Үе үеийн УИХ-ын дарга нар уулзжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн УИХ-ын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдсан. Тус клуб өнөөдөр ээлжит уулзалтаа хийсэн байна. Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (УБХ-ын дарга 1990-1992 он, УИХ-ын дарга 1996-2000 он), Н.Багабанди (УИХ-ын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (УИХ-ын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (УИХ-ын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (УИХ-ын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (УИХ-ын дарга 2008-2012 он), З.Энхболд (УИХ-ын дарга 2012-2016 он), М.Энхболд (УИХ-ын дарга 2016-2019 он) нар оролцжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцсон байна.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)