Хэний ч биш хот, хөдөөгийн Монгол

Монгол Улсыг хэн хөгжүүлэх үүрэгтэй вэ. Энэ асуултад хүн бүхэн янз бүрээр хариулах байх. Бас хүн бүхэн улсаа хөгжүүлэхэд гар биеэ оролцох үүрэгтэй гэж хариулах хүмүүс ч бий. Гэхдээ хамгийн их үүрэг хүлээсэн хүмүүс бол бүх түвшинд улс орноо удирдаж буй хүмүүс. Ялангуяа, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм түшээд. Тэр хүмүүүст явцуу эрх ашиг гэж байх ёсгүй. Тэдний эцсийн, нэгдмэл зорилго нь улс орноо хөгжүүлэх л байх ёстой. Тойрог тойргоороо, хот, хөдөөгөөрөө хуваагдах бус улсынхаа хөгжлийн төлөө нэгдсэн бодлогоор ажиллах учиртай. Гэвч хот, хөдөөгөөрөө хуваагдан төсвөө булаацалдаж, нэг нэгнээ үгүйсгэх байдал арилахгүй байна.

Одоогоос яг жилийн өмнө нийслэлээс сонгогдсон 24 гишүүн нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороог байгуулсан бол саяхан орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэж Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Ийнхүү УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө албан ёсоор хуваагдав. Өмнө нь тойрог тойргоороо хуваагддаг байсныг бодвол харин ч нэгдэл юм шиг харагдана. Гэхдээ ингэж хуваагдах нь улсынхаа эрх ашгийн төлөө тангараг өргөсөн тэдэнд утгагүй үйлдэл. "Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тэд тангараг өргөж, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, төрийн далбаандаа мөргөдөг юм. Тухайн УИХ-ын гишүүн хаанаас, аль ч тойргоос сонгогдсон бай ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл УИХ-ын гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаж улсын нэгдсэн бодлого алдагдсаар байна. Товчхондоо “Миний Монгол” гэх сэтгэлээс илүү “Миний нийслэл”, “Миний хөдөө” гэсэн сэтгэл УИХ-ын гишүүдээс ундарч байна. Цаашилбал, “Миний тойрог, надад ирэх санал” л чухал гэсэн явцуу бодолтой байгаа нь нууц биш. Түүнийгээ хот, хөдөөгийн хөгжлөөр халхавчлан нэгдэцгээж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хорооны гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард төсвийн толотгол хэлэлцэх үеэр “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор бүтээн байгуулах LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг лоббидож дэмжихгүй бол 24-үүлээ хуралд суухгүй бойкот хийнэ” хэмээн сүрдүүлж байлаа. Тооцоолол нь сайн хийгдээгүйгээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудаас дэмжлэг авах боломжгүй төсөл учраас хотын гишүүдийн лобби үр дүнд хүрэлгүй, төслийг түр хойшлуулаад байна. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд ийнхүү нэгдэж лобби хийсэн нь орон нутгаас сонгогдсон гишүүдэд сэдэл өгсөн бололтой. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд зөрүүлээд лобби бүлэг байгуулчихлаа. Удахгүй энэхүү лобби бүлгээ Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих түр хороо болгон УИХ-ын албаны бүтцэд оруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, малчид, тариаланчдад суурилсан шинэ хөдөөг анхан шатанд бий болгох, эрүүл хүнс үйлдвэрлэж, аж ахуйн тогтолцоог бий болгох зорилгоор лобби бүлэг байгуулан ажиллах  болсон. Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих үүднээс татвар санхүүгийн орчныг бий болгох, санхүүжилтыг нэмэгдүүлэх бодлогыг цаашид хэрэгжүүлнэ.

Жил бүр улсын төсөв батлах үеэр гишүүд хот, хөдөөгөөрөө ялгаран санал зөрөлддөг байдал хэдэн жилийн өмнө л байсан. Гурван парламентын өмнө УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Хөдөөнөөс сонгогдсон гишүүд төсөв хуваарилах болохоор л гэнэт санасан юм шиг орон нутгаа гэдэг байж болохгүй. Хөдөө орон нутагт орших суух албан ёсны хаягтай гишүүн нэг ч байхгүй” гэж байлаа. Ийнхүү хот, хөдөөгөө гэсэн талцал, маргаан эртнээс байсан ч өнөөдрийнх шиг албан ёсоор УИХ-ын бүтэцэд орж, түр хороо болон талцаж байгаагүй юм. Энэ бол тогтолцоогоо өөрчилж, улсаа гэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна. Бас Үндсэн хуульд өөрчлөл оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нэг шаардлага ч гэж хэлж болох юм.

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг сонгогчдоосоо асуулаа. Өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд төслөө боловсруулахаар төлөвлөөд байгааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Тодорхой төсөлгүй байгаа ч УИХ-ын гишүүдийн тоог нэмж, талыг нь тойргоос, талыг нь жагсаалтаар сонгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд жалга довоор нь хуваасан жижиг тойргуудаас УИХ-ын гишүүдийг сонгох нь буруу гэдгийг хангалттай мэдэрсэн. Төсвийн мөнгө 76 жижиг цоргоор үр ашиггүй урсаж, Монгол Улсад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл илүү ашигтай вэ гэсэн бодлого, асуудлыг эрэмбэ дараа алдагдсан байдалтай явж ирлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг тойргоос бус жагсаалтаар сонгох нь чухал юм. Мөн нэг улс-нэг тойрог гэсэн тогтолцоогоор сонгууль зохион байгуулж болно гэдгийг ч зарим улстөрч хэлдэг. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай хэмээн ярьж буй энэ цаг үетэй зэрэгцэн УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө талцаж байгаа нь сайн хэрэг. Ингэж талцах нь буруу учраас Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд үүнийг хязгаарласан зохицуулалт оруулах ёстой. Ингэхгүй бол “Миний Монгол” гэсэн итгэл, сэтгэлээр зүтгэх төрийн түшээ олдохгүй, дахин сонгогдохын төлөө “Миний нийслэл”, “Миний хөдөө” хэмээн зүтгэсээр л байх нь.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл