Автомашингүй өдрөөр спортын олон арга хэмжээ зохион байгуулна

Автомашингүй өдрөөр зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө" Автомашингүй өдрийг энэ ням гаригт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн тухайд "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор зохион байгуулах юм. Тус өдрөөр спортын олон арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд, дугуйн тэмцээн болно. Мөн энэ жил МУИС-ийн 80 жилийн ой тохиож байгаа тул тус өдөр олон нийтийг хамруулсан марафон зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бямбадорж "Автомашингүй өдрөөр дэлхийн улс орнууд иргэдээ агаарын бохирдол болон хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийг уриалдаг. 2019 онд хийгдсэн судалгаагаар 15-69 насны иргэдийн 65 хувь нь илүүдэл жинтэй байна гэж гарсан. Үүнээс 49.4% нь илүүдэл жинтэй, 18.5% нь хэт таргалалттай байна. Таргалалтыг биеийн жингийн индексийн үзүүлэлтээр гаргадаг. Биеийн жингийн индексийг өндрийг квадратад хуваасан тоогоор гаргана. Биеийн жингийн индекс 18-25 хэвийн, 25-29 илүүдэл жинтэй, 30-аас дээш тоон үзүүлэлт гарвал таргалалттай байна гэж үздэг. Тус судалгаан дээр хот сууринд амьдардаг иргэдийн таргалалт хөдөө орон нутгийн иргэдээс илүү өндөр байна. Иймд илүүдэл жингээс сэргийлэх гол арга бол дасгал хөдөлгөөн хийх. Хүн өдөрт 10,000 алхам хийх нь эрүүл мэндэд тустай байдаг " гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)