АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенд мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ АНУ-ын зүгээс Монголын ард түмэнд цар тахлын хүнд хэцүү үед вакцин болон бусад эд материалын туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, 2022 онд Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай хамтын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ Монгол Улс АНУ-ын Стратегийн түнш байдгаараа бахархдаг бөгөөд 2022 онд Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, АНУ-ын зүгээс КОВИД-19 цар тахлын эсрэг 1 сая орчим тун хүүхдийн Файзер вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хандивлахаар болсонд талархал илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)