан брэндийн бүтээгдэхүүнүүд өдгөө борлуулалт нь улам нэмэгдэж, компанийн ашиг орлого жил тутам өссөөр. Өнгөрсөн жил тус брэнд дэлхий даяар 700 сая еврогийн борлуулалт хийсэн бол энэ онд 1.7 тэрбум, 2026 он гэхэд жилд 2 тэрбум еврогийн бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)