“Шинэ” ундаа

“Кофе тааруухан өглөөд хоёр дахь боломжийг олгодог...”

Айраг, аарц, аньс, чацаргана, сүүтэй цайгаа хүртсээр олон зуун жилийг туулсан монголчуудын өдөр тутмын хэрэглээнд тун саяхнаас өөр нэг ундаа нэвтэрсэн нь кофе. Одоогоос арав орчим жилийн өмнө кофе уудаг хүн ч цөөхөн, үйлчилдэг газар хомс, энэ соёл дэлгэрч амжаагүй байлаа. Хүмүүсийн сонголт “YeYe”-гээсээ хэтэрдэггүй байсан үе. Гэтэл одоо тэр үетэй харьцууламгүй өөр болжээ. Өнөөдөр хоёр алхаад л өөр өөрийн онцлог дизайнтай, дулаан уур амьсгалтай, дуу эгшиглэсэн кофе шопуудад тухалж төрөл, гарал, хэмжээ, өнгө үзэмжээрээ ялгаатай олон төрлийн кофеноосхүссэнээрээ сонгох боломжтой болжээ. Энэ ундаа орчин үед тэр тусмаа залуусын амьдралд томоохон байр суурийг эзэлж зарим нь кофегүйгээр өдрийг өнгөрөөж ч чадахгүй болтлоо “орлоо”.Үүнд сайн, бас саар тал бий.

Сэргэх боломж

Ганц жижиг аяга кофе өдрийн эрч хүчийг сэлбэж, оюун ухааныг сэргээж, ажлын бүтээмж нэмэгдүүлэх хүчтэй учраас ажлын ачаалал, нийгмийн стресс дунд хүмүүс үүгээр цэнэглэгддэг.Үнэ өртгийн хувьд ямар сортын үр ашиглан нэрсэн, хаанаас ирсэн зэргээсээ хамаараад харилцан адилгүй. Зарим хүн уут, шилтэй шууд найруулах зориулалт бүхий инстант кофег хуурай сүү, сахартай хоршуулан хэрэглэдэг бол зарим нь арабика сортын чанар,өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг хуурч, буталж хүртэх нь ч бий. Гэвч ямар кофе уудаг байхаас үл хамаараад үүнд зохист хэмжээ, тохиромжтой цаг гэж бий. Яг л эм шиг тун нь таарвал тус болж хэтэрвэл хор болдог бүтээгдэхүүн. Харвардын их сургуулийн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед муу гэдгийг тогтоож чадаагүй аж. Харин кофены хэмжээг тааруулж ууж байх хэрэгтэй гэсэн тун ч ойлгомжтой үр дүнд хүрчээ. Ингэхдээ хүн өдөрт 2-3 аягаас илүүгүй ууж байх ёстой гэж үзжээ.

Цахим эмч Б.Баярбямба

Кофе бол тэр чигтээ кафейн. Гар аргаар гаргаж авсан 150 мл кофенд 150 мг кафейн агуулагдаж байдаг. Энэ бодисыг хүн өдөрт авах зохистой хэмжээ нь 400 мг. Гэтэл бид кофеноос гадна кола, какао болон хар, ногоон цай, энергийн ундаа зэргээсэнэ бодисыг авдаг. Тиймээс зохист хэмжээнд нь хэрэглэхийн тулд кафейн агуулдаг бусад бүтээгдэхүүний хэрэглээндээ ч анхаарах хэрэгтэй. Кофег өдөрт хоёр удаа уух нь хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ өглөөний 09.00 цагаас 11.00 цагийн хооронд, мөн өдрийн хоолны дараа ууж болно. Кофег зохистой хэрэглэвэл тархи мэдрэлийн үйл ажиллагааг сэргээхээс гадна өөх шатаах процессд ч үүрэг гүйцэтгэдэг. Харин хэтрүүлбэл ясны сийрэгжилт, бөөрний чулуу үүсгэх эрсдэлтэй. Мөн  шээс хөөдөг учраас хүний бие дэх эрдсүүдийг ихээр гадагшлуулдаг. Их уугаадбайвал хүн эрдсийн дутагдалд орно гэсэн үг. Тийм учраас кофе их уудаг хүмүүс шингэнээ нөхөхийг байнга эрмэлзэхээс гадна микро элементүүдийг нөхөж уух ёстой.

Монголын баристагийн холбооны тэргүүн Л.Дэлгэрмаа

Монголчууд 2010-аад оны үетэй харьцуулах юм бол американо, латте гэж юу юм гэдгээ мэдээд менюний тухай ойлголттой болчихсон. Одоо харин зөв хэрэглээ, зөв сонголтод илүүтэй анхаарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, яаж эрүүл мэнддээ эрсдэлгүйгээр кофег хэрэглэх вэ гээд чанарт анхаарч эхэлж байгаа үе гэж хэлж болох юм. Инстант кофе бол химийн боловсруулалтад оруулаад түргэн уусдаг болгочихсон бүтээгдэхүүн. Кофег хараар нь уувал сайн. Гэвч дийлэнх хүмүүс кофендоо сахар, хуурай сүү зэрэг боловсруулсан бүтээгдэхүүнийг хольчихдог. Иймээс инстант кофенууд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчний суурь болж байна. Мөн инстант кофе уухдаа хандыг нь өөрийн дураар тааруулдаг. Би тэдэн халбага кофенд, ийм сүү сахар уудаг юм аа гээд орцоо тогтоодог. Гэтэл инстант кофег нэг удаа уух хамгийн дээд хэмжээ бол нэг цайны халбага буюу 3-5 гр. Хуурай сүү, сахарт хүний биед хэрэгтэй зүйл юу ч байхгүй. Тэгээд дээрээс нь кофег өглөө өлөн элгэн дээрээ, халуун уух гээд байдаг. Энэ нь маш буруу.

Манай улсад кофены талаар судалгаа байхгүй. Нэг хүн өдөрт дунджаар хэдэн аяга кофе ууж, ямар төрлөөс нь сонгож байна, өглөө, өдөр, оройн алинд нь илүүтэй хэрэглэж байна гээд нарийн судалсан зүйлгүй. Тийм болохоор сүү, чихэр ихтэй инстант кофе их ууж байгаа нь чихрийн шижингийн өвчлөлд ингэж нөлөөлж байна гээд хэлчих ч боломжгүй. Үгүй бол өдөрт нэг аяга хар кофе уудаг хүмүүс уудаггүйгээсээ бага өвдөж байна гээд таах ч аргагүй. Дээрээс нь гаалиар орж ирж байгаа үрэн кофены мэдээлэл ч бодит биш гэж мэргэжилтэн хэлж байна. Тэгэхээр манай улсад кофегоор үйлчилж байгаа 500 орчим цэг байна гэдэг баримжаа тооноос өөрзүйлгүй байна. Тэгвэл дэлхийн зарим оронд энэ зах зээлийг судалж нарийн тоо баримтуудыг цаг алдалгүй гаргаж байгаа нь бизнес эрхлэгчдэдээ ч, хэрэглэгчдэдээ ч өгөөжөө өгч буй. Тухайлбал, хэдхэн сарын өмнө америкчууд өдөрт 517 сая аяга кофе ууж байгаа дүн гарсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 66 хувь нь сүүлийн нэг өдрийн дотор кофе уусан гэж хариулжээ. Мөн кофены нөлөө зэргийг тогтоохын тулд долоон жил, цаашлаад хориод жил тэвчээртэй судалсан тайлантай ч таарлаа. Хэрвээ дотоодод энэ мэт судалгаа хийгдээд бодит зах зээл, сонирхол, сонголт хаашаа байгааг баримжаалчихвал энэ соёлын хөгжилд ч нэмэртэйгээс гадна хэрэглэгчдийн эрүүл мэндэд ч тустай юм. Гэвч одоохондоо судалгаагүй учраас хэрэглэгчдийн сонирхол ер нь хаашаа чиглэдэг вэ гэдгийг кофе шопуудаас тодруулж үзэхэд дийлэнх хүмүүс американо авдаг гэнэ. Ингэхдээ кофе уусан хэмжээгээрээ ус ууж шингэнээ нөхөхийг эрмэлздэг болсон талаар дурдлаа. Түүнчлэн хэрэглэгчид өдрөөс өдөрт соёлжиж, хэрэглээ нь өргөжиж байгааг ч хэлж байна. Харин нэг асуудал байгаа нь худалдан авалт хийхгүй мөртлөө нөүтбүүк, номоо тэвэрч ирээд хэдэн цагаар суух сонирхолтой үйлчлүүлэгчид байсаар байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)