"Архангай, Сэлэнгэ, Төв аймаг отор нүүдэл хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн"

Зарим аймагт зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар ХХААХҮЯ-ын Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.

Зуншлага тааруу байсан аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Эрсдэлийг бууруулахын тулд яамнаас арга хэмжээ авч байна вэ?

-Энэ жил 10 аймгийн 30 орчим суманд зун ган болсон учраас өвөл зуд болох эрсдэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Мөн энэ талаарх Ерөнхий сайдын албан даалгавар ч гарсан. Эдгээр тогтоол шийдвэрийг үндэслээд манай яамны дэргэд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулагдаад байна. Хүнсний газар, мал эмнэлэг, удмын сан, хөдөө аж ахуйн бирж гээд бүх талын төлөөлөл оролцсон баг бүрдсэн. Өвөлжилт, хаваржилтыг даван туулахтай холбоотой гаргасан энэхүү шийдвэр, тогтоолыг аймгуудад хүргүүлээд өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 33 хувьтай байна.

Зарим аймаг энэ өвөл отор нүүдэл хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ жил отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Аймаг дундын есөн отрын бүс нутаг байдаг. Энэ жил отрын бүсэд 870 мянган мал хүлээж авах боломжтой байна. Одоогийн байдлаар аймаг дундын отрын бүсэд хоёр сая гаруй мал оторлох захиалга ирсэн. 10 дугаар сарын 15 гэхэд аль отрын бүсэд хичнээн мал өвөлжих вэ гэдэг шийдвэр гардаг. Хамгийн их даацтай отрын бүс нь Хэрлэнбаян-Улаан 350 мянга орчим мал хүлээн авах бэлчээрийн даацтай байгаа юм. Харин хамгийн бага нь Ховдын Дарви сумын нутагт 3000 орчим мал хүлээн авах боломжтой байна. Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн Засаг даргын өөрийн нутагтаа отор нүүдэл хүлээж авахгүй гэдэг захирамж гаргасан. Хөдөө аж ахуйн яам долоо хоног бүрийн тав дахь өдөр 21 аймгийн ХАА-н газар, мал эмнэлгийн газартай цахим хурал хийж байгаа. Өвөлжилт хаваржилтыг даван туулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хадлан тэжээл авах боломжгүй говийн аймгууд хадлан тэжээлийн нөөцтэй аймгуудад захиалгаа өгөх чиглэл өгч байгаа. Шилжилт хөдөлгөөн яаж хийх талаар бэлтгэл хангаж байна.

Энэ онд 24 сая төл хүлээн авсан. Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас аймгууд, малчид мал, махаа боловсруулах хүсэлтэй байдаг. Энэ хүсэлтийг хүлээж авах, ажил хэрэг болгох боломж хэр байгаа вэ?

-2022 онд ойрын таван жил байгаагүй олон сая төл хүлээж авлаа. Ойрын онд тоолуулаагүй олон мал тоолууллаа. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлийг зуд болж болзошгүй аймгуудад өгсөн. Зарим аймгуудад зуншлага муутай байсан учраас малын тарга тэвээрэг муу, худалдан авалт сайнгүй байна гэж ярьж байгаа. Урьдчилсан тооцооллоор 5.5 сая малыг дотоодын хэрэгцээнд, 12.8 орчим сая малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой. Экспорт нэмэгдээд ирэхээр энэ тоо өөрчлөгдөх байх. Засгийн газраас боловсруулсан махны экспортыг дэмжиж байгаа.

Хадлан тэжээлийн гарц, бэлтгэл ажлын талаар тодруулбал?

-Жил бүр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудаас бусад аймгууд хадлан бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Төв аймаг өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлээд байна. Улсын хэмжээнд 33 хувьтай байна. Энэ жил өвс, тэжээлийн үнэ өмнө жилийнхтэй ойролцоо буюу 4500-5000 төгрөг байна. Зах зээлээ дагаад үнэ хэлбэлздэг. Үнийн зохицуулалтыг төр хийх боломжгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)