Төрийн айлчлал, түймэр, түгжрэл давхцаж, төсөл хөтөлбөр зогссон ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.

Ерөхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ болон Япон улсад төрийн айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ болон Япон улсад төрийн айлчлал хийлээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн юм. 

Түүнчлэн сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.

Түүнчлэн Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай хэлэлцээ хийж, Японы парламентын хоёр танхимын тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, Япон Улсын Эзэн хаан Нарухитод бараалхав. Хоёр тал айлчлалын үр дүнгийн талаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирэх 10 жилийн замын зураглалыг тодорхойлж, харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой байсныг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлсэн.

Шинэ шатанд гэснийг тодруулбал, хоёр улс 1998 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсээр ирсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх шинэ шат руу ахилаа. Өөрөөр хэлбэл, Япон улс нь манай улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцаа бүхий анхны улс болж байна.  
Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд ойрын 10 жилийн хугацаанд хоёр тал 

  • Улс төр, аюулгүй байдал 
  • Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа
  • “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо 
  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо.

Дархан уул аймгийн шатахууны нөөц агуулахад гал гарч, гурван хүн осолдов

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, ээлж солилцож байсан гурван хүн амь эрсэдсэн байж болзошгүй талаар харамсалтай осол өнгөрөгч пүрэв гарагт гарлаа. Галыг унтраахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид болон Улаанбаатар, Эрдэнэт, Зүүнхараагаас нэмэлт хүч очиж ажилласан юм. Алба хаагчид найман цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраасан. 

Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн талаар Дархан-Уул аймгийн Онцгой комисс мэдээлсэн. Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан юм. Мөн Энэхүү савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан аж. 

Мөн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход 1 иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. 

Сэлбэ голын төсөлтэй холбоотой санхүүжилтийг эгүүлэн татав

Сэлбэ голын төсөлтэй холбоотойгоор нийслэлийн төсөвт 3.1 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл тус төслийг эгүүлэн татах шийдвэрийг холбогдох албаныхан гаргажээ. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэж үзжээ. Тиймээс НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон юм. 

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өгөхдөө "Сэлбэ гол төсөлд зарцуулагдахаар тусгагдаад байсан 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон. Ийн Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болсон учир төслийн нэгжийг татан буулгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлнэ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх боломжгүй.Энэ жилийн тухайд "Сэлбэ гол" төсөл хэрэгжихгүй болсон ч ирэх жилүүдэд хэрэгжих зайлшгүй шаардлагатай төсөл гэдгийг онцолмоор байна" гэсэн юм. 

Хүйтний эрч чангарч, нийтийн тээврийн хүртээмж "чамлагдав"

11 дүгээр сарын 28-нд агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн бөгөөд энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн хүйтэн шөнө байв. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байлаа. Үүний өмнөх өдөр буюу даваа гарагт цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллага цахимаар хичээллэсэн юм. Цаг агаар ийн хэт хүйтэрсэнтэй холбоотой бий болсон хүндрэлийн нэг нь нийтийн тээврийн хүртээмж юм. Жавар тачигнаж байсан учир алхдаг иргэд нийтийн тээврийг сонгож, ачаалал нь хэрэндээ тулав. Иргэд хамгийн багадаа 30 минут, цаашилбал цаг гаруй автобус хүлээж, зарим нь тэсгэл алдаж, боломжтой нэг нь таксидаж, боломжгүй нэг нь алхсаар ажил, хичээлдээ арай гэж залгасан юм. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хүртээмжийн асуудал дахин хөндөгдөж, өнөө хэр нь энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгаа эрх баригчдад ундууцах иргэд олширсон юм. Дайны хажуугаар дажин гэгчээр хүйтний эрч эрс чангарахтай зэрэгцээд дизель түлшний олдоц хомсдсон юм. Үүний улмаас автобус бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна гэх хардлага ч олон нийтийн дунд бий болов. Түүнчлэн автозамын ачаалал ч эрс нэмэгдэж, иргэд зам дээр "тэг" зогсолт хийсэн юм. Ямартай ч хавьд үзэгдээгүй огцом хүйтнийг нийслэлчүүд унаа, тэрэгний бэрхшээлийн хамт даван тууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ улс яанаа

    0 0 Хариу бичих
    • Тэгж байхдаа таарсан улс ч юм би л үү

      0 0