Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

Өнөөдөр Токио хот дахь Японы Ерөнхий сайдын ордны гадна 70 орчим насны эр өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Тэрээр Ерөнхий сайд агсан Шинзо Абэг оршуулах төрийн ёслолыг эсэргүүцэж ийм үйлдэл гаргасан хэмээн тайлбарлажээ. Цагдаа нар галыг шуурхай унтраан эрэгтэйг эмнэлэгт хүргэсан байна.

Энэ оны долоодугаар сарын 8-нд сонгогчидтойгоо уулзаж байх үедээ буудуулж амиа алдсан Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг төрийн хэмжээнд оршуулах ёслол энэ сарын 27-нд болно. Оршуулах ёслолд гадны орнуудын төр, засгийн тэргүүнүүд, ихэс дээдэс, нэр хүнд бүхий олон зуун хүн оролцоно.

Японы иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх нь оршуулах ёслолыг өндөр зардлаар төрийн хэмжээнд явуулахыг эсэргүүцжээ. Японы засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд хашсан Шинзо Абэг оршуулах ёслолд 1.65 тэрбум иен буюу ойролцоогоор 11.4 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)