Эхлэхээсээ өмнө дэлхийг гайхшруулж буй “Катар 2022”

Хөлбөмбөгийн холбоо энэ жил анх удаа ДАШТ-ээ өвөл тэмдэглэж үзнэ. Зохон байгуулж байгаа улсынхаа онцлогоос болоод энэ удаагийн ДАШТ өнгөрсөн хугацаанд олон ч удаа дэлхий нийтийн анхааралд орж, сайн муугаар хэлүүлж буй. Тодруулбал, зохион байгуулах эрх авснаасаа эхлээд хууль, шүүх, цагдаа сэргийлэхтэй холбогдож яваа. Санал хураалтад орсон улсуудыг авлигадсан асуудлыг цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын талбай дээр хэдэн мянгаар тоологдох ажилчин нас барсан хэргийн мөрдөн шалгалт залгаж, одоо ч үргэлжилсээр буй. Тэгвэл бүтээн байгуулалт дуусаж “хөшгөө нээсэн” ч хуулийнхантай зууралдсаар байх магадлал өндөр болов. Зохион байгуулах хороо уржигдар тэмцээний үеэр тохиолдлын бэлгийн харилцаанд орохыг хориглох, зөрчсөн тохиолдолд хуулиар цээрлүүлнэ гэж зарласан нь ДАШТ-ийг дэргэдээс нь үзэхээр төлөвлөж буй хөлбөмбөгийн хорхойтнуудад “гэнэтийн бэлэг” болоод байна.

Асуудал, асуудал, асуудал...

Катарын эрх баригчид ДАШТ зохион байгуулснаар сая гаруй жуулчин хүлээн авч, 17 тэрбум ам.долларын орлого олно гэж найдаж буй. Гэвч хүссэн хэмжээний жуулчин ирэхгүй байх вий гэсэн болгоомжлол байсаар байна. Анх удаа өвөл, исламын шашинтай улс оронд болж байгаа гэдгээрээ сонирхол татах ч очихгүй байх шалтгаанууд бас байгаа юм.  Шалтгаануудыг тоочвол,

Цаг хугацааны хувьд тохиромжгүй: Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, тэр дундаа хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивийн улсын иргэд ээлжийн амралтаа зун эдэлдэг. Гэтэл тэмцээн өвөл болж, Зул сарын баярын өмнөхөн л дуусна. Европчуудын хувьд Зул сарын баярын өмнөх өдрүүд ид ажлын үе, дээр нь нэмээд баярт бэлдэх, бэлэг цуглуулах гэх мэт нэмэлт ачаалалтай байдаг.  

Хүний эрхийн зөрчилтэй холбоотой хясан боолт: Спортын том тэмцээн, наадам нь зохион байгуулагчдаас санхүүгийн эх үүсвэрээс гадна асар их хөдөлмөр, мэдлэг чадвар, туршлага шаардагддаг. Хүн төрөлхтний их баяр цэнгэл гэгдэх олимп, хөлбөмбөгийн ДАШТ мөнгөнөөс гадна асар олон хүний үнэгүйдсэн хөдөлмөр, хөлс хүч, амь насан дээр “босч” ирдгийг спорт сонирхогчид төдийлөн анзаардаггүй. “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ ч ялгаагүй. Гэхдээ их гэхэд арай дэндүү их ажилчин барилгын талбай дээр амиа алдсан нь “Катар 2022”-ыг бусдаас онцгойруулж буй. Дэлхийн хамгийн баян улсуудын нэг байтлаа бүтээн байгуулалтад зүтгэж буй ажилчдын ажиллаж амьдрах нөхцөл маш хүнд, хөдөлмөрийн үнэлгээ дорой, амь насыг үнэгүйдүүлсэн зэрэг нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж буй. Барууны хэвлэл мэдээлэл ч үүнд хувь нэмрээ оруулсан. Зарим нэг улс ч хүний эрх зөрчигдсөн кэйсүүдийг цуглуулж, ДАШТ-ийг хясан боохыг бусад улсуудаас шаардсан. Хясан боолтод уриалсан Норвег улс өөрсдөө ДАШТ-д оролцохгүй гэж мэдэгдсэн. Хөлбөмбөгийн холбоо нь удаан бодсны эцэст ДАШТ-ийг хясан боохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн боловч сонгон шалгаруулах тэмцээнд багаа оролцуулаагүй. Тус улсын хөлбөмбөгийн холбоо Катараас гадна ОУХХ-г үл тэвчих зүйлсийг “нүдээ аньж” өнгөрүүлж байна хэмээн буруутгасаар байгаа юм.

Германы шигшээ баг тэмцээнд оролцох ч хөгжөөн дэмжигчдийн үлэмж хэсэг Катар руу явахгүй нь тодорхой. Учир нь, Германы хөлбөмбөгийн дэмжигчдийн нэгдэл өөрсдөө ДАШТ-ийг үзэхгүй гээд шигшээ багаа ч “Катар 2022” ДАШТ-д оролцуулахгүй байхыг холбооноосоо шаардаж байсан юм. 2021 оны дөрөвдүгээр сард хүргүүлсэн тэр шаардлагад “ДАШТ-ий бүтээн байгуулалтад зүтгэж байгаа ажилчид хүнд, аюултай нөхцөлд, ямар ч эрхгүй ажиллаж, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр эх орондоо буцах ч эрхгүй байна. Энэ тухай бид өчигдөр мэдээгүй. Аль зургаан жилийн өмнөөс л ярьж, нөхцөл байдлыг нь сануулсаар ирсэн. Гэвч засах талаар ямар ч ажил хийгээгүй нь нас барсан хүний тоо нэмэгдсэнээс харагдана. Өнгөрсөн хоёрдугар сарын дундуур гаргасан тайлангаар ДАШТ-ийн барилга дээр 6700 хүн нас баржээ. Катар эрх авч, бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш тооцоход долоон цаг тутамд нэг энэтхэг, пакистан, бангладеш ажилчин амиа алдсан байна. Хөлбөмбөг сонирхогчид одоо ДАШТ-ий шигшээ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байгааг бид сайн ойлгож байна. Түүнчлэн хөлбөмбөгчдийн хувьд энэ тэмцээн замналынх нь хамгийн чухал гэдгийг ч мэдэж байна. Бид бол хөлбөмбөгийн дэмжигчид, энэ спортод хайртай хүмүүс. Гэхдээ энд амиа алдсан хүмүүсийг бодоход энэ тэмцээнийг зайлшгүй хясан боох ёстой. Анхан шатанд нь ч тоглож болохгүй” гэж бичжээ. Жилийн өмнө ийм аймшигтай байсан статистик одоо нэмэгдсэн нь тодорхой.

Хэтэрхий хатуу чанд дүрэм журам: Хөгжөөн дэмжигчид тэмцээний үеэр мөрдөх хэтэрхий чанга хатуу дүрэм журмаас айж байна. Хөлбөмбөгийн ДАШТ гэдэг бол хөгжөөн дэмжигчдийн хувьд тэмцээнээс гадна зугаа цэнгээн, үдэшлэг, романтик болзоо, бас... биеэ үнэлэлт, бэлгийн харилцаа байдаг. Гэтэл энэ бүхнийг хориглож байгаа. Катар бол алкогольтой ундааг хатуу хориглодог улс. Архи, шар айраг зардаг зочид буудлууд бий ч хэтэрхий үнэтэй, бас хүрэлцээгүй.

Гэр бүлийн хувьд ч хатуу чанга хуультай бөгөөд гэр бүлээс гадуурх харилцааг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хатуу чанга шийтгэдэг. Тодруулбал, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн этгээдэд долоон жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна. Британийн “Daily Star” сонины олж мэдсэнээр, ДАШТ үзэхээр очсон хөгжөөн дэмжигчдэд энэ хууль мөн үйлчлэх гэнэ. ОУХХ-ны өндөр тушаалын эх сурвалжаас энэ талаар олж мэдсэн бөгөөд Британийн Цагдаагийн газраас ДАШТ үзэх иргэдэдээ зориулсан анхааруулга гаргасан гэнэ. Зохион байгуулах хорооны дарга Нассер Аль Хатер мөн хууль дүрэм бүгдэд хамаатай гэж баталжээ. Сонины редакц аргаа бараад Катарын Цагдаагийн байгууллагатай холбогдоход ДАШТ-тай холбоотойгоор гаднын хөгжөөн дэмжигчдэд хөнгөлөлт үзүүлэх талаар ямар ч удирдамж байхгүй гэсэн байна. 

Хэрвээ энэ чигээрээ байсаар гадныханыг тусгайлж авч үзэхгүй гэвэл нэгдүгээрт, хөгжөөн дэмжигчид очихгүй, хоёрдугаарт, очсон хөгжөөн дэмжигчид хууль зөрчиж улс хоорондын маргаан дэгдэх эрсдэлтэй байгаа аж.     

Зочид буудал хүрэлцээгүй: Дээр дурдсан шалтгаануудаас гадна яагаад ч шийдэж чадахааргүй нэг том асуудал байгаа нь зочид буудлын хүрэлцээгүй байдал юм. Зөвхөн хүрэлцээгүй байдал ч биш, амьжиргааны өндөр өртөг нь жуулчдын хувьд хүнд сорилт болох нь. АНЭ-ын Дубай хотод ажиллаж амьдардаг нэгэн англи хүний ярьснаар, Дубайгаас Катар руу нисэхэд 1000 ам.доллар, очоод зочид буудлын үнэ маш өндөр. MSC хэмээх зочид буудалд байрлавал арай хямд ч нэг хүн хоногийн 347 ам.доллар төлөх хэрэгтэй болно. “Сувдан өргөн чөлөө” гэх гудамжинд хоногийн 147 ам.долларын өрөөнүүд байдаг ч эзэд нь “ДАШТ-ий үеэр хоногийн 1600 ам.доллараар түрээслүүлнэ” гэсэн зар тавьж байгаа аж. “Би “ОХУ 2018” ДАШТ-ий шөвгийн найм, хагас шигшээ тоглолтын завсраар Москвад очсон. Орон сууц ч ядах юмгүй олж, тоглолтоо сэтгэл хангалуун үзчихээд буцсан. Гэтэл одоо надад тасалбар байгаа мөртлөө Катар явах эсэхээ шийдэж чадахгүй байна” гэж хөгжөөн дэмжигч ярьжээ.  

Зохион байгуулагчдын зүгээс аргагүйдээд ердийн майхан бариад түүнийгээ “Талд хонох гайхалтай боломж” гэх зэргээр сурталчлахаар төлөвлөсөн ч арай хэтэрхий буюу нэг шөнийн 200 ам.долларын үнэтэй байгаа нь жуулчдыг айлгаж байна.

Айсуй “Катар 2022” ДАШТ иймэрхүү сонин сайхантайгаар дөтөлж явна. Тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ийм тэнэг улс яаж яваад ийм баян болчихдог байнаа?

    0 0 Хариу бичих
    • Uhjiisen nuuree nuusan lalaruud

      0 0