ДЭМБ: 2040 он гэхэд Монгол Улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдэнэ

ДЭМБ-аас гаргасан таамагласнаар 2040 он гэхэд манай улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ. Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог харвал 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний таван байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5 хувь, улаан хоолой 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа ба нийт 67.2 хувийг дээрх хорт хавдрууд эзэлж байна. Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт 55, нийслэлд 136 хавдрын ор ашиглаж байгаа бөгөөд хавдрын нарийн мэргэжлийн эмч орон нутагт 35 эмч, нийслэлд 48 эмч байна.

60 гаруй төрлийн химийн эм, найман төрлийн бай эмчилгээг хийж байна

Дэлхийн улс орны химийн эмчилгээнд 300 гаруй нэр төрлийн бай болон хосолсон эмчилгээг хэрэглэж байгаа ба манай улсад 60 гаруй төрлийн химийн эм, найман төрлийн бай эмчилгээг хийж байна. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хорт хавдрын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгож тушаалыг өөрчилснөөр хими эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулан, мэргэжлийн эмчтэй аль ч эмнэлэгт хийх боломжийг олгосноороо давуу талтай болгосон.

2021 онд ЭМДС-гаас 79.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хавдрын тусламж, үйлчилгээнд зарцуулжээ

2021 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 79.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ. 2021 онд хавдрын хими эмчилгээг 7000 тохиолдолд, бай эмчилгээ 2459, 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 2900 хими эмчилгээний тохиолдол, 1938 бай эмчилгээг хийсэн байна. 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд  мэс заслын эмчилгээг амжилттай  хийсэн байна. Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байна.

61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлээд байна. 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 320795 хүн хамрагдсанаас 142465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүдэд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5 хувь, хөхний өмөн 19.2 хувь, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15.4 хувийг эзэлж байна. 46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9 хувь, ходоодны өмөн 26.5 хувь, хөхний өмөн 8.8 хувийг эзэлж байна. Харин 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38.0 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлж байна. Дээрх тохиолдлын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гэвч хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байна.

Хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, Улаанбаатар хот ба орон нутагт  төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгожээ

Иймд хавдарын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулж байна. Үүнд:

  1. 400.0 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
  2. 34 саяын үнэ бүхийэхоны аппарат,
  3. 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
  4. 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
  5. 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микрескоп
  6. 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскопи
  7. 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж өчигдрөөс  Улаанбаатар хотод ба орон нутагт  төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр боллоо. Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний  хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)