Чингис хот-Дадал чиглэлийн 50 км замыг ашиглалтад орууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд өчигдөр Хэнтий аймагт ажиллаа. Энэ үеэр  Чингис хот-Дадал чиглэлийн 50 км авто замыг ашиглалтад орууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн салбарын чиглэлээр томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн хатуу хучилттай авто зам барих зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөн, суурин газруудыг хилийн боомттой үе шаттайгаар холбохоор  төлөвлөн, зарим төслүүдийг эхлүүлээд байна. Тэдгээрийн нэг нь бидний нээж байгаа Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам. Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Шуурхай ажиллаж, чанарын гүйцэтгэл өндөр хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байгаа “Наранбулаг-хан” ХХК-ийн удирдлагууд, нийт замчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэлээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар холбохоор ажиллаж байна. Чингис хот-Дадал чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замыг “Наранбулаг-хан” ХХК гүйцэтгэж, 2019 онд хүлээлгэн өгсөн. Энэхүү замын үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замыг ч тус компани барьж гүйцэтгэн ашиглалтад оруулж, ингэснээр Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв, Улаанбаатар хоттой холбогдлоо. Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул гадаад, дотоодын аялал, жуулчлалын бүс болж хөгжих бүрэн боломжтой. Үүнд дэд бүтцийн хөгжил хамгийн чухал. Зүүн аймгууд руу чиглэсэн дэд бүтцийн хөгжил нь энэхүү зам болж байна. Хоёрдугаарт, Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа манай улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих,  нутгийн иргэд, аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно. Мөн  авто замаар даац хэтрүүлэн зорчихгүй байлгаж, тогтмол хяналт тавихыг орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан. Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгод үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж  тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлж буй авто замчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна” гэв.

Тус авто замыг цаашдаа Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдох ажээ. Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 70 км eagle ээ мэдээгээ ядаж зөв бэлтгэж бай

    0 0 Хариу бичих
  2. Бэрх гэж мэддэггүй байлаа ер.сайдын ачаар бүүр аймар мэдлэгтэй болж бдг шүү хаахахаха

    0 0 Хариу бичих