2015 оноос хойш Яармагийн замд 56 хүн авто ослын улмаас амиа алджээ

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил яявагдаж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замд тавьж буй явган хүний нүхэн гарц барих ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж хэсэг юм байна. Тус бүсэд  сүүлийн таван жилд авто замын осол аваар олонтаа гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Яармагийн зам ашиглалтад орсон 2015 оноос хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Тус замд осол аваар гурван байршилд давтагдаж буйн нэг нь нүхэн гарц байгуулж буй хэсэг аж.

Нүхэн гарч барих ажлыг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Туулын гүүр далай” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун "Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-нээс эхэлсэн. Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс бид хоёр ээлжээр, амралтгүй ажиллаж байгаа. 10 гаруй техник, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид түлхүүр гардуулах нөхцөлөөр энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Нүхэн гарцны ажлыг хавар эрт эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс дөрөв, тавдугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долоодугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон. Замыг наймдугаар сарын 21-ний 00.00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орох юм. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий"  гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)