Цагааны сүүдэр

-Цагаан арьстай болох хүсэл нийгмийн сэтгэхүйтэй холбоотой-

Өнөө цагт цагаан арьс, цайвар шингэн царайг гоо сайхны дээд хэмжүүрээр тогтоосон улс үндэстэн байхгүй гэдэг ч цагаан арьс нь дээд гарлыг, харин бор, бараан зүс нийгмийн доод давхрагыг илтгэдэг гэсэн хэвшмэл ойлголт амь бөхтэй оршсоор л байгаа билээ. Чухам үүнийг ашиглаж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид арьс цайруулах бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж асар их ашиг олдог юм.

Арьс цайруулах, цагааруулах, гэрэлтүүлэх зэрэг олон нэршилтэй энэ төрлийн бизнес Ази Номхон далайн орнуудад хамгийн ашигтай нь.

Соёл иргэншлүүдийн түүхэнд цайвар арьсыг эртнээс гоо үзэсгэлэнтэйд тооцож, цаашлаад энэ нь  ажил, гэрлэлт, нийгэмд эзлэх байр суурьд амжилт дагуулах ирээдүйтэй гэж үзсээр иржээ. Энэ үзэлд колончлол, боолчлол хамгийн ихээр нөлөөлсөн нь лавтай. Учир нь боолчлолын үед өнгөт арьстнуудыг гадаа нар, салхинд биеийн хүчний хүнд ажил хийлгэж, харин баян чинээлэг цагаан арьстнууд дотор ажилладаг гэсэн ойлголтыг бий болгожээ.

Японы соёлд ч гэсэн VIII зууны үеэс цагаан арьсыг үзэсгэлэнтэйд тооцож язгууртнууд нь цайруулах бүтээгдэхүүнийг гоо сайхандаа ихээр хэрэглэдэг байсан гэдэг. Арьсаа цайруулж, зүсээ гоодох өнө эртний хүсэл эмэгтэйчүүдийг өдөр тутамдаа химийн бэлдмэл хэрэглэх дадал зуршилд хөтөлсөн. Бүр сэргэн мандалтын үед европ эмэгтэйчүүд арьсаа цайвар болгохын тулд аюултай аргууд хэрэглэж,  байсны нэг нь нүүрэндээ мөнгөн ус түрхэх явдал байв.

Арьс цайруулах бүтээгдэхүүний ашиг орлого

Дэлхийн гоо сайхны зах зээл 2020 онд зөвхөн цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээс 8.6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Жилээс жилд цэцэглэн хөгжиж буй энэ зах зээл 2027 онд 12.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Цайруулах бүтээгдэхүүний зах зээлийн 54.3 хувь нь Ази Номхон далайн бүсэд ногддог бол дэлхийн хэмжээнд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.

Азид борлуулагдаж байгаа цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүний 40 хувь нь өмнөд хөршид үйлдвэрлэгддэг бөгөөд хятад эмэгтэйчүүдийн 40 хувь нь цайруулах бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн судалгаа бий.  Хятадын зарим бүтээгдэхүүн мөнгөн ус агуулдаг учир АНУ-д Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон.

Харин Энэтхэгт явуулсан судалгаанд хамрагдагсдын 54 хувь нь цайруулах бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэж хариулжээ. Тэгвэл Африкийн дөрвөн орныг авч үзэхэд энэ тоо Нигерид 75 хувь, Сенегалд 60 хувь, Малид 50 хувь, Ганад 30 хувьтай гарчээ.

“Цасан гоо” болоход золиос хэрэгтэй

Цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь стеройд, гидрохинон цайруулагч, мөнгөн ус зэрэг нь эрүүл мэнд цаашлаад амь насанд ч хөнөөл учруулахаар химийн нэгдлүүдийг агуулах нь элбэг. Арьс цайруулах бүтээгдэхүүнд ордог найрлага нь элэг, бөөр гэмтээх, мэдрэлийн эмгэг үүсгэх, жирэмсэн эмэгтэйчүүдэд амьгүй ураг төрөх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулдаг юм. Цаашлаад удаан хугацааны хэрэглээ нь хорт хавдар үүсгэх шалтгаан болдог аж.

Цайруулах үйлчилгээтэй тос гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна лазерын эмчилгээ, стеройд коктейль, эм, судас тариа зэрэг өргөн дэлгэрсэн үйлчилгээнүүд нь бүгд өөр өөр үр дүнтэй ч тэр хэрээр эрүүл мэндэд эрсдэл дагуулна. Гоо сайхны эмнэлэгт хийгддэг арьс цайруулах эмчилгээ гэхэд л меланиныг саармагжуулан нөсөө толбыг бүдгэрүүлж, дахин нөсөө үүсэхээс сэргийлдэг ч арьсыг хэт эмзэгшүүлж гэмтээх нь их. Гэтэл бараан арьстай хүмүүс байгалиасаа меланин ихтэй тул арьсны хорт хавдар тусах эрсдэл бага гэж үздэг. Ийм байтал цайруулах тосоор меланин ялгаруулалтыг хүчээр зогсоох нь таагүй үр дүнд хүргэх магадлалтай.

Цаашлаад химийн аргаар гуужуулж цайруулах үйлчилгээ нь арьсны өнгөн давхаргыг хуулснаар нарны хортой цацраг болон орчны бохирдолд шинэ арьсыг ямар ч хамгаалалтгүй болгож хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Дархлаа дарангуйлж, дотор муухайрах, үс унах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг химийн эмчилгээний гаж нөлөөг арилгахад хэрэглэдэг глутатион /glutathione/-ыг сүүлийн үед арьс цайруулах гоо сайханд тарилга хэлбэрээр өргөнөөр хэрэглэх болсон нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож буй. Филиппинд глутатионыг арьс цайруулах зорилгоор эмчийн зааваргүйгээр судсаар тарих тохиолдол эрс нэмэгдсэн тул тус улсын Хүнс эмийн холбоо бүрэн хориглосон ч далд бизнес болон цэцэглэсээр байгаа юм.  

Глутатионтой эмчилгээ нь арьсны тууралтаар эхэлж, бамбай булчирхай, бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, цаашлаад амь насанд ч аюултай арьсны хүнд хэлбэрийн Стивен Жонсоны хам шинж (харшлын урвал бүхий олон хэлбэрийн цэврүүт тууралт болон арьс хуулрах хам шинж) үүсгэх сөрөг үр дагавар үзүүлж байгааг сануулахад гэмгүй.

Шошго солигдоход

Сүүлийн жилүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарах болсон. Идэвхтнүүд тэдний бүтээгдэхүүн нь цайвар арьсыг илүүд үзэх нийгмийн үзлийг улам өдөөдөг хэмээн буруутгадаг юм.

2020 онд АНУ-ын цагдаа нарт баривчлагдах үедээ амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор арьсны өнгөөр гадуурхахын эсрэг хөдөлгөөн дэлхийн олон оронд эрчээ авсан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд нийгмийн үүргээ ухамсарласан шийдвэрүүдийг гаргах боллоо. Тухайлбал Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L`Oreal” компани бүтээгдэхүүнийхээ тайлбарт “цагааруулах”, “цайруулах” зэрэг үгс хэрэглэхгүй байх шийдвэрийг тухайн онд гаргасан. “Unilever” компани ч гэсэн “L`Oreal”-тай адилхан шийдвэр гаргасан.

Мөн “Johnson&Johnson” цайруулах зорилгоор ашигладаг арьсны хар толбыг багасгах үйлчилгээтэй хоёр бүтээгдэхүүнээ цаашид худалдаанд гаргахгүй гэдгээ зарласан юм.

Японы томоохон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Shiseido” компанийн технологичид арьс гэрэлтүүлэх үйлчилгээтэй “White Lucent”  бүтээгдэхүүнийх нь талаарх эрэн сурвалжлах сэтгүүлчийн асуултад “Бид арьс цайруулах бүтээгдэхүүн худалдаалдаггүй, арьсаа цайруулахыг ч зөвлөдөггүй” гэсэн хариу өгч байв.

Африкийн зарим оронд ч гэсэн цайруулах тосыг хориглох шийдвэр гаргасан. 2018 онд нээлтээ хийсэн “Black Panther” кино амжилт олсон нь #melaninpoppin болон #blackgirlmagic гэсэн хаштагтайгаар өнгөт арьсыг дэмжих цахим хөдөлгөөн өрнүүлсэнтэй нь холбоотой.

Шар, бор гэлтгүй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд арьс цайруулахын сөрөг үр дагаврыг ойлгуулахад  чиглэсэн нийтийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж буй.

 

 

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)