Сүхбаатарт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд авто зам тавина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулав. Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ирж, Сүхбаатарчуудын олон жилийн мөрөөдөл болсон Бичигт боомтыг төмөр замаар холбож, далайд гарах гарц нээх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.   

Сүхбаатарын аймгийн иргэд Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8.9 хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61.9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Засгийн газар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орон нутагт ажиллаж, амьдрах санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутагт нэн тэргүүнд нэмэх, ажиллаж, амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах бодлого барьж байгааг Ерөнхий сайд танилцууллааэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)