Шигүү зайд “чихэлдэх” багачууд өвлийг өвчингүй давж чадах уу?

Цэцэрлэгт элсэж, суралцах хүсэлт иргүүлсэн сурагчдын дунд сугалаа явуулж, “аз дийлсэн” нь элсдэг алагч зарчим нийслэлд бүр нутагшсан байлаа. Харин энэ жилээс суралцах хүсэлтэй хүүхэд бүрийг элсүүлж эхэлсэн юм. Улмаар нийслэлийн хэмжээнд 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байгаа талаар холбогдох албаныхан мэдээлээд буй. 

Тус шийдвэр цэцэрлэгийн насны эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ хүмүүжил, боловсрол олгож, өөрсдөө ажиллаж, амьдралын чанараа ахиулах том боломж. Тиймдээ тэдэнд ч анги дүүргэлт, багш нарын чадамж, барилга байгууламжийн багтаамж, стандарт зэргийг ажирч, анирдах сөхөө байсангүй. Гэвч үүний уршгаар хичээлдээ яваад долоо хоноогүй алаг үрс эхнээсээ өвдөж, эмнэлгийн бараа харалгүй борнисон багачууд эм, тариагаар угжуулж эхэллээ. Хүүхдүүд ийн олноороо өвчилж эхэлсэн нь тэдний дархлаа, вирус хүлээж авах чадвар зэрэгтэй огт хамааралгүй юм. Харин давчуу орон зайд хэт олон хүүхэд суралцуулж, агааргүй, аагим орчинд багачуудыг хашсантай л холбоотой. Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийг зорилоо.  

Биднийг очих үе цэцэрлэгийн тарах цагтай давхацсан учир дөрвөн давхар, умгар барилгын үүдэнд хөл гишгэх зайгүй шахам байв. Үүдэнд холхих багачуудын хацар улаа бутарсан харагдана. Бүгчим орчимд өдрийн турш “тушуулсан” тэд хаалгаар гарч, агаар амьсгалахыг юу юунаас илүү чухалчилж буй нь анзаарагдаж байлаа. Цэцэрлэг рүү ороход жижүүр, манаачаас эхлээд хүн бүхэн ачаалал ихтэй ажиллаж байв. 

256 дугаар цэцэрлэг өнгөрсөн жил хоёр салбартай үйл ажиллагаа явуулж байжээ. Харин энэ жил нэг салбар шинээр ашиглалтад орохоор зэхэж буйг багш, ажилчид хуучиллаа. Анги дүүргэлт, ачааллын талаар асуухад тэдний олонх нь халаглах бөгөөд нэг ангид дунджаар 50-60 хүүхэд суралцаж буй аж. Тухайлбал, бага буюу хоёр настнуудын анги 63 хүүхэдтэй хичээллэж байгаа бол ахлах ангийн тухайд 56 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. 50-60 хүүхэдтэй туслах болон үндсэн багш өдрийн турш “үзэж тарна” гэдэг амаргүй болохыг багш нар учирлаж байлаа. Энэ талаар тус цэцэрлэгийн багш бидэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Өнгөрсөн жил манай анги 38 хүүхэдтэй байсан. Харин энэ жил 56 хүүхэдтэй байна. Уг нь нэг хүүхдэд оногдох метрквадратын хэмжээг 4 гэж заасан байдаг. Гэвч манай цэцэрлэг тэр хэмжээг 1.5-д барьж ирсэн. Харин энэ жил бараг л бөгс эргэх зайгүй шахам байна. Хүүхдүүд унтаж хэвтэхэд ч бэрх. Цэцэрлэгийн үүдний буюу хувцас солих өрөөнд хүүхдүүдийн тэмдэг бүхий шкаб, өлгүүр бий. Өнгөрсөн жил нэг хүүхдэд нэг хэрэгсэл оногддог байсан бол одоо нэг шүүгээнд 2-3 хүүхдийн хувцас агуулж байна. Эндээс л цэцэрлэгийн багтаамж ямар түвшинд байгааг харж болно. Багшийн ачааллын тухай ярих ч юм биш. Гэхдээ багш, ажилчид ачаалал их байна гэж гомдоллоогүй. Хамгийн гол энэ байдал нь хүүхдүүдийн эрүүл мэндэд халтай байгаад сэтгэл эмзэглэж байна” гэсэн юм.

Хэтэрхий олон хүүхэд нэг дор суралцаж байгаа нь учир дутагдалтай болохыг эцэг, эхчүүд ч хэлж байв. Тэдний олонх нь “Хүүхдүүд цэцэрлэгээс ирэхээрээ ам нь цангасан, өлссөн ирдэг. Хацар, ам нь халуу дүүгчихсэн байдаг. Багш нарт нь хүүхэд бүхэнд анхаарах сөхөө алга” гэх нийтлэг бэрхшээл хэлж байсан юм.

Тэдний төлөөлөл болох БЗД-ийн оршин суугч Ц.Отгонхишигийг ярьсныг хүргэ. “Манай хүүхэд цэцэрлэгийн ахлах ангийн сурагч. Өнгөрсөн хавар цэцэрлэгт элссэн. Хаврын тухайд, хүүхэд цөөтэй, сургалт чанартай, сайхан байсан. Гэвч энэ намар байдал эрс хувирсан байна. Манай хүүхдийн ангид 50 гаруй хүүхэд суралцаж байгаа. Хэтэрхий олон хүүхэд, жижиг зайд байгаа учир ханиад амархан хүрч байна. Манай охин гурав хоног яваад л нус нь гоожоод, найтаалгаад ирлээ. Энэ янзаараа өвөл хүүхдийн өвчлөл гаарах байх. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч мэдэхээр л санагдлаа” гэсэн юм. 

Дээр дурдсан бэрхшээл бол нэг цэцэрлэг, нэг хэсэг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчийн асуудал биш юм. Нийтлэг жишиг. Нийслэлийн дийлэнх цэцэрлэг ачаалал ихтэй, анги дүүргэлт хэтэрсэн байна. Гэвч холбогдох албаныхан “хөрснөөс хөндий” зүйл ярьсаар байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хаалттай хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхдийн асуудлыг шийдсэн. Амьдрал баян учраас бүртгэлээс шалтгаалсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Цаана нь ашиглаагүй 19 мянган хүүхдийн цэцэрлэгийн суудал бэлэн байна. Манайхан юмыг харлуулах дуртай учир нэг ангид 50-60 хүүхэд чихээд байна гэж яриад байна. Хэрэв нэг ангид 50-60 хүүхэд явж байгаа цэцэрлэг байвал 11-11 төв рүү мэдээлэх хэрэгтэй. Үүнийг бид шалгуулна.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар: Бүлэг дүүргэлт хэд байх боломжтой болохыг манай дүрэмд заасан байдаг. Улмаар цэцэрлэгийн нэг бүлэгт 40 хүүхэд бүртгэх байдлаар зохицуулалт хийж байна. Нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байгаа тохиолдолд хоёр, гуравдугаар шатны бүртгэлийн үеэр залруулна. 

Дурын нэг цэцэрлэгийн үүдээр шагайх төдийд л ачаалал хэр хэмжээнд нэмэгдэж, асуудал ямар түвшинд хүрснийг харж болохоор байна. Гэвч албаныхан анги дүүргэлт 40-өөс хэтэрсэн цэцэрлэг өдрийн од, нүдний гэм шиг байгаа мэт ярьж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж байна. Цоожтой хаалганы цаана, цэцэрлэггүй хоцордог байсан багачууд албатай, анд нөхөдтэй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ асуудлыг оновчтой шийдвэрлэж, анги дүүргэлтэд анхаарахгүй бол халдварт өвчин, ханиад томууны улирлыг амар давахгүй нь гарцаагүй.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Таны файлыг банкууд хүлээж авахаас татгалзсан уу? Бидэнтэй холбогдож асуудлаа шийдээрэй, бид нэн ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан ENTRAIDE FINANCE байгууллагыг төлөөлж байна. Холбоо барих: Whatsapp: 0017724800334 эсвэл +17724800334 [email protected]

    0 0 Хариу бичих